Ө.Энхтүвшин: Ёс зүйн хороо буруу ажиллачихав уу даа
-Сонгууль болоход ердөө гуравхан сар үлдлээ. Гэтэл Орон нутгийн сонгуулийн тухай хууль гацчихлаа. Энэ янзаараа сонгуулиас өмнө хуулиа нэг тийш нь болгох болов уу?
-Хаврын чуулганы төгсгөлд УИХ дахь хоёр намын бүлгээс байгуулсан хамтарсан ажлын хэсэг дээр орон нутгийн сонгуулийг яагаад ч хамт явуулах боломжгүй юм байна гэдэг дээр тохирсон юм аа. Үүнийгээ хоёр бүлэг дээрээ яриад, аваад гарна шүү гэж ойлголцсон. Манай бүлэг тэр даруй хуралдаад хүлээж авсан. Харин АН-ын бүлгийнхэн "Орон нутгийнхан салгаж явуулах нь зөв" гэж шахаад байна гэсэн тайлбараар одоо болтол асуудлыг гацаачихлаа. Бодит үнэн бол хоёр сонгуулийг зэрэг явуулж яагаад ч чадахгүй.
Яагаад?
-Энд ямар нэгэн намын эрх ашиг байхгүй. Хоёр сонгуулийг салгавал манай намд ашигтай гэдэг ч юм уу, тийм сонирхол байхгүй. Сонгууль хүртэлх хугацаагаа тооцоод, хүн хүчээ бодохоор болохгүй байна. Жишээ нь, энэ сонгуулиар нэг сонгогчийн санал өгөх хугацаа урт болно. Яагаад гэвэл нэг хүн маш олон нэр дугуйлах хэрэг гарна. УИХ-д хүнээ сонгоно, намаа дугуйлна, дээрээс нь аймаг, суманд нэр дэвшиж байгаа тэр олон хүнийг сонгоно. Ингэхээр сонгуулийн өдөр нийт сонгогчдын ердөө 40 хувь нь саналаа өгч амжихаар байна. Тэгэхээр яаж сонгууль явах юм бэ. Ахмадууд идэвхтэйгээрээ өглөө саналаа өгчихнө. Үдээс хойш залуучууд саналаа өгч бараг амжихгүй нь байна шүү дээ. Сонгуулийн санал хураалтын цагийг хуулиар багасгачихсан. Өглөө 07.00- 20.00 цагийн хооронд бүх хүн ийм олон санал дугуйлна гэж бүтэхгүй. Үнэхээр хоёр сонгуулийг хамт явуулна гэвэл одоо нэр дэвшигчид нь тодорхой болчихсон, саналын хуудсаа хэвлээд эхлэх ёстой. Гэтэл яагаа ч үгүй байна шүү дээ. АН-ынхан 2008 онд баталсан хуулийг бариад мугуйдлаад зүтгээд байгааг нь гайхаад л байна.
-Хоёр бүлэг шийдэж чадахгүй бол асуудлыг санал хураалтын зарчмаар шууд УИХ шийдчих нь зөв юм биш үү?
-Уг нь тэр зөв. Би ингэх гэж баасан гаригт байнгын хорооны хурал хийлээ гэж ойлгосон. Тэгсэн асуудлыг бүлэг рүүгээ дахиад татчихлаа. Надад 300 гаруй сумын удирдлагаас "Хоёр сонгуулийг яагаад ч хамт явуулж дийлэхгүй шүү" гэсэн захиа ирчихсэн байгаа. Даанч АН хамтарсан засгаас гарснаас хойш бүх зүйлийг эсэргүүцдэг болчихоод байх шиг байна. Энэ долоо хоногтоо багтааж асуудлаа нэг тийш нь болгох шаардлага байна.
-Сүүлийн үед танай нам дотор нэлээд асуудал үүсээд байх шиг байна. Танайхан хоорондоо захидлаар харилцдаг болсон юм уу даа?
-Манай намын Ёс зүйн хороо буруу ажиллачихав уу даа гэж бодож байгаа. Уг нь энэ хороог манай жигүүрийнхэн ярьж, шаардаж байгаад байгуулсан байдаг. Ёс зүйн хороо анх байгуулагдахдаа арай өөр чиглэлээр ажиллах байсан санагдана. Гэтэл сая буруу ажиллачихсан юм болов уу. Намын бодлогын эсрэг хэсэг гишүүн яваад байна гэж үзсэн юм бол тэднийг дуудаад уулзчих байсан юм. Тэгээд асуудлаа ойлголцож болно. Даанч тэгсэнгүй, нэг их мундаг бичиг цаас, захиа энэ тэр болоод явчихсан нь нам дотор хүйтэн хөндий харьцаа үүсгэж байна. Ийм байхад гишүүдийн дургүй хүрэлгүй яах билээ. Үнэндээ Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн хувьд намын эсрэг зогсчихоод байгаа юм байхгүй. Ер нь цаашид хоорондоо уулзаад ярьчих л хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш бичиг цаас шидэлцээд байвал ажил явахгүй ээ. Ер нь манай бүлэгт намынхаа эсрэг бодолтой, сэтгэл санаа нь хувирчихаад байгаа хүн байхгүй. Намдаа шүүмжлэлтэй ханддаг маш олон гишүүн бий.
