Ж.Сүхбаатар: Зөвшилцөхөд амаргүй байна
УИХ-ын сонгуулийн хуулийн зөвшилцөх ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж. Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хэдийгээр зөвшилцлийн явцад мэдээлэл хийх боломжгүй байгаа ч явц нь ямар байгааг сонирхож болох уу?
-Энэ ажлын хэсгийг МАН-аас Ө.Энхтүвшин, АН-аас Ч.Сайханбилэг ахалж байгаа. Зөвшилцлийн ажил амаргүй байна. Ажлын хэсгийн ахлагч нар энэ талаар мэдээлэх учиртай тул нэмж хэлэх зүйл алга. Ажлын хэсгийн гишүүд удаа дараа уулзаж тодорхой саналуудыг тавьж, түүнийгээ хэлэлцэж л байна. Аль болох болж бүтэх талаас нь, сөрөг үр дагавраас зайлсхийх талаар санал бодлоо хэлцгээж байгаа.
-Удаа дараа хэлэлцээд ахиц гарч байна уу?
-Мухардаад байна гэж хэлэхгүй. Ахиц дэвшил үр дүнд хүрсэн эсэхээр шийдэгддэг. Тэрнээс явцын дунд ахиц гарсан, гараагүй гэж ярих нь өөрөө буруу мэдээлэл өгдөг зүйл. Тиймээс тодорхой хэлж мэдэхгүй.
-УИХ-ын чуулган ирэх сарын 1-нд завсарлах ёстой. Ойрын хугацаанд зөвшилцөж чадах болов уу?
-Үүнийг хэлж мэдэхгүй байна. Зөвшилцөл угаасаа тодорхой хугацаа шаарддаг. Хуулиараа ирэх сарын 1-нд УИХ-ын чуулган завсарлах учиртай. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хугацааг сунгах боломжтой байдаг. Байнгын хорооны даргын хувьд чуулган хугацаандаа завсарлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ зөвшилцлийн ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөхийг үгүйсгэхгүй байна. Ер нь бол хуулийн хугацаандаа завсарлуулахын төлөө байна.
-Танай байнгын хороо Сонгуулийн хуулийг хэзээ хэлэлцэх бол?
-Ардчилсан намын бүлэг завсарлага авсан учраас байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах боломжгүй байна. Харин ажлын хэсгүүд хуралдаж Сонгуулийн хуулиас бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд явах боломжтой. Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ, хэлэлцэж байна гэсээр гурван жил боллоо. Тэгэхээр амаргүй асуудал гэдэг нь харагдаж байгаа болов уу.
-Хоёр намын бүлэг юуг гэж үзэж байгаагаа мэдээлэхгүй байгаа. Яагаад мэдээлэхгүй нуугаад байгаа юм бэ?
-Хоорондоо нууцаар тохиролцож байгаа бол хардаж болно. Гэтэл хэлэлцэж байгаа асуудал тодорхой байна. Сонгуулийн хуулийг батлуулахын төлөө гурван жил ажиллаж байна. Санал зөрөлдөөнтэй хэдэн асуудал үлдсэн нь иргэдэд ил тод, нээлттэй байгаа. Холимог тогтолцооныхоо хүрээнд пропорцианаль, мажоритар элементийг ямар харьцаатайгаар хослуулах зэрэгт санал зөрөлдөж байгаа. Санал зөрөлдсөн асуудлууд дээрээ яаж харилцанбуулт хийх, яаж нэгдсэн шийдэлд хүрч зөвшилцөх нь их амаргүй байна. Тиймээс нөгөө тал ийм санал тавилаа гээд мэдээлээд байвал харилцан бие биедээ дарамт шахалт үзүүлж мэднэ. Дарамт шахалт үзүүлэх нь зөвшилцлийн арга зам биш. Харин зөвшилцөл гэдэг нь мэдээлэл солилцож санал зөрөлдөөд байгаа зүйлд шийдвэр гаргах арга замыг хайх. Одоогоор арга замыг эрэлхийлж байна. Тиймээс олон нийтэд мэдээлээд байх асуудал биш гэж үзэж байгаа.
-Сонгуулийн тухай хуулиас болж чухал ач холбогдолтой хүлээгдэж байгаа хуулиуд бий. Улс орны эрх ашигт хэрэгтэй хуулиудыг гацаах нь ёс зүйн хувьд ямар байдаг юм бол. Байнгын хорооны даргын хувьд тайлбар өгнө үү?
-АН-ын бүлгийн гишүүдэд зөвшилцөж байгаа асуудалд завсарлага авсныг ойлгож байна. Харин бусад хуулийн төслийг хэлэлцэхэд завсарлагаа зогсоож, ажиллах боломж олгооч гэж удаа дараа тавьж байгаа. Гэсэн ч АН-ын бүлэг өнөөдрийг хүртэл бүх асуудалд завсарлаг авсан хэвээр байна. Бусад асуудлаа хэлэлцээд явах нь зөв. Ганц асуудлыг бусадтай холбогдуулж байгаад шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Гэтэл АН-ын бүлгээс эхлээд гол асуудлаа шийдэхгүй нь чухал. Харин бусад нь үүнээс илүү тулгамдсан асуудал биш гэж тайлбарласан гэж ойлгосон.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30