АН сонгуулийн хуулиар завсарлага авав
УИХ дахь Ардын намын бүлгийнхэн уржигдар орой хуралдаад "Орон нутгийн хурлын сонгууль, УИХ-ын сонгуулийг тусад нь хийх асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байна.Тиймээс асуудлыг олонхиороо шийдээд явъя. Бид юун төлөө УИХ-д олонхийн суудалтай билээ" гэж тохиролцжээ.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр тус намын бүлгийнхэн энэ байр сууриа илэрхийлсэн юм. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг "Бид завсарлага авч байна" гэж мэдэгдэв. УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтатгахын тулд завсарлага авахаас өөр арга тэдэнд үлдээгүй ажээ.
Чуулганы хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа. Тэрбээр дахиад л Ардчилсан намын бүлгийнхний эсэргүүцэлтэй тулгарав.
Түүнийг санал, дүгнэлт танилцуулахаар индэрт гарахад Ардчилсан намын бүлгийнхэн "Чуулганы нэгдсэн хуралдаанаар унших гэж байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүгд хууль зөрчиж хийгдсэн зүйл. Бид байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан. Тэр үед Ардын намын бүлгийн гишүүд хуралдаад үлдсэн. Одоо тэдний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг ярих гэж байгаа нь хууль зөрчиж байна" гэсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар санал, дүгнэлтийг танилцуулахдаа "Д.Ганхуяг гишүүн "Сонгууль болох хугацаа ойртож байгаа энэ үед Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт. өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах нь зөв" гэсэн" хэмээн жишээ татав. Харин Ардчилсан намын бүлгийнхэн үүнийг сонсоод "Д.Ганхуяг гишүүний үгээр жишээ татаад, анхаарлаа хандуулаад байгаа бол одоо дахиад нэг үг хэлүүлчихье л дээ" гэж шуугилдсан юм.
Түүнчлэн Ардчилсан намын бүлгийнхэн Чуулганыг мухардалд оруулахгүйн тулд буулт хийсэн албан бичгийг өгсөн. Гэсэн ч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Бид Ардын намын бүлгийн албан ёсны байр суурийг сонссоны дараа хэрхэх вэ гэдгээ ярилцах шаардлагатай. Энэ хуулийг хурдан хэлэлцэж гаргах цаг хугацааны болон зохион байгуулалтын бодит шаардлага бий. Хэрвээ яаралтай шийдэж чадахгүй бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатгахаас өөр аргагүй болно" гэлээ. Тэдний энэхүү саналыг сонсоод Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин "Ардчилсан намын бүлгээс аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатгаж, сум, дүүргийн иргэдийн хурлын сонгуулийг намар явуулах санал тавьсан. Нэг хэсгийг нь УИХ-ын сонгуультай хамт явуулаад нөгөөг нь намар гэж салгах боломжгүй. Ингэвэл Үндсэн хуулийн заалтыг зөрчихөд хүрнэ. УИХ-ын сонгуулийн үеэр орон нутгийн хурлын сонгуультай холбоотой ард нийтийн асуулга явуулж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулья. Цогцоор нь шийдье" гэв.
Намын бүлгүүд ийнхүү өөр, өөрийн байр сууриа хамгаалсан учраас УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Бидэнд асуудлыг ухрааж хойш тавих цаг байхгүй. Маш их цагийг маргалдаж өнгөрөөлөө. УИХ-ын гишүүд тал талаас нь дүгнэлт хийх хэрэгтэй. Иймд маргаад байгаа асуудлаа өнөөдрийн /өчигдөр/ дотор шийдэх хугацаа хоёр намын бүлэгт байна. Талууд энэ асуудлаа шийдэж чадахгүй бол УИХ-д бас хууль бий. Үүнээс цааш ухрах, хойш тавих цаг байхгүй. Кноп дараад олонхиороо шийдээд явна" гэж сануулсан юм. Даргадаа зэмлүүлсэн гишүүд үдээс хойш байнгын хороо, ажлын хэсгийг хуралдуулж асуудлыг нэг мөр шийдэх үүрэг авсан. Гэсэн ч байнгын хороод хуралдаагүй юм. Харин "Хоёр намын бүлгийн зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж байгаа" гэсэн мэдээлэл Төрийн ордонд гарч байлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай өчигдөр 18.40 цагийн үед холбогдоход "Хийх ажил их байна. Намын бүлгүүд сайн ярилцаж, зөвшилцөж чадаагүй байна" гэлээ.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30