-Фракц байгуулна гээд яваа гишүүдийг дэмжиж байгаа юу. Та өөрөө фракц байгуулж явсан хүний хувьд?
-Фракц байж болно шүү дээ. Одоо миний байгуулсан фракц байж л байгаа. Намын Бага хурлаар хүлээн зөвшөөрөгдсөн фракц юм шүү. Фракц хэрэгтэй үедээ хэрэгтэй. Миний байгуулсан фракц намд хэрэгтэй их ажил амжуулсан. Үнэхээр фракц гэдэг зүйл намдаа тус болж байгаа бол түүнийг үгүйсгэх ёсгүй. Намынхаа алдааг засъя гэвэл фракц хэд ч байж болно. Ямар чиглэлээр ажиллах юм гэдгээ намын Бага хурлаар албан ёсоор танилцуулаад явбал буруудахгүй. Түүнээс биш хэдхэн хүн яриад, хэвлэлээр зарлаад л фракц байгуулчихгүй л дээ. Хамгийн гол нь фракцийг хэзээ байгуулбал хэрэгтэй вэ гэдгээ сайн бодох ёстой. Би бол 2004 оны сонгуулийн дараа фракц байгуулж байлаа.
-Та жигүүрийг хэлээд байна уу. Гэхдээ одоо танай жигүүр алга болчихсон юм биш үү?
-Жигүүр албан ёсоор татан буугдлаа гэсэн намын шийдвэр гараагүй. Нам зөвхөн нэрээ сольсон болохоос түүнийг дагаад жигүүр устана гэж байхгүй.
-Тэгвэл яагаад ямар ч үйл ажиллагаа явуулахгүй нам, гүм болчихсон юм бэ?
-Үнэндээ түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна.
-Гэхдээ жигүүрт байсан хүмүүс бүгд албан тушаал авсан учраас чимээгүй болчихсон байх л даа...
-Би тэгж бодохгүй байна. Миний хувьд намын нарийн бичгийн дарга байхдаа жигүүр байгуулсан шүү дээ. Үүнийг хүмүүс мэддэггүй юм. Тэгээд ч аливаа зүйлд ямагт шүүмжлэлтэй хандаж, шаардах бичиг өгч байхын тулд фракц байгуулагддаггүй юм. Намын зүгээс жигүүрийнхний яриад байгаа шаардлагыг тусгаж аваад "Үнэхээр наад яриад байгаа зүйл чинь зөв юм бол өөрсдөө хэрэгжүүлээд үз. Түүнийгээ бодитой ажил болго, үлгэр жишээ үзүүл" гээд албан тушаал өгч болно шүү дээ. Тэгэхэд нь "Үгүй ээ, бид зөвхөн шаардах бичиг л өгөх үүрэгтэй. Удирдлагаа шүүмжлэх ёстой" гээд суугаад байх юм уу. 2006 онд манай намын зарим нөхөд "Чи үнэхээр нам шинэчлэх гэж байгаа мундаг хүн юм бол Хөвсгөлийн нөхөн сонгуульд очиж өрсөлд, тэгээд намдаа нэг суудал авчир" гэж миний хор шарыг малтаж байсан. "Үгүй" гэсэн бол "За тэр харав уу, хулчийж байна, хоосон ярьж шүүмжлэхээс өөр юу ч чаддаггүй нөхөр мөн байгаа биз" гэж баалах л байсан.
-Хэрэв таныг шинээр үүсэх гээд фракцид нэгдээч, хүч нэмээч гэвэл та зөвшөөрөх үү?
-Одоо надад тийм сонголт байхгүй. Сонгууль болох гэж байхад юун фракц. Одоо би бүлгийн даргын үүрэгтэй. Ийм хариуцлагатай албан тушаал дээр оччихоод фракц байгуулна гээд явбал ойлгомжгүй юм болно. Харин бусад гишүүний хувьд фракц байгуулах эрх нь нээлттэй шүү дээ.
-Фракц байгуулах гишүүдийн зүгээс ч, зарим жирийн гишүүдийн амнаас ч МАН, МАХН хоёрыг нэгтгэх тухай асуудал хүчтэй яригдах боллоо. Та юу гэж бодож байна?
-Тийм үү. Үнэхээр ийм асуудал тавиад байгаа юм уу.
-Хэвлэлд ярилцлага өгсөн нэлээд хэдэн гишүүн ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн л дээ?
-Нэгдэх гэдэг нь юуг хэлээд байгаа юм бол доо. МАХН-тай нэг нам болохыг хэлээд байна уу, эсвэл сонгуульд эвсэл болохыг хэлээд байна уу. Энэ хоёр чинь ялгаатай шүү дээ. Чухам яаж ойлгоод байгааг нь мэдэх хэрэгтэй юм байна.
-Таныхаар яавал дээр юм. МАН-ын рейтинг муу байгаа үед эвсэх нь зүгээр юм биш үү?
-Энэ талаар нам албан ёсны шийдвэр гаргах ёстой. Түүнээс өмнө ингэ, тэг гээд яриад байх нь учир дутагдалтай. Гэхдээ энэ хоёр намыг нэг нам болоосой гэж үзэж байгаа хүн бараг байхгүй болов уу. Харин сонгуульд эвсэл болж ороосой гэсэн бодолтой хүмүүс бий байх. Миний хувьд ямар ч зүйлд нэгдмэл байдал чухал гэж боддог. Аливаа зүйл тасарч, салахаараа муу болдог шүү дээ. Өөр юу хэлэхэв. Манай намын рейтинг уначихсан гэдэг худлаа шүү. Сүүлд гарсан нэг судалгааг харахад манайх АН-аас нэг, хоёр функтээр илүү явна лээ. Хамтарсан Засгийн газраас АН гарснаас хойш манай намын рейтинг өсөөд байгаа.
-Нам хоёр тал болж хуваагдсанаасаа хойш үндсэндээ дайсан болчихлоо л доо?
-Дайсан болж болохгүй ээ. Угаасаа нэг л нам явж ирсэн. Дарга байсан хүн МАХН-ыг удирдаж байна. Тэр хүн энэ л намаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төрийн өндөр албан тушаалд очсон шүү дээ. Ардын нам Н.Энхбаяр байтугай, хамгийн том өрсөлдөгч болох АН-тай гурван жил хамтраад яваа биз дээ. Тэгэхээр дайсагналцах шалтгаан байхгүй.
-Танай бүлгээс Хувьсгалт нам руу явах хүн ч мэр сэр байгаа юм биш үү?
-Манай намын бүлгээс явах хүн байхгүй ээ. Сонгуульд нэр дэвших бодолтой, ялах гэсэн хүсэлтэй байгаа бол Ардын намаас гарч МАХН-д очоод ялна гэж боддог тэнэг хүн манай бүлэгт байхгүй. Ийм таамаглалууд нэлээд бий байх. Хувьсгалт намтай эвсэл болгоё гэж бодож байгаа хүмүүс байгааг үгүйсгэхгүй.
-Намын өнөөгийн байдал нь жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшлийг алдаад байгаа юм болов уу. Үүнийг нь шүүмжилсэн гишүүдээ нам дотроо ганцаардуулаад байна уу гэж ажиглагдаад байна л даа?
-Ганцаардуулаад байгаа юм байхгүй. УИХ-ын гишүүн ганцаардана гэж байдаггүй юм шүү дээ. Хаана ч очоод үгээ хэлж чаддаг. Бусдыг дагуулах чадалтай, нөлөөтэй хүмүүс. Тэр нь ямар нэгэн байдлаар шийдвэр болж хэрэгжиж байдаг. Тийм учраас УИХ дахь бүлгийн гишүүд нам дотроо хамгийн нөлөө бүхий хүмүүс. Зарим үед намаас явуулж байгаа боловсон хүчний бодлого зарим гишүүний санаанд нийцэхгүйгээс шүүмжлэлтэй хандаад байж магадгүй. Гэвч манай намд үнэхээр боловсон хүчин чихэлдэж байна шүү дээ.
-Боловсон хүчний арвин нөөцтэй нам гэдгээрээ МАН үргэлж гайхуулдаг. Гэхдээ сая Засгийн газарт шинээр сайд томилохдоо мэргэжлийн хүмүүсийг биш залуучуудыг сонголоо гэдэг шүүмжлэлийг танай намынхан ч хэлдэг...
-Дэд сайд нарыг яриад байна уу. Энэ томилгоог Ерөнхий сайд өөрөө хийсэн. Гэхдээ асуудлыг шийдэхдээ дур мэдэж хийгээгүй байх. Намын дэргэдэх байгууллагууддаа квот маягийн юм өгсөн юм билээ. Залуучуудын байгууллагад хоёр, эмэгтэйчүүдийн байгууллагад хоёр, намын аппаратын байгууллагад хоёр гэх мэтээр квот олгосон байх.
