С.Бямбацогт: Ард нийтийн санал асуулга явуулъя гэдэг МАН-ын хамгийн том буулт
2011.08.09

С.Бямбацогт: Ард нийтийн санал асуулга явуулъя гэдэг МАН-ын хамгийн том буулт

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой Сонгуулийн тухайн хуулийн талаар ярилцлаа.

-Чуулган завсарласнаас хойш гишүүд тойрогтоо ажиллаж байна. Та ч Ховд аймагт очоод ирсэн гэсэн. Ховд аймгийн сонгогчид Сонгуулийн тухай хуулийн талаар ямар ойлголттой байна вэ?

-Саяхан Ховд аймгийн ойн баяр боллоо. Аймгийнхаа ойд очиж оролцсон юм. Энэ үеэр нутгийн ард иргэдтэй уулзахад Сонгуулийн хуулийн талаар янз бүрийн л санаа бодолтой байгаа бололтой. Эдгээрээс намын нэрийг дугуйлна гэдгийг сонгогчид эрс эсэргүүцэж байна. Учир нь намын нэрийг дугуйлах аваас биднийг эргэж ирэх хүнгүй болно. Биднийг гэх гишүүн байхгүй болно. Намын нэрээр том тойргоос сонгогдсон гишүүд ард иргэдээс холдох болно гэж үзэж байна. Тиймээс  иргэд намын нэрийг дугуйлах асуудлыг тэгж их
сайшаахгүй байгаа бололтой.

-Хаврын чуулганаар сонгуулийн тухай хуулийг баталж чадаагүй учир ээлжит бус чуулган хуралдуулж магадгүй гэж байсан. Гишүүдэд энэ талаар мэдээлэл ирж байна уу?

-Өнгөрсөн   хаврын чуулганаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж багагүй асуудал үүссэн. Үүнээс болж АН-ын бүлэг завсарлага хүсэж УИХ-аас цаг алдалгүй гаргах ёстой шийдвэрүүд нэлээд удсан. Түүнээс үүдэн малчдаас үндэсний үйлдвэрлэлд тушаасан ноос тутамд нь олгох хоёр мянган төгрөгийн урамшууллын асуудал багагүй удааширсан байна. Энэ нь малчдыг ихээхэн бухимдуулсан бололтой. Ажилгүйдлийг шийдэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг батлах ёстой байсан. Уг нь шинэ хуулийг нь батлаад гаргачