Ө.Энхтүвшин: Нэг тойрог олон мандаттай байх нь намын төлөвшилд муугаар нөлөөлнө
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2011.10.25

Ө.Энхтүвшин: Нэг тойрог олон мандаттай байх нь намын төлөвшилд муугаар нөлөөлнө

УИХ дахь МАН-ын булгийн өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хуралдаанаас ямар шийдвэр гарсныг тус намын булгийн ахлагч Ө.Энхтүвшингээс тодрууллаа.

-Сонгуулийн хуулиар танай намын бүлэг хэлэлцээд ямар шийдвэр гаргав?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим асуудлаар санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд хоёр намын бүлгээс байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг 20 шахам удаа хуралдаж, хэд хэдэн асуудлаар санал нэгдсэн. Тухайлбал, УИХ-ын сонгуулийг мажоритар давамгайлсан холимог хувилбараар явуулах, хувь тэнцүүлсэн аргаар суудал хуваарилахдаа нам дотроо шилжих, намын нэрийн жагсаалтаар санал авахдаа хаалттай хувилбарыг сонгох, мажоритар тойрог дээр хамгийн олон санал авсан хүнийг шууд УИХ-ын гишүүнээр сонгохоор болсон. Мөн 2010 оны хүн амын тооллогын  дүнг харгалзах, эмэгтэйчүүдийн квотын асуудлыг тусгах, улс төрийн намуудын төлөвшлийг хангах механизмыг оруулах гэх мэт арав шахам асуудалд тохиролцсон.

АН-ын бүлэгт МАН-ын зүгээс таван асуудлыг тавьсан.

Харин тус намын бүлэг хэлэлцээд бас тодорхой саналыг бидэнд ирүүлсэн. Үүний нэг нь олон мандаттай 26 тойрог байя гэсэн саналыг тавьж байгаа. Түүнээс гадна Улаанбаатар хотод нийт сонгогчдын 45 хувиас доошгүй байгаа учраас мажоритар 48 байлаа гэхэд түүний гуравны нэгээс доошгүй хувь нь Улаанбаатараас сонгогдох ёстой гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлаар дахин ярилцах шийдвэрийг манай намын бүлгээс гаргалаа.

-Яг ямар асуудлыг нь дахин ярилцах шаардлагатай байгаа юм бэ?

-2008 онд болсон УИХ-ын сонгуулийн хамгийн бэрхшээлтэй асуудал нь намаас нэр дэвшсэн хүмүүс хоорондоо өрсөлддөг. Үүнээс болоод улс төрийн намын төлөвшилд муугаар нөлөөлж байна гэж үзэж байсан. Ер нь засах ёстой дутагдал гэж ойлгож ирсэн. Гэтэл эргээд олон мандаттай нэг тойрог үүсгэх нь 2008 оны явдлыг давтахаар байгаа юм. Тиймээс энэ асуудлаар АН-ын бүлэгтэй дахин ярихаар боллоо.

-Улаанбаатар хотод мажоритар тойргийн гуравны нэгээс доошгүй хувь байна гэсэн саналын тухайд юу хэлэх вэ?

-2010 оны орон сууц, хүн амын тооллогын дүнг харгалзана гэдэгт санал нэгдэж байгаа. Харин хуульд зөвхөн хүн амын тоо гэсэн заалт алга байна. Газар нутаг, хүн амын тоог харгалзана гэсэн хуулийн заалт байгаа учир дээрх хоёр зарчмыг баримтлах нь зөв. Тухайлбал 48:28 гэсэн хувилбарыг сонголоо гэхэд хөдөө ногдож байгаа тойргоос 20, харин Улаанбаатарын тойргоос найм хасагдахаар байгаа. Тийм учраас үүнээс олноор хасах нь хуульд нийцэхгүй. Орон нутгийн төлөөллийг давхар бодох ёстой.

-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг нэр бүхий гишүүд өргөн бариад байгаа. Бүлгийн* хурлаар үүнийг хэлэлцэв үү?

-Тусгайлан яриагүй. Үндсэн хууль болон бусад хуульд тусгаснаар Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хувь нь албан ёсоор дэмжсэн тохиолдолд уг  асуудлыг  авч  хэлэлцэх учиртай. Тиймээс Үндсэн хуулийн дагуу асуудал шийдэгдэх ёстой. Тэр үүднээс хариу өгөх байх.

-Өргөх бичиг барьсан гишүүдийн тал нь танай намынх. Тийм учраас өнөөдрийн бүлгийн хурал дээр тэд ямар нэгэн тайлбар хийсэн үү?

-Манай намын бүлгийн гишүүд ямар нэгэн гэнэтийн алхам хийх гэж байгаа бол заавал бүлэг дээрээ эхэлж танилцуулаад, олонхоороо дэмжсэн тохиолдолд түүнийг хэрэгжүүлнэ гэж тохиролцсон. Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан есөн гишүүний дөрөв нь манай намынх. Би тэднээс энэ асуудлыг хэзээ шийдсэн бэ гэж асуусан. Эхлээд бүлэг дээрээ танилцуулна гэсэн шийдвэр гарахаас өмнө нь зурчихсан асуудал гэж хариулсан.

-Тавантолгойн хувьцааны аж ахуйн нэгжүүдэд өгөх арван хувийг ард иргэдэд тараах тухай асуудлыг ярьсан уу?

-Тодорхойгүй зүйл нэлээд байна. Тухайлбал, Тавантолгойн арван хувийг иргэдэд нэмж өглөө гэхэд үндэсний аж ахуйн нэгжүүдийг Тавантолгойд хэрхэн оролцуулах вэ гэх мэт. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлаар ажиллаж байна. Тэдний дүгнэлтийг оруулж ирэхээр бүлгээр хэлэлцээд явна. Одоо шууд шийдэхэд арай эрт байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.