Ө.Энхтүвшин: Намын бүлгүүд тохиролцоход хэцүү,ард түмэн л шийдэж чадна
2011.07.06

Ө.Энхтүвшин: Намын бүлгүүд тохиролцоход хэцүү,ард түмэн л шийдэж чадна

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс зарим асуултад хариулт авсан юм.

-Ардчилсан намын бүлгээс дэвшүүлсэн 38:38 гэсэн харьцааг хүлээж авах боломжтой юу?

-Энэ саналыг өнөөдөр ч биш, нэлээд эртнээс тавьсан. Манай  бүлэг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Манай байр суурь 52:24 дээр хатуу байгаа. УИХ-ын гишүүдийн олонхыг мажоритар буюу хүнэЭ шууд сонгох тогтолцоогоор сонгоё, цөөнх буюу 24 нь намын нэрээр байж болно гэж үзсэн. Ард түмний төлөөлөл олон байх нь зөв. Ер нь намын бүлгүүд тохиролцоход хэцүү байна, ард түмэн л шийдэж  чадна.


-Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахад амаргүй, зардал ихтэй гэж мэдэгдсэн?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахад төвөгтэй нь үнэн. Хугацаа шаарддаг. Ардчилсан намынхны хэлж байгаачлан Сонгуулийн хуулиар санал асуулга явуулахад бэлтгэл хангаад байх зүйлгүй. Хүнээ сонгох уу, намыг нь эхэлж сонгоод нам нь хүнээ сонгох зарчмыг авах уу гэсэн хоёр асуулт л бий. Зарим хүн 10 тэрбум төгрөгийн зардал гарна гэж байгаа. Бидний тооцоогоор гурав орчим тэрбум төгрөгт багтана. Тойрог, хэсгийн хороонд ажиллах хүний цалин, сурталчилгааны зардал л гарах байх.

-Монгол Ардын Намын дарга асан С.Баяр таван төгөлдөршилдөө сонгуулийн тогтолцоог өөрчлөх шийдвэр гаргасан. Сонгуулийн тогтолцоог мажоритар давамгайлсан хэлбэрээр явуулбал мөнгөний сонгууль үргэлжилнэ гэсэн яриа гарч байна.

-Сонгуулийн хуулиар тойрогт мөнгө хаяхыг хаасан. Үнэхээр мөнгө хаяад УИХ-д гарсан бол эргүүлэн татах ёстой. Үүнийг бусад асуудлаар шийдэж болно. Ардын намын зүгээс ард олны санал бодлыг тандахад хүнээ харж сонголт хийнэ гэж байгаа. Түүнд үндэслэн манай нам 52:24 хувилбарыг сонгосон.

-Монгол Ардын Намаас тогтоолын төсөл өргөн барих юм байна. УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын санал авна гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

-Ямар ч байсан өргөн барина. Ард түмнээсээ асууя гэхэд татгалзахгүй гэж бодож байна.

-Оны өмнө санал асуулга явуулж амжих уу?

-Санал асуулгыг Сонгуулийн хуулиар явуулбал амжина. Ирэх есдүгээр сард багтаах бололцоотой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр явуулахад оны төгсгөл рүү байж болно.

-УИХ-ын хаврын чуулганыг сунгасан ч Ардчилсан намын бүлэг дахин гацаалаа. Энэ долоо хоногт ямар асуудлуудыг хэлэлцэх байсан бэ?

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэл гээд үлдсэн хугацаанд зайлшгүй хэлэлцэх асуудал олон байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхгүй бол 2012 оны төсвийг батлах боломжгүй.

-Ингэж завсарлага аваад байх нь ёс зүйд хэр нийцэх бол?

-Хариуцлага гэж бий. Эрх биш үүнийг ухамсарлаж байгаа гэж бодож байна. Асуудлаа  шийдвэрлээд,чуулганыг үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаан, маргааш, нөгөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэх нь үү гэдгийг харах үлдлээ.

-Та "Долдугаар сарын 1"-ний ажлын хэсгийн ахлагч. Хэргийг шалгах ажлын явц ямар байгаа вэ?

-Тухайн үед хэв журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд яаж ажилласан, тэдгээрийн уялдаа холбоо ямар , байсан талаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг Үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Дүгнэлтээс үүдэн ямар ажил хийхийг хүлээж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.