Су.Батболд: АН эрх ашгаа хамгаалах гэж УИХ-ыг барьцаалдгаа болих хэрэгтэй
УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.
-УИХ-ын Төрийн байгуулалтын болон хоёр намын Сонгуулийн хуулиар зөвшилцөх ажлын хэсгийн ажилд ахиц гарч байна уу. Эсвэл хаврын чуулган өндөрлөх үеийнхээрээ байгаа юу?
-Өчигдөр /уржигдар/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан . Хоёр намын зөвшилцөх ажлын хэсэг ч бас. Хамтарсан хурал хийсэн. Хурлаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс сонгуультай холбоотой хийх ажлуудын талаарх мэдээллийг сонссон. Ухаалаг иргэний үнэмлэхийг хэвлүүлж, тараах ажил ямар байгаатай танилцлаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ иргэний үнэмлэхийг дөрөвдүгээр сарын 25 гэхэд хэвлээд дуусна гэсэн.
Харин тараах асуудал дээр хүндрэл гарч байгаа. Тэр нь иргэд үнэмлэхээ худалдан авах чадамж байна уу үгүй юу гэдэгт байна. Хэрвээ энэ иргэний үнэмлэхийг худалдаж авах асуудлыг нь улсын төсөвт суулгаад өгчих юм бол шийдэж болох юм гэж ярьсан. Бид улаан паспортыг одоогийн иргэний үнэмлэхээр солиход 6-7 жил зарцуулсан шүү дээ. Тийм учраас би сонгуулиас өмнө ухаалаг буюу цахим иргэний үнэмлэх иргэдийн гарт очно гэхэд итгэхгүй байна. Одоо үлдэж байгаа 4-5 сарын дотор энэ үнэмлэхийг хэвлээд бүх хүний гар дээр өгнө гэдэг хэцүү. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс санал тоолох машиныг одоо л сонгох гэж байна, Сонгуулийн хууль гарсан гараагүй санал тоолох машиныг ирэх сонгуульд ашиглах ёстой.
-Тэгэхээр ахиц гараагүй, хэвэндээ байгаа гэсэн үг үү?
-МАН бол тогтолцооны шинэчлэлийн төлөө байгаа. Бид УИХ-ын сонгуульд пропорциональ маягийн элемент орох нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ ямар хэлбэр, хэмжээгээр орох вэ гэдэгт бодолтой хандах хэрэгтэй. Сүүлийн 20 жилийн турш яваад ирсэн тогтолцоог шууд өөрчилж болохгүй гэдгийг эрдэмтэн судлаачид, гадна дотнын хүмүүс зөвлөж байгаа. Сонгууль гэдэг улс төрийн намуудын эрх мэдлийн асуудал биш. Ард түмний сонгох, сонгогдох эрхийн тухай асуудал юм. Гэтэл бид иргэдийн сонгох тогтолцоог нь булааж авч болохгүй.
Дадсан сурсан сонгуулийн тогтолцоог нь шууд 100 хувь өөрчилж болохгүй.
Аажим аажмаар шилжих ёстой гэсэн шийдлийг эрдэмтэн, судлаачид, зөвлөхүүд хэлж байна. Тийм учраас бид аажмаар шилжье, мажоритар нь давамгай, пропорциональ нь арай бага байя гэсэн саналыг тавьж байна. Ганц зүйлийг хатуу хэлэхэд, пропорциональ гэдэг нь гайхамшигтай сайхан, мажоритар тогтолцоо муу зүйл гэж жижиг намууд, Ардчилсан нам сурталчлаад байгаа. Тийм юм ерөөсөө байхгүй. Пропорциональ тогтолцоо өөрөө маш олон муу талтай. Ялангуяа манайх шиг ийм жижигхэн, ардчилал дөнгөж эхэлж байгаа улсад. Дээрээс нь улс төрийн намууд төлөвшөөгүй ийм орны хувьд пропорциональ систем улс орныг бүр өөр тийш нь аваад явах боломжтой. Жишээ нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ гэсэн үг. Иргэд, орон нутгийг тэр чигээр нь хаяад, зөвхөн улс төрийн хэдэн намын дарга нар тоглох бололцоотой тогтолцоо шүү дээ. Ийм зүйлд ард түмний толгойг эргүүлж, энэ нь гайхамшигтай сайхан, нөгөөдөх нь муухай мэтээр ярих нь маш утгагүй. Өнөөдөр зөв юм яривал буруутгаж, буруу зүйл ярьсан хүнийг зөвтгөдөг толгой нь уруугаа харсан нийгэм учраас би өөр юу гэж хэлэх вэ дээ.
-Манай улс Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалаас эхлээд сүүлийн үед гаргаж буй хууль, эрх зүйн баримтуудад Европ стандартыг хуулж байгаа. Ялангуяа Европын гол улс болох Германы Үндсэн хууль нь манайхтай адил. Бундестагийн гишүүдийг 50:50 хувиар сонгодог. Тийм учраас бид ийм саналыг дэвшүүлээд байна гэж АН-ын зүгээс яриад байгаа?
-Хэд байхыг яриа хэлэлцээрийн явцад шийдэж болно. Хэд хэдэн хувиар тогтох вэ гэдгийг шийдэж болно. Одоогоор шийдсэн зүйл алга. 38:38 гэдэг хувилбарыг АН ч гаргасан юм биш. Хамгийн анх манай нам дээр яригдаж байсан хувилбар. Үүнээс гадна намайг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхад 2005 онд одоогийн Сонгуулийн хуулийг баталж байсан. Тэр үед судлаачид Монголд хамгийн тохирох хувилбар бол энэ гэж байсан. Өнөөдөр АН шинээр гаргаж ирчхээд сайн сайхан зүйл гэж үзээд байгаа юм биш. Гэхдээ одоо тохиролцох асуудал байгаа. Бид аажмаар өөр тогтолцоонд шилжих учиртай. Магадгүй, 2016 оны сонгуульд хэрэглэж болно шүү дээ. Ганц хоёр хүний үгээр тэр, энэ хувилбар нь сайн сайхан юм шиг бойкотлогдож байдаг УИХ байж болохгүй шүү дээ.
-АН-аас УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах нь зүйтэй гэж яриад байгаа?
-Манай намын хувьд орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг тусад нь явуулна гэсэн байр суурь дээр хатуу зогсож байгаа. Энэ сонгуулиуд бол хоорондоо эрс ялгаатай, өөр. УИХ-ын сонгууль бол ямар гэдэг нь ойлгомжтой. Харин орон нутгийн сонгуулийн тухайд, аймаг бүрийнх тусдаа явагддаг эрх зүйн орчин байх ёстой гэж судлаачид үздэг. Яагаад Сэлэнгэ, Өмнөговь аймгууд нэг өдөр сонгуулиа явуулж байх ёстой гэж. Сэлэнгэ аймгийн ИТХ-ыг байгуулах гэж байгаа болохоос Өмнөговийн хурлыг байгуулах сонгууль биш. Жишээ нь, Сэлэнгэ аймаг намрын тариа хураалтын үеэр хурлаа байгуулах гэж сонгууль явуулах ямар шаардлагатай юм. Өвөл хийж болно шүү дээ.
-Зардал мөнгөний хүндрэлтэй юм биш үү?
-Ерөөсөө ялгаа байхгүй. Орон нутгийн сонгуулийг тухайн аймаг өөрөө зохион байгуулдаг. Сонгуулийн ерөнхий хороо оролцдоггүй.
-Ингэж явуулах эрх зүйн орчин байгаа юм уу?
-Эрх зүйн орчныг өөрчилье гэж ярьж байгаа. Жишээлбэл, Сэлэнгэ шиг тариа ногоо эрхэлдэг газар өвөл харьцангуй тогтвортой, нүүдэл суудал байхгүй. Энэ аймгийн орон нутгийн сонгуулийг тариа хураалттай зэрэгцүүлж явуулахаар сонгуулийн ирц нь бүрддэггүй. Өмнөговьд намрын налгар цагт тохиромжтой. Ер нь сонгууль явуулах орчныг бүрдүүлэх хэрэгтэй болохоос заавал УИХ-ын сонгуулийн бөөрөнд аваачиж наана гэдэг утгагүй зүйл.
-УИХ-ын сонгууль гэснээс ингэж тусгаарласнаар сонгуулийн булхай арилахгүй. Тэгээд ч хөрөнгө мөнгөний алдагдал ихтэй гэцгээж байна?
-Өөрсдөө яаж сонгуульд ялсныг Монголын ард түмэн мэдэж байгаа шүү дээ.Тэр их чанга дуугаар яриад байгаа хүнийг монголчууд мэднэ. Хулгайч өөрөө хулгайчийг бариарай гээд чанга хашгирдаг шиг тэгж ярихаа боль гэж хэлмээр байгаа юм. Юм л болохоор хулгай, луйвар гэж ийш тийш нь чихээд түүгээрээ ард түмнийг хуурч, хүмүүсийн толгойг эргүүлж болохгүй.
-МАН-аас 52:24 гэсэн хувилбарыг санал болгоод байгаа. АН-тай тохиролцохын тулд энэ тоог хөдөлгөх үү. Доошлуулдаг ч юм уу?
-Энэ тоог тохиролц гэж хоёр намаас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шийдэх асуудал. Бид намынхаа ажлын хэсгийг хувилбар, тоогоо хамгаал гээд явуулсан. АН өөрийнхөө ажлын хэсгийг бас хувилбараа хамгаал гэсэн нь тодорхой. Ажлын хэсгүүд тохиролцоод асуудлаа УИХ, намын бүлэгт оруулж ирэх ёстой.
-Та ажлын хэсэгт байдаггүй бил үү?
-Байдаггүй. Өөрийнхөө энэ хатуу байр суурин дээр байгаа хүн тийшээ ороод яах юм бэ.
-Одоо намрын чуулганаас өмнө энэ асуудлыг нэг тийш болгохгүй, АН завсарлага авсан байдалтай үргэлжлээд байвал тийм ч сайн үр дүн гарахгүй байх. Олон чухал хэлэлцэх асуудал УИХ-ын гишүүдийг хүлээж байна?
-Үүнийг УИХ дахь намын бүлгүүд, УИХ зохион байгуулах ажил байх. Одоо бол АН-ын завсарлага үргэлжилж байгаа гэж үзэхгүй байна. УИХ дээр ингэж ямар нэг асуудлаар барьцаалж, нөгөө асуудлыг хэлэлцдэггүй байдлаа АН болимоор байгаа юм. Хэдэн арван сарын турш ийм байдлаар явж байна. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан нэг шийдвэрээс болж, УИХ-ыг барьцаалдгаа болих хэрэгтэй. Ингэснээс болж улс орны хувьд хохирч буй зөндөө асуудал байна.
Сонгууль гэдэг чинь эцсийн эцэст юу юм бэ.
Ардчилсан намд л хэрэгтэй байх. Ард түмэнд бол хэрэггүй зүйл. Тавантолгой, улсын төсөв гээд шийдэх зөндөө асуудал байна.Үүнийг ард түмэн ойлгох байлгүй. Хэн юуны төлөө улайраад зүтгээд байна вэ гэдгийг. Миний бие УИХ-ыг гацаагаад байдгийг алга болгоё гэсэн санаатай хуулийн төсөл өргөн барьсан. Гэсэн ч УИХ хэлэлцээгүй. Ер нь УИХ яагаад ард түмний дунд ийм муу нэртэй байна вэ. Яагаад гэвэл УИХ-д сууж байгаа хүмүүсийн байж байгаа царай энэ шүү дээ.
-Сонгуулийг ухаалаг иргэний үнэмлэх, автомат санал тоолох машинтай явуулчихвал гардаг будлиан устах юм биш үү. Ер нь сонгууль санал өгөх, эсвэл тоолохоос болж л будилдаг шүү дээ?
-Уг нь ухаалаг иргэний үнэмлэх санал тоолох машины асуудал хугацаандаа шийдэгдчихвэл сайхан л даа. Гэтэл энэ боломж нь байна уу, амжих уу гэдэг асуудал хэцүү байх шиг байна. Миний хувьд үүнийг дэмжиж байгаа.
-АН-ын зарим гишүүд заавал тогтолцоогоор оролдоод яах вэ, дээрх хоёр асуудлыг шийдчихвэл болно гэж ярьж байх юм?
-Тэгвэл бас гарц байж болно. Тэгэхдээ зөвхөн ямар тогтолцоогоор явах юм бэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Нэг мандаттай нэг тойрог уу, олон мандаттай нэг тойрог уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Одоо яригдаж байгаа зүйл бол УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэсэн асуудал байгаа юм байна билээ. Миний зарчим бол УИХ-ыг хоёр танхимтай болох учиртай гэж үзэж байна. Ирээдүйд парламентын хоёр танхимтай болж байж шинэчлэл явагдах учиртай. Парламентын нэр хүнд өсөх ёстой. Гарч буй шийдвэр хянагддаг, яригддаг байх ёстой.
-Тэгээд МАН-ынхан хоёр танхимтай байх талаар яагаад чимээгүй байгаа юм бэ?
-Намаасаа би л ганцаараа энэ талаар ярьж байна. Намаасаа дэмжлэг хүсэж байгаа. Дэмжиж өгөөч, ярьж өгөөч гэж хүсэж байгаа. Хэрвээ Монгол улс цаашдаа парламентын засаглалтай байна гэвэл заавал хоёр танхим бүхий парламенттай байх ёстой. Өнгөрсөн 20 жилд 76 гишүүний хамаг сайн сайхан, муу муухай бүхнийг дэлгэсэн. УИХ-д одоо хүмүүс итгэхээ больж эхэлж байна. Энэ нь парламентын засаглал гэдэг зүйлийг хүчийг нь шавхаж магадгүй. Тийм учраас парламентын засаглалтай улс хэвээрээ байж, парламентаа шинэчилнэ гэвэл хоёр танхимтай болох ёстой.
Хоёр танхим гэдэг маань сонгодог хэлбэрийн хоёр танхим болохоос биш Ардын их хурал, бага хурал биш.
Тэгж байж парламентад зөвхөн мөнгөтэй хүн сонгогддог гэсэн ойлголтыг өөрчлөх болно. Ингэж байж ард түмний төлөөлөл болж чадахуйц аавын хүү, ээжийн охины түвшнийг тогтоох боломж бүрдэнэ. Харин ингээд яваад байх юм бол парламентад зөвхөн мөнгөтэй хүн, компанийн захирал сонгогддог гэсэн ойлголт лавшраад л байх болно.
Парламент гэдэг ард түмний төлөөлөл.
Ер нь суманд байгаа малчин хүн яагаад сонгогдож болдоггүй юм. Тэр хүн яагаад ард түмний төлөөлөл болж болохгүй гэж. Парламентад мөнгө, хөрөнгө хурааж байж орох ёстой гэсэн ойлголт байж болохгүй. Тэгэх юм бол бид ардчилал гэдэг үнэт зүйлээ улам хумина. Тэгж байгаад, магадгүй өөр засаглал руу шилжихийг үгүйсгэхгүй. Ийм л нөхцөл бүрдэх гээд байна. Шинэчлэлийн амин сүнс нь төлөөллийг нэмэгдүүлэх, хоёр танхимтай болж, батлагдаж гарч буй асуудал нь илүү хяналттай болох ёстой. Тэгэхгүй бол одоо нэг нөхөр гүйгээд 20 гишүүний гарын үсэг цуглуулаад, бараг өөрөө уншаагүй байж гарын үсэг зурдаг. Тэр нь хууль болж гарна. Гарсан хууль нь ямар ч утгагүй, хүний амьдралд хэрэгжихгүй, хэрэгжих ч бололцоогүй хууль байдаг.
-Оюу толгойн гэрээг зарим гишүүд эсэргүүцэж Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Тухайн үед та Засгийн газрын гишүүн байсан билүү?
-Манай дараагийн Засгийн газрын үед батлагдсан. Ер нь Оюутолгой үр дүнгээ ойрын хугацаанд өгөөсэй гэж хүсэж байна. Бид өчнөөн арван жил энэ талаар ярилаа. Миний ажилладаг салбар бол ХАА, улс төр, төрийн захиргаа, байгаль орчны чиглэлийнх. Эдийн засгийн салбар руу нэг| их ордоггүй. Хамгийн гол нь Оюутолгой төслийг хамтарч хэрэгжүүлж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Монгол улс дангаараа хэрэгжүүлж байгаа бол өөрийнхөө дуртай болгоныг хийгээд, хүртээд явах боломжтой. Гэрээгээ баталж гаргачхаад хэдхэн сарын дараа, сонгууль дөхөнгүүт энэ болохгүй нь ээ гээд байвал цаашид Монгол улстай хамтарч ажиллах улс олдохгүй болох байх.
-Тухайн үеийн УИХ-ын 57дугаар тогтоолд нийцээгүй гэрээ хийгдсэн гэж зарим гишүүн үзээд байгаа юм байна билээ?
-Хоёр тал хоорондоо яриад үзэх хэрэгтэй. Бололцоотой бол 10 юм уу, 15 жилийн дараа Монголын талын хувь нэмэгдэж байвал ашигтай нь мэдээж хэрэг. Тийм учраас хоёр тал яриад үзэх хэрэгтэй байх.