2010.07.01

Н.Энхболд:Төрийн эрхийг булааж авна гэж ярьж байгаа энэ үед хуулийн давхар хамгаалалт хэрэгтэй

УИХ-ын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Нямаагийн Энхболдтой ярилцлаа.

-Нэн түрүүнд Таниас сонирхож асуух зүйл бол Сонгуулийн хууль. Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар ямар амжилтад хүрээд байна вэ. Төслийг хэлэлцүүлэгт оруулах бэлтгэл ажлын хэдэн хувь хангагдав?

- Д.Лүндээжанцан, Л.Болд нарын төслийг нэгтгээд холимог, хувь тэнцүүлсэн гэсэн хоёр хувилбар боловсруулаад байна. Түүнийгээ Бүлэг, Байнгын хороогоор хэлэлцсэний  дараа аль нэгийг нь сонгосноор хэлэлцүүлэг үргэлжилнэ.

-МАН нэр дэвшигчээр, АН намын нэрээр санал авна гэсэн зөрүүтэй зүйл бий. АН-ынхан 26 тойрогт нэр дэвшээд унасан хүнээ намын авсан саналд багтааж, УИХ-д суулгах тухай буюу шилжиж сонгогдох тухай ярьж байгаа. Эдгээр асуудлаар ойлголцолд хүрэх боломж бий юу?

-Олон орны Сонгуулийн хуулийг бид судалсан. Таны хэлсэн хувилбарын аль алийг нь хэрэглэдэг юм билээ. Улсын Бага Хурал /УБХ/, УИХ-аар сонгуулийн талаар  ярьж байсан протоколуудтай бид танилцсан. Тухайн үед тогтолцооны хувилбаруудын талаар ярьж байгаад шийдэлд хүрэлгүй орхиод хүнээр санал хураах хэлбэрийг сонгосон юм билээ.

Нам, нэрээр санал хураах уу гэдгээр бид маргаж, адгийн зарга арав хоног гэгч болж магадгүй.  Үндсэн хуульд шууд гэсэн үг бий. Түүнийг улс орнууд янз бүрээр тайлбарладаг. Монголын хувьд үүнээс болж асуудал үүсэж болзошгүй. Үндсэн хуулийн цэцэд хэн нэг нь хандаад зарга үүсгэвэл  сонгуулиа шинэ хуулиар явуулж болзошгүйд хүрч магадгүй гэсэн  болгоомжлол бас бий. Хувь тэнцүүлэх хэлбэрээр явуулсан тохиолдолд Үндсэн хуулийн шууд зарчим хөндөгдөхгүй гэж би хувьдаа үзэж буй. Шилжиж сонгогдох нь буруу. Сонгогчид тухайн нэр дэвшигчид дүнгээ тавьчихаад байхад намын нэрээр УИХ-д орж ирэх нь зохисгүй. Хувь хүндээ ч ямар байх юм.

-Олон орны Үндсэн хуульд сонгуультай холбоотой “шууд” гэсэн үг байдаг юм байна. Үүнийгээ сонгогч саналаа хэн нэгний дамжлаггүйгээр өгөхийг хэлдэг аж. Гэтэл УИХ дахь намын бүлгүүд  энэ үгэнд хэтэрхий “ач холбогдол” өгөөд байгааг юу гэмээр юм?

-Шууд, шууд бусын тухайд Ажлын хэсгийнхэн олон орны Сонгуулийн хуулийг судалж үзсэн. Тэгэхэд сонгогч саналаа биеэрээ ирж өгөхийг шууд гэнэ  хэмээн үздэг юм билээ. Түүнээс бус Энхтөр гэдэг хүнийг сонгох нь шууд зарчим биш гэж ойлгогдож буй. Би ч хувьдаа энэ талд байгаа. УИХ-ын гишүүд, бүлгүүдийн хооронд  шууд, шууд бусын  асуудлаар ойлголтын зөрүү нэгэнт бий болсон учраас энэ маргааныг хагалж таарна.

