Хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа даваа гарагт хийсэн ч, үдээс хойш үргэлжлүүлэн 7 цаг гаруй хуралдсан юм. Харин өчигдөр бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бүлэг хуралдаанаараа 10 гаруй анхаарал татсан асуудлын талаар ярилцжээ. Тухайлбал, нэг сая төгрөгийг хэдийд олгох, ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал, сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон бага оврын трактораар тариаланчдыг хангах, алслагдсан бүс нутагт оршин сууж байгаа иргэдэд хөнгөлөлт үзүүлэх, олон хүүхэдтэй эхийг урамшуулах тогтоолын төслийг батлах, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хөдөө тийш нь хандуулах, аймгийн төвийг нийс¬лэлтэй хар замаар холбох, баруун аймгуудад энэ хавар тохиолдсон малын хээл хаялт, түүнийг зогсоох арга хэмжээний тухай, бензин болон махны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх асуудлууд, багш нарыг компьютерээр хангах зэрэгт тогтож ярьсан байна. Эдгээрийн дотроос нэг сая төгрөгийн амлалтыг хэрхэн олгох асуудал хамгийн их анхаарал татсан асуудал байв.
Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг гурав хуваан олгох шийдвэрийг гаргасан. Ахмад настнууд, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд олгох нэг сая төгрөг, 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг хэзээ олгож эхлэх талаар бүлэг ярилцсан байна. Улсын төсөвт нийт 334 тэрбум төгрөг туссан байгаа аж. Мөн Засгийн газар журам гарган, энэ мөнгийг 3 хувааж олгох шийдэлд хүрчээ. Гурав хуваах болсон шалтгаан нь инфляцийг хөөрөгдөхгүй байхтай холбоотой гэж бүлгийн гишүүд тайлбарлажээ. Бүлгийн гишүүд 4,5,6 дугаар сард багтаан уг мөнгийг иргэдийн гар дээр тавихаар болсон байна. Үүнээс гадна нэг сая төгрөгөө бэлнээр бус, хувьцаа хэлбэрээр авах иргэдийн бичилтийг хийх хэрэгтэй гэж тохирчээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна бусад иргэдийн нэг сая төгрөгийг 4,5 сардаа багтаан өгөх аж. Үндэсний компаниуддаа хувьцаа худалдах ажлыг зэрэг хийн, тэндээсээ мөнгө босгон нэг сая төгрөгөө өгөхөөр бүлэг санал нэгдсэн байна. Бүлэг асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж, удаан яригдсан хэрнээ биелэхгүй байгаа асуудлуудын талаар нухацтай ярилцан, багш нарт олгох компьютер олгох ажлыг 4,5 дугаар сард багтаан олгохыг БСШУ-ын сайд Ё.Отгонбаярт, тариаланчдыг бага оврын трактораар хангах ажлыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд 5 сард багтаан нийлүүл гэсэн үүргийг тус тус өгчээ.
Мөн тэд орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Хэдийгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ болон орон нутгийн сонгуулийг ирэх зургадугаар сард хамт зохион байгуулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж, мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан шаардлага хүргүүлээд буй ч УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд хоёр сонгуулийг салгаж явуулах ёстой гэсэн өмнөх байр сууриа хадгалсан байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүлэг хүлээж авна гэдэгт бүлэг санал тогтжээ. Хүлээж авахгүй байлаа гэхэд 14 хоногийн дараагаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болох юм. Түүгээр шийдвэрээ гаргахаар цаг хугацаа алдах аж. Тиймээс сонгууль дөхөж байгаа энэ үед хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ. Цахим үнэмлэх хугацаандаа олгогдохгүй тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуултад тэрбээр,
Тухайн компанитай ярих ёстой. Мөн энэ ажлыг хариуцаж байсан Засгийн газар, түүний дотор Тэргүүн шадар сайд хариуцлага хүлээх ёстой. 2011оны 3 дугаар сард загварыг нь эцсийн байдлаар бэлэн болго гэсэн үүрэг өгч байхад 12 дугаар сард батлуулж, 2012 оны 1 дүгээр сард нөгөө компани нь болоогүй байна гээд буцааж хугацаа алдсан. Засгийн газарт ажиллаж байсан Тэргүүн шадар сайд хариуцлагаас мултарч чадахгүй» гэсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллээр бол цахим үнэмлэх хэвлэх ажил цаг хугацаандаа амжихгүй байх тал руу оржээ. Шалтгаан нь, ухаалаг үнэмлэхийн бэлдэцийг бэлтгэж буй Америкийн компанийн зүгээс өмнө тохирсон хугацаагаар ажлаа гүйцэтгэхэд бэрхшээл тулгарсан тул дахин 14 хоногоор сунгах хүсэлтээ илэрхийлсэн байна. Хоёр талын тохиролцсоноор зургадугаар сарын 11-н гэхэд хамгийн сүүлчийн үнэмлэхийн бэлдэц ирж, хэвлээд, иргэдэд тараахад зургадугаар сарын 21-н гэхэд энэ ажил цэгцрэх ёстой байсан. Гэтэл дахин 14 хоногоор сунгах хүсэлтийг тавьсан нь цаашид яах вэ гэдэг дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар санал солилцож, шийдэл гаргахаас аргагүйд хүрсэн байна.