Ж.Энхбаяр: Ардчилсан Ерөнхийлөгч ард түмнээсээ асуух шаардлагагүй гэж үздэг л юм байна
2011.07.06

Ж.Энхбаяр: Ардчилсан Ерөнхийлөгч ард түмнээсээ асуух шаардлагагүй гэж үздэг л юм байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа

Ард нийтийн санал асуулга явуулахаар хоёр бүлэг тохиролцлоо гэж өнгөрсөн баасан гаригт мэдэгдэж байсан. Гэтэл АН-ын бүлэг тохирсон зарчмаасаа буцаж эхэллээ. Энэ шийдвэрийг нь та яаж харж байна вэ?

-АН үнэт зүйлээсээ л татгалзаж байна. Ардчилал нэг намын өмч биш. Цөөн хэдэн эрх мэдэлтний ч өмч биш шүү дээ. Энэ бол ард түмний өмч. Хорин жилийн өмнө ингэж л бодож энэ нийгмийг байгуулсан.


- Бүлгийн дарга Ч.Сайханбилэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулах хугацаагүй болчихлоо. Сонгуулийн хууль бол жижиг асуудал гэж мэдэгдсэн. гэхдээ энэ нь гол шалтгаан биш. Харин Ерөнхийлөгчтэй булгийн дарга нар уулзсаны дараа АН-ынхан тохирсон зарчмаасаа ухарлаа гэж харж байх шиг байна?

-Ардчилсан Ерөнхийлөгч маань ард түмнээсээ асуух шаардлагагүй гэж үздэг л юм байна. Тэрийг нь АН бас дэмжиж байгаа юм байна. Би хувьдаа өнөөдөр Монгол орон түүхэн, шийдвэрлэх үеийн босгон дээр байгаа гэж ойлгодог. Ялангуяа сонгууль ямар болохоос Монгол орны ирээдүйн хөгжлийн хувь заяа ихээхэн хамаарна. Эрдэс баялаг, эрчим хүчээр бүс нутагтаа төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөөлөхүйц чадавхтай орон болох нь улам бур тодорхой боллоо. Дэлхийн их гүрнүүд, үндэстэн дамнасан корпорациудын сонирхол Монголд одоо зөрчилдөж эхэллээ. Үүний тулд Монгол дахь байр сууриа бэхжүүлэхийн төлөөх далд өрсөлдөөн хэдийнэ эхэлсэн байна. Дэлхий нийтэд болж байгаа янз бурийн нэртэй өнгөт хувьсгалаас энэ бүхэн тодорхой л харагдаж байна шуу дээ.
Хувьсгал болгоны цаана эдийн засгийн эрх ашиг, эрчим хүчний нөөцийн  төлөөх тэмцэл өрнөж байна. Хүссэн хүсээгүй асар их хэрэглээнд тулгуурласан энэ капиталын нийгэм оршин тогтнохын тулд нөөц л хэрэгтэй.

Тэр нөөц нь Монголд байгаа юм. Тиймээс 2012 оны сонгууль улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, улс төрийн хучин чадалтай болгох ёстой. Өнөөдөр улс төрийн хоёр том нам зарчмын ийм хол байр суурьтай байгаа нь ирээдүйн аюулыг бий болгож байна. Үүн дээр нь янз бүрийн тоглолтууд бий болж болзошгүй гэж би бодож байгаа. Үүнээс л урьдчилан сэргийлэх гол вакцин бол бух нийтийн санал асуулга. Ард түмнээсээ асуух. Гэтэл АН жалга дов, тэр орон нутаг, малчин ард түмнээсээ яагаад татгалзаад байгааг би ойлгохгүй байна. Тэр жалга довонд чинь Монгол орны үнэт зүйл тээгдэж байдаг юм, тэнд байгаа өвгөдийн бор авдарт. Өнгөрсөн хорин жил бид янз бурийн нэртэй, эрээн цаасанд хууртсан. Одоо бол монголчуудын нүдний өнгөний ялгаа арилсан гэж би боддог.

-Эрх барьж байгаа хоёр намын байр суурь ийм зөрүүтэй байгаа нь янз бүрийн золиос болох магадлалыг нэмж байна гэлээ. Тэгвэл АН-ынхан 38:38 руу буулт хийж байр сууриа ойртуулахыг хичээж байна шүү дээ.Үүнийг нь дэмжиж болохгүй гэж үү?

-Намууд ингэж тоогоор наймаалцах нь зохимжгүй гэж би үзэж байгаа.Аль нэг намрын эрх ашгийг илүү тавьж болохгүй.Тоо сонин биш, гол зарчмаа ард түмнээсээ асуух ёстой юм.Ард түмэн шийдэг л дээ тийм үү. Намыг сонгох уу хүнийг сонгох уу, тоо нь ямар байх юм гэдгийг ард түмнээрээ л шийдүүлье.

-АН-ын зарим гишүүн "МАН-ын настай гишүүд нь биднийг дэмжиж байгаа. Харин мөнгөтэй залуус нь мажоритарийг тулгаад байгаа юм" гэж ярьж байхыг сонслоо. Энэ үнэн үү?

-Би сая хэлсэн дээ, тоо сонин биш ээ гэж. Ялангуяа манай намын залууст. Бид ирээдүйгээрээ амьдарч байгаа. Ирээдүй зөв, баталгаатай байх ёстой шүү дээ. Монгол Улсын хамгийн чухал түүхэн шийдвэр нь Сонгуулийн хууль болох гэж байна. Яг энэ цаг үед шүү. Би энэ утгаар нь асуудлыг хараасай гэж хүсэж байна. Энэ бол Монгол Улсын шийдвэрлэх сонгууль өнгөрсөн хорин жилийн алдаа, оноогоо дэнсэлж байна, бид. Өрх бүр, аж ахуйн нэгж бур хорин жилийг дүгнэж байна. Ардчиллын гэсэн энэ хорин жилд алдав уу, онов уу. Яагаад ард түмний амьдрал туйлдаад байна. Яагаад нийгмийн баялаг шударга бус хуваарилагдаад байна. Яагаад хун амын 80 хувь болсон залуус ирээдүйдээ итгэл муутай байгаа юм бэ. Яагаад тэдэнд нийгмийн баялгаас хүртэл боломж хязгаарлагдмал байна вэ. Энэ олон яагаад гэдэг асуултыг зайлшгүй шийдвэрлэх олон шийдвэрүүд хүлээж байгаа. Үүнийг сонгуулиар шийднэ. Тиймээс л ард түмэн шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой. Улс төрийн намууд өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж яагаад ч болохгүй гэж Ардын намын залуус үзсэн. Тиймээс тоо ч сонин биш.

-Гэхдээ өнгөрсөн хорин жилд болсон сонгуулиудыг бараг л бүгдийг нь мажоритараар явуулсан. Гарсан ур дун тэгээд жалга довноос хэтэрч чадсан уу?

-Сайн ч, саар ч ур дун их гарсан. Би түрүүнд хэлсэн дээ. Монголчууд гаднын гоё ганган, эрээн мяраан олон зүйлд хууртсан. Туршлага ч хуримтлууллаа. Монголчууд одоо ухаарсан болов уу. Дээр нь ийм нөхцөл, боломж бүрдэж байгаа цаг үед түүхэн сонголтоо ард түмнээрээ хийлгээд явбал улс төр тогтвортой, ирээдүй өнгөтэй болно. Яагаад гэвэл үндсэн суурь боломжууд бүрдлээ. Гэтэл үүнийг бүрдүүлэхгүйн төлөө, бий болгохгүйн тулд улс төрийн хүчнүүд, улстөрчдийн идэвх өрнөөд байгааг би сайн ойлгохгүй сууна. Энэ хүмүүс томоор хараасай. Намын эрх ашгаас улс орны эрх ашиг чухал шуу дээ. Монгол орон өнөөдөр бус нутаг, дэлхий ертөнцөд эзэлж байгаа байр суурийг бодолцож ирээдүй цаг дээр шийдвэр гаргая л даа. Ардын намын залуус үүнийг л ярьж байна. Бид энэ цаг үед ард түмэнтэйгээ хамт байх нь зөв гэж ярьж байгаа. Ирээдүйн болзошгүй аюулын вакцин нь ард түмний санал болно. Дархлаа суулгана. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигт нийцнэ. Намын эрх ашгийн дэргэд агуу зүйл шүү дээ.

-Ард нийтийн санал асуулгаар сонгуулийн тогтолцоог асуухыг МАН-ын гишүүд дэмжиж байна. Гэтэл нөгөө талд байгаа АН-ын булгийн дарга Ч.Сайханбилэг Сонгуулийн хуулийг асуух нь арай жижиг асуудал гэж мэдэгдээд байна шүү дээ?

Энэ бол түүхэн шийдвэр. Сайханбилэг ингэж хэлж байгаа бол их л жижиг харж байна даа. Намын эрх ашгаа л хараад байгаа юм байна.Ер нь шулуухан хэлэхэд бүлэглэлийн төлөө дуугарч байна.Би  Сайханбилэгийг эх орны том эрх ашгийн төлөө хараасай гэж хүсэж байна.Дахин хэлэхэд түүхэн цаг үе шийдвэрлэх цаг үе. Өнөөдөр АН-ынхан ард нийтээсээ санал асуувал мөнгө үрнэ гэж ярьж байна. 5-10 тэрбум төгрөг гэлээ. Гэтэл хэдэн зуун хүний амь, дотоодын хагарал зөрчил, улс төрийн өс хонзон, их олон юм руу энэ байдал хөтөлж магадгүй байна. Улс төрийн хоёр том хүчин нь зарчмын эрс тэс байр суурьтай байгаа нь өөрөө айдас төрүүлж байна. Ийм байхад ард түмнээсээ асууя. Ардын намын залууст тоо чухал биш ээ. Мажоритар нь байна уу, пропорциональ нь байна уу, аль нь ч байсан бид сонгуульд өрсөлдөнө. Бэлэн байгаа. Хувийн эрх ашгийн төлөөх тайлбар биш гэдэг нь ч цаг хугацаа өнгөрөх тусам харагдана.

-Ард түмнээсээ асууя гэсэн саналыг МАН-аас тавьсан. Харин МАН энэ шийдвэрийг гаргахад Удирдах зөвлөл дээрээ залуус нь их нөлөөлсөн гэх юм билээ?

-Тийм ээ, залуус идэвхтэй дэмжиж байгаа. Бид тооны хойноос хөөцөлдөлгүй намын эрх ашгаас илүү улс орныхоо эрх ашгийг илүү бодсон юм.

-Анх санал тавьдаг өдөр МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын эрх мэдэлд халдаж байна гээд Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж Э.Бат-Үүл гишүүн мэдэгдэл хийж байсан. Түүний алхмыг жишээ нь та яаж харав. Хүмүүс янз бүрээр тайлбарлаад байна?

-Улс төрийн намын удирдах дээд байгууллага нь улстөрийн шийдвэрээ гаргадаг. Шийдвэрээрээ бүлэгтээ чиглэл өгдөг. Энэ нь өөрөө бидний өнөөдөр байгуулсан нийгмийн, засаглалын мөн чанар шүү дээ. Улс төрийн намаар дамжуулж л УИХ-д үйл ажиллагаа явуулдаг биз дээ. Ялангуяа эрх барьж байгаа намын хувьд томоохон шийдвэр гаргахдаа зайлшгүй Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэх ёстой. Энэ бол түүхэн хариуцлагатай шийдвэрт тун хариуцлагатай хандаж байгаагийн илрэл.

-МАН-ын пропорционалиас татгалзаад байгаа бас нэг шалтгаан нь хэдхэн хоногийн өмнө Улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлсэн МАХН юм биш үү?

-Яах вэ жижиг хараад байна. Тэр жижиг нам, нэг хоёр хүний мөнгөний асуудал улс орны хувь заяа биш шүү дээ. Хариуцлагатай хэлэхэд, Ардын намын залуус ирээдүйн төлөө, тогтвортой байдлын төлөө явж байгаа. Түүнээс өөртөө нийцүүлж сонгуулийн тоо ярихгүй. Тоог ард түмэн яаж шийднэ тэр дагуу улс төрийн намууд өрсөлдөх ёстой. Ний нуугүй хэлэхэд, улс төрийн намууд өнөөдөр хэт өөрсдөдөө нийцүүлсэн хуулиуд хийж байгаагаас нэр хүнд нь асар их унаж байгаа. Өөрсдөдөө зориулж шийдвэр гаргасаар байгаа нь ийм байдалд хүргэсэн шүү дээ. Тийм болохоор ард түмнээрээ шийдвэр гаргуулъя. Тэр шийдвэрт нь нийцэж улс төрийн намууд өөрчлөгдөг.Энэ нь ч намуудад хэрэгтэй.

-Асуулгад эргэлзэж байгаа улс төрийн хүчнүүд байна. Амьдралд нэг ч удаа хэрэглэж үзээгүй Ард нийтийн санал асуулгын хуулиар энэ асуулгыг туршиж болохгүй гэж байна. Хяналт, хариуцлагын механизм сул хуулиар явуулсан асуулгын дүнг яг л сонгуулийн үр дүнг өөрчилдөг шигээ өөрчилчихнө гэх?

-Үгүй. Бид цөөхүүлээ ш дээ. Хяналтаа сайн тавина биз. Олон түмнээрээ шийдэх болохоор түүхэн шийдвэр гарна. Эдийн засгийн, нийгмийн хөгжлийн салаа замын уулзвар дээр байгаа Монгол Улс засгаа яаж байгуулах вэ, хэнээр төлөөлүүлэх вэ гэдгийг шийдэх түүхэн асуулга байх болно. Эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах томоохон шийдвэр болно. XX зуунд улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн санал асуулгатай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой. Тэгэхгүй бол өнөөдөр нийгмийн бодит байдал ямар байгаа билээ. Хар л даа. Гадуур жагсаал цуглаан болж, төр засгийг ард түмэнтэй нь эвдрэлцүүлж, холдуулж, зөрчилдүүлэх бүх л бодлого асар хүчтэй эрчимжлээ.Үүнийг би хувьдаа сэжигтэй харж байна.

-УИХ өөрт байгаа эрх мэдлээ яагаад хэрэгжүүлэхгүй гээд зүтгээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч ч хэлсэн байсан. Сонгуулийн хуулийг батлах нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Та бүхэн чинь ард түмнээс мандат авсан хүмүүс шүү дээ?

-Бүрэн эрхтэй. Гэхдээ энэ дээр жинхэнэ МАНАН болж болохгүй.

-УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авч байж асуулга явуулах боломжтой. АН-ын гишүүдийн кнопгүйгээр энэ бүтэхгүй шүү дээ?

-Оролдох ёстой. Олон түмэн дэмжих байх. Ард түмнээс асуухаас юундаа айгаад байгаа юм бэ.

-Танайх асуулгаа зүтгүүлж, АН-ынхан гэдийгээд байвал нөгөө ойлгомжгүй байдал дахиад л үргэлжилнэ. Шийдэл нь юу болох вэ?

-Олон түмнээрээ хэлэлцүүлэх нь шийдэл. Та бүхний үүрэг энэ шүү дээ. Олон түмнээсээ асуу. Яг энэ цаг үед ингэхгүй бол улстөрчид нийгмийн баялаг дээр алалцахын төлөө, яасан ч ханаж цаддаггүй юм бэ дээ. Тэр шунал нь ч барагдахгүй нь. Бүгдийнх нь зорилго тэр. Баялаг хуваах, мөнгөнд гар дүрэх л зорилготой байгаа. Тиймээс одоо л өөрчилж суурь зүйлээ хийе. Ард түмнээсээ асууя. Болдог бол төрийн албаны реформ хиймээр байгаа юм. Бүтцийн бөгөөд боловсон хүчний шүү дээ. Төрийг төр шиг болгох ёстой. Эдийн засгийн, татварын тогтолцоогоо ч цоо шинээр гаргаж ирэх хэрэгтэй. Монголд дундаж чинээлэг иргэдийг бий болгохын төлөө бодлого гаргах ёстой. 2012 оны сонгууль үүнд их нөлөө үзүүлнэ.

-Энэ чигээрээ яваад байвал Энэтхэг шиг л баян, ядуус нь ялгарах байх?

-Энэтхэг бол тэрбум хүнтэй. Хөдлөөд хөдлөөд хаачих ч үгүй. Хоёрхон сая монголчууд бол хэцүү. Эрх чөлөөний асар их мэдрэмжтэй Монголын ард түмэнд хэт баян, ядуугийн ялгаа сөрөг нөлөөлнө. Татвар, эдийн засгийн ийм бодлого дахиад таван жил үргэлжлэхэд нийгмийн тогтворгүй байдал бий болно. Хэт баян ядуугийн ялгаа монголчууд бие биеэ үзэн ядахад хүргэнэ. Оршин тогтнож байгаа нийгмийн үнэт зүйлс эвдэгдээд эхэлнэ. Үүнийг л яаралтай засаж залруулах цаг үе ирж байна. Хэт хээнцэрлэл, хэт тансаглалыг хязгаарлах ёстой. Энэ бий болсон хөрөнгийг ирээдүйн хөгжлийг хангах, ажлын байр бий болгох үйлдвэрлэлд хаях хэрэгтэй. Боловсролын салбараа шинэ шатанд гаргах, эрүүл мэндийн салбарыг эрс сайжруулах ёстой. Тэгэхгүй олсон мөнгөө улс төрийн намууд нь амлалтад тараагаад, Ерөнхийлөгч нь ч бас тараагаад байж болохгүй. Тиймээс л ард түмнээсээ асууя.

-Ард түмнээсээ асуугаад гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлж чадах уу. 2008 оны сонгуулиар ард түмэн эрх барьж байгаа энэ намуудыг хаана, хаана байхыг заагаад л өгсөн. Гэтэл стандарт бусаар эвсээд л явж байна шүү дээ?

-Асуугаад шийдсэн бол хууль тэр дагуу хайрцаглагдах ёстой. Бүх нийтийн санал асуулгын улс төрийн хүчин чадал нь тэндээ байдаг юм. Нэгэнт ард түмэн шийдсэн бол ямар ч нам, хэнбугай ч үгүйсгэж чадахгүй.

-Хоёр нам гэрээ байгуулахдаа тохирсон Сонгуулийн хууль дээр хүртэл ойлголцож чадахгүй байгаа нь хамтарсны ач холбогдол байхгүйг илтгээд байгаа юм биш үү?

-Яах вэ, эдийн засгийн хэд хэдэн шийдвэр урагштай явж байгаа. Хамтарсан байдал нь улс төрийн намуудад асар их хортой. Төлөвшилд нь муу. Парламентын засаглалд хортой. Ялангуяа эрх барьж байгаа олонх болсон МАН-д туйлын хортой. Гэхдээ улс орны эрх ашигт нийцтэй. Ардын нам олонх бүрдүүлсэн ч гэсэн бид хохирол хүлээгээд улс орны томоохон асуудлыг авч явах гээд хичээж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.