-Хагалах газар нь Цэц…

-Цэцийн дүгнэлт болон Дээд шүүхийн тайлбар гарч байж маргааныг нэг тийш нь шийдэх байх.

-Тэгэхээр шууд гэсэн үг тойрсон гацаа үүсжээ гэж ойлгож болох уу?

-Үг тойрсон гацаа гэх ганц утгаар ойлгоход төвөгтэй. Ямар тохиолдолд бид, би засгийн эрх авах гэдгээ улс төрийн нам, УИХ-ын гишүүд бодож л таарна. Гишүүн бүр энэ тухай бодож байгаа. Ер нь хаана ч тийм л байдаг. Энэ хандлага бидний ажилд, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөн шинэчлэх явцад гол нь нөлөөлж байна.

-АН-ын санал болгож буй шилжиж сонгогдох, МАН-ын нэр дэвшигчээр санал авах гэсэн хувилбарыг  олон хүн таашаахгүй байна. Үүнээс болж “үзэж тарж” байгаа байх гэж бас ойлгож байгаа?

-Үүснэ л дээ. Сонгуулийн хууль маш төвөгтэй эд. Энэ хуулийг баталж байгаа хүнд өөрт нь шууд нөлөөлдөг учраас хэцүү. Бусад хуулийн хувьд өөрийн нь эрх ашигт шууд нөлөөлдөггүй учраас өөр байдлаар ханддаг. Ний нуугүй хэлэхэд, бүлгүүдийн гишүүдийн байр суурийг харж байхад хувь хүний эрх ашгаа илүүтэй бодох гэдэг. Үгүй юм гэхэд өөрийн болон улс-олон нийтийн эрх ашгийг 50:50 хувиар авч үзэх гэж хичээдэг нь ажиглагддаг. Ямар ч үед ийм л байсан.

-Шударга сонгууль, ардчилал, улс орны эрх ашгийн дэргэд уг нь нам, хувь хүний асуудал дэндүү жижиг юм. Гэтэл эрх ашгийн энэ дараалал алдагдаад байна. Ажлын хэсгийн ахлагч, сонгуулийн хуулийн төслийг зангидаж байгаа хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Эрх ашгийн эрэмбэ алдагдаад буй нь үнэн. Улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хууль батлах ёстой, бид. Гэтэл хувь гишүүний эрх ашгаа улсынхаас илүү бодож байгаа гишүүд байна. Дахиад ний нуугүй хэлэхэд, олонх нь тэгж бодож байгаа байлгүй дээ. Улстөрч хүний хувьд намаа ялуулах талаар бодох нь зөв. Гэхдээ эрх ашгаа ядаж тэнцвэржүүлмээр байгаа юм. Энэ мэт асуудлаас болж  байгаа сөрөг зүйл бий, нуухгүй.

-Н.Энхболд гэдэг улстөрчийн эрх ашиг одоо ямар  дараалалтай байгааг  сонирхъё л доо?

-Мажоритарын олон хувилбараар сонгуулиа явуулж  үзсэн, бид. Түүнээсээ авсан туршлага, намын жагсаалтаар УБХ-ыг  байгуулсан зэргийг эргэж харах хэрэгтэй. УБХ-ын хэлбэрийг ашиглахад болохгүй гэх зүйлгүй.

Сонгогчдын санал гээгдэж байна гэдгийг олон нийт их шүүмжилдэг. Намуудын авсан саналын зөрүү 10-20 хувь байхад УИХ-д очихоороо 90:10-ын харьцаатай болчихдог нь үнэндээ шударга бус зүйл. Шударга бус энэ явдлыг тогтолцоогоор өөрчилж болно. Миний сонгох, сонгогдохгүй нь хамаа алга. Хамгийн гол нь нийгэмд бухимдал үүсгэхгүй байх нь хамгийн чухал. Энэ байдлыг засахгүй бол “долдугаар сарын 1” давтагдахыг үгүйсгэхгүй. Алдаагаа засахгүй бол миний, таны үр хүүхэд, Монголын ирээдүй, хойч үе эмх замбараагүй нийгэмд амьдарч магадгүй нь.

Зарим асуултад тань Ажлын хэсгийн ахлагчийн хувиар биш хувь гишүүнийхээ үүднээс хариулж байгаа ойлгоорой. Та ч намайг илэн далангуй ярилцахыг хүслээ.

-Магадгүй биш байх аа. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй, хувийн болоод намын гэсэн өчүүхэн эрх ашгаасаа холдож чадахгүй бол 2012 оны сонгуулийн дараа “долдугаар сарын 1”  давтагдаж мэднэ. Би хувьдаа үүнийг  огтхон ч үгүйсгэхгүй байгаа?

-Улс төрийн шинжлэх ухааныг шинжлэх ухаан биш гэж үздэг. Шинжлэх ухаан бол системтэй мэдлэг, үр дагавар нь тэр мэдлэгийнхээ дагуу гардаг цогц мэдээллийг шинжлэх ухаан гэж байгаа юм . Улс төр тийм биш. Энэнээс болоод ийм юм болчихлоо гэж шууд дүгнэхэд  хэцүү. Гэхдээ “долдугаар сарын 1”-ний  эмх замбараагүй байдлын нэг шалтгаан нь сонгуулийн тогтолцоонд байсан. Буруу тогтолцоогоор явуулсан сонгуулийн дүнд бухимдсан иргэдийг гадна, дотноос нь хатгаж дэвэргэсэн болов уу гэж  дүгнэдэг. Олон л шалтгаан бий байх.

-Сонгуулийн дүнд бухимдсан залуус дээр  нэр бүхий улстөрч, зарим иргэний хөдөлгөөний гэх хүмүүс  “ажилласан” нь  одоо маш тодорхой болсон ч хууль, хүчний байгууллагынхан тэднийг яаж ч чадахгүй байна. Тийм учраас л “2012 оны долдугаар сарын 1”-нийг хүлээж эмх замбараагүй байдал үүсгэхийг хүсэж, төлөвлөсөн  хүмүүс байгааг Та анзаарсан уу?

-Сонгуулийн дүнг эсэргүүцсэн  хүмүүсийн бухимдалд дөрөөлж үймээн самуун дэгдээх оролдлого зарим хүний мөн чанартай холбоотойгоор гарч мэдэхээр байгаа юм. Ингэж байж өөрсдөд ашигтай нөхцөл үүсгүүлэх гэхийг үгүйсгэх арга алга. Энэ бол аймшигтай.  Түүнээс сэргийлэхийн тулд намууд нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Ийм байдал олон удаа давтагдах аваас нийгмийг маш эмзэг байдал руу аваачих болно.

Бүх зүйл шударга, хуулийн хүрээнд дэг журамтай байж чадвал өнөөдрийн Монгол Улсын ирээдүй гэгээтэй, хөгжих асар их боломж байна. Монголчуудад эх оронч сэтгэл нь  байна. Үндэсний аюулгүй байдлаа  хамгаалах үзэл санаа, ухамсар байна. Эв найртай байж чадвал их боломж байна. Тусгаар тогтнол, оршин тогтнохуйн ойлголт байгаа цагт бидний монголчуудыг сайхан ирээдүй хүлээж байгаа шүү. Үүнийгээ эвдүүлмээргүй байна. Сонгуульд ялагдсан ч гэсэн түүнийгээ хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй байна. Ийм болохын тулд сонгуулийн зөв тогтолцоо хэрэгтэй.

-Тийм учраас л хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоог олон нийт шаардаж, хүлээлт үүсчихээд байна. Манай сонин ч энэ УИХ-аас гарах түүхэн шийдвэрийн нэг нь сонгуулийн ардчилал, шинэчлэл  байгаасай гэж хүсэж байгаа?

-Сонгуулийн гажиг гэдэг дээ. Түүнийг засахын тулд эхлээд тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ. Сонгогчид аль нэг намд 40 хувийн санал өгсөн бол УИХ-д 40 хувийн суудал авах ёстой байхгүй юу. Сонгогчдоос 20 хувийн дэмжлэг хүлээсэн нам түүнтэйгээ дүйцэх суудал авсан бол маргаан гарахгүй шүү дээ.

-“Долдугаар сарын 1” монголчуудын сэтгэлд аймшигтай хар толбо үлдээсэн. Гэтэл 2008 оны үймээний өмнөх үеэс 2012 оны долдугаар сарын 1-ний өмнөх үйл явц маш эгзэгтэй болж магадгүй байдал ажиглагдах боллоо. МАХН түүнийг тойрсон бүлэглэлийн зүгээс Ерөнхийлөгчийн засаглал, хувьсгалын тухай ярих болсноос энэ асуулт урган гарч байна. Нөгөө талд байгаа  МАН-АН-аас үүсэж магадгүй нөхцөл хариуцлага шаардаж байна. Болзошгүй байдлаас сэргийлэх хамгийн том шийдэл бол сонгуулийн тогтолцоогоо шударга болгох. Таны хувьд, эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийж амжив уу?

-Зөв, дэвшилттэй, шударга сонгуулийн тогтолцоо сонгох эсэхийг цаг хугацаа харуулна даа.

-Харамсалтай нь цаг хугацаа үрэгдээд байдаг…

-Одоогийн тогтолцооноос болж элдэв явдал болвол тухайн үедээ үнэхээр бидний буруу байж  гэж ярих байх. Нөхцөл байдлыг урьдчилж хэлэхэд түвэгтэй. Би хандлага, зарчмын тухай яриад л байгаа.

Намрын чуулган завсарлахын өмнө би бүлгийнхээ даргад бүр хүсэлт гаргаад  мэдээлэл өгсөн юм. Сонгуулийн хуулийнхаа төслийг дахиад нэг яръя гээд Ажлын хэсгийнхээ явцыг тэр үед танилцуулсан. Янз бүрийн л санаа бодолтой гишүүд байна лээ. Тогтолцооны буруугаас болж сүүлд нь янз бүрийн нөхцөл байдал үүсэх хувилбарууд бий шүү. Тийм зүйл ажиглагдаж байгаа гэдгээ ч бүлгийнхэндээ хэлсэн. “Долдугаар сарын 1” давтагдахыг үгүйсгэхгүй. Өмнө нь үймээн самуун гарчихсан. Нийгэмд хүлээлт бий болчихсон үед тогтолцоогоо өөрчлөхгүй бол олон түмэн сэтгэл дундуур л үлдэх байх. Тийм хүчин зүйлээс болж элдэв явдал болно гэхэд хэцүү ч түүн дээр нь тоглох хувилбарууд харагдаад байна.

Сонгууль болоход нэг жил хагас сарын хугацаа байхад л засгийн эрхийг  хуулийн бус аргаар авъя, засаглалын хэлбэрийг солъё гэсэн яриа хөөрөөтэй хүмүүс байгаа юм чинь муу тогтолцоотойгоо үлдвэл бүр ч  хүнд нөхцөл үүсэж мэднэ.

-Хувьсгал хийе гээд Ерөнхийлөгч асан, танай экс дарга олон түмнийг уриалж хүчээ зузаатгаад байх шиг байна?

-1921, 1990 онд монголчууд хувьсгалаа хийчихсэн гэж би үздэг. Түүнээс бус хэсэг бүлэг сонирхлынхоо дагуу засгийн эрх авахыг хэлэхгүй л дээ.  Сүүлийн 20 жилд монголчууд эрх чөлөөтэй болж, өөрөө сонголтоо хийдэг болсон. Хувьсгал хийх гээд байгаа хүмүүс олж авсан энэ эрх чөлөө, ардчиллыг юугаар солих гээд байгааг нь ойлгохгүй байгаа. Ардчилсан нийгмээ бид байгуулсан. Гагцхүү хуулийн дор амьдрах ёстой. Хувьсгал хийх гээд байгаа бол шударгаар сонгуульд орог л доо. Тэгээд засгийн эрх авбал хүсээд байгаа Ерөнхийлөгч, хаант засаглалаа тогтоо.  Хуулийн бус аргаар төрийн эрх авах гэж байгаа бол гэмт хэрэг. Харамсалтай нь тэдний хүсэл эрмэлзэл, муухайгаар хэлбэл шунал нь болохгүй юм даа. Нийгэмд хэчнээн замбараагүй байдал үүсгэнэ, тэр нь бидэнд ашигтай гэсэн хувилбараар асуудалд хандаад байна уу. Дэндүү хариуцлагагүй байна даа л гэж дүгнээд байгаа.

-Та анзаарагдаж байгаа зүйлийн талаараа ярилаа. Мэдрэгдээд эхэлсэн юм байна уу?

- Дотоод итгэл үнэмшил маань арай тэгэхгүй байлгүй дээ гэдэг талдаа байгаа ч энэ хүмүүсийн үйлдлийг үнэхээр хариуцлагагүй юм гэж харж байна. Монголын ардчилал залуу, хүний амын 70 шахам хувь нь залуучууд. Энэ их хүчийг арай ч эргүүлж түвдэхгүй биз дээ. 2008 онд нэг өдрийн үймээн болоод өнгөрөхөд монголчууд хэчнээн их тэвдэв. Таван хүнээ алдлаа, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Монгол Улсын гадаад нэр хүнд яаж унав. Нийгмийг бүхэлд эргүүлж чадахгүй ч хэдэн өдрийн үймээн дэгдээхэд л монголчуудад маш хүндээр тусна. Ийм  байдлаа энэ хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ.

-Хүн амын 70 хүртэл хувь нь залуучууд. Үзэл бодол нь төлөвшөөгүй энэ хүмүүсийн тархийг угааж, эргүүлэхэд хялбар биш үү. Миний хувьд энэ хүчнээс болгоомжилдог. Таныг яриаг сонсоод Бат-Үүл гишүүний санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаанд орлоо. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахын эсрэг агуулгаар санаачилсан байна билээ. Үүл гишүүнийг нэг “юмны үнэр” авчихаад л хуулийн хамгаалалт хийгээд байна гэж ойлгоод байгаа?

-Төслийнх нь талаар бид хоёр санал солилцож байсан. Уг нь одоогийн хүчин төгөлдөр зарим хуульд төрийн эрхийг хууль бусаар авахыг хориглоно, тэгэхийг гэмт хэрэг гэж үзнэ гэсэн заалт бий. Тийм байсаар байтал хуулийн давхар хамгаалалт хийнэ гэснийг нь дэмжиж байгаа.

Төрийн эрхийг авна, булаана гэж ярих болсон үед   хуулийн найдвартай хамгаалалт зайлшгүй хэрэгтэй. Монголчууд  өөрсдийн хүссэнээр амьдарч болох юм гэдгээ гүнээ ухамсарлаж, ойлгож мэдэрсэн энэ цаг үед захиргаадалтын засаглалыг монголчууд  хүсэхгүй, хүлээж авахгүй гэдэгт дотроо найдаад л байна. Нийгмийг бүхэлд нь эргүүлж чадахгүй ч жижигхэн үймээн, эмх замбараагүй байдалд манайх шиг жижиг оронд үнэхээр том эрсдэл авчрах болно гэдгийг дахин дахин хэлмээр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.