Тэр байгууллагууд дотроосоо сонгосон хүмүүсээ дэд сайдад нэр дэвшүүлсэн. Энэ нь зарим хүмүүст таалагдаагүй юм шиг байна лээ. Ер нь сайдын томилгоо бол Ерөнхий сайдын мэдлийн асуудал шүү дээ. Хэнтэйгээ ажиллах нь Ерөнхий сайдын эрхийн асуудал. Даанч одоо хүмүүс юм болгонд хошуу дүрдэг болчихсон учраас янз бүрийн зүйл яриад байгаа юм.
-Танай нам мөнгөтэй залуусыг албан тушаалд тавьдаг болсон юм биш үү?
-Залуу хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол том нам байхын хэрэг юу байгаа юм. Ажиллаж чадвал цааш нь дэвшүүлээд, чадахгүй бол болиулчихна л биз. Залуучуудаа дэмждэг энэ бодлогоороо манай нам АН-аас ялгаатай. АН-ыг хар л даа. Өнгөрсөн 20 жилийн турш хэдхэн хүн энэ намын толгойд ээлжлэн сууж байна. Гэтэл манайх бүхэл бүтэн долоон удаа намын даргаа сольж, өөр өөр хүн удирдаж байна шүү дээ.
-Эцэст нь долдугаар сарын 1-ний асуудлаар таны байр суурийг сонсъё?
-Энэ асуудлыг нэг тийш нь болгомоор байна. Хүн буудсан этгээд, үүрэг өгсөн хүн нь хэн бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Долдугаар сарын 1-тэй холбоотой ажлын хэсгийг би ахалж байсан. Ингээд асуудлыг үзэж, шалгаад ҮАБЗ-д дүгнэлтээ бичээд өгчихсөн байгаа. Долдугаар сарын 1-ний шалтгаан нь юу болохыг тогтоох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаж өгсөн. Даанч ҮАБЗ ажлаа хийхгүй байна. Дахиад долдугаар сарын 1 шиг зүйл гаргахгүйн тулд шалтгааныг нь олох ёстой. Иргэд жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэхдээ жагсаал зохион байгуулсан хүмүүс жагсаалыг хяналтдаа байлгах үүрэг хүлээдэг. Гэтэл жагсаал цуглаан хийсэн хүмүүс алга болчихсон шүү дээ. Тийм эмх замбараагүй байдлыг намжаахын тулд цагдаа галт зэвсэг хэрэглэх хэрэгтэй.
-Цагдаа гэмт хэрэг хийх эрхтэй юм уу?
-Цагдаагийн хуульд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.
-Галт зэвсэг хэрэглэх эрхтэй болохоос биш хүн алах эрхгүй биз дээ?
-Галт зэвсэг хэрэглэх эрхтэй гэсэн заалт хуульд нь бий. Цагдаа галт зэвсэг хэрэглэж болно. Гэхдээ амин тус газар нь буудах ёстой. Ингээд дээд тушаалын даргадаа мэдэгдэж, прокурорт хэлээд, түргэн тусламж дуудах ёстой. Үнэндээ Х.Тэмүүжин гишүүн өөрөө шүүхэд байцаагдах ёстой. Яагаад одоо болтол сумны хонгио хадгалаад яваад байгаа юм.
-Хуульдаа галт зэвсэг хэрэглэж болно гээд заачихсан байж. Гэтэл хүн алж болно гэдэг үүргийг тухайн үеийн эрх баригчид өгсөн юм биш үү?
-ҮАБЗ-ийн протоколыг үзэхэд галт зэвсэг хэрэглэж болохгүй л гэсэн байдаг юм. Энэ бол уг нь буруу. Хуулийн дагуу ажилла гэж хэлэх ёстой байсан юм. Тухайн үеийн төр засгийн байгууллагууд хоорондоо уялдаа, холбоо муутай ажилласан юм байна лээ. Шөнийн 11.00 цагт ҮАБЗ-өөс "Талбай дээр одоо яг хэдэн хүн байна" гэж асуухад цагдаагийн дарга "3000 гаруй хүн" гэж хэлэхэд ТЕГ-ын дарга "200 хүн байна" гэсэн эрс зөрүүтэй мэдээлэл өгсөн байдаг. Ийм уялдаа холбоогүй ажилласан хүмүүс яаж тэр үеийнхээ нөхцөл байдлыг зөв тооцоолж, тактик боловсруулах юм. Бидний гаргасан хууль ч уялдаа муутай юм билээ. Үүнийгээ засахгүй байж таван цагдааг яллах гээд улайраад түүнийг тойрч улстөрчид нь маргаад сууж байна. Хэрэв дахиад долдугаарсан сарын 1 боллоо гэхэд төр ямар ч бэлтгэлгүй хэвээрээ л байна. Долдугаар сарын 1-ийг дахин давтуулахгүйн үүднээс асуудалд хандах хэрэгтэй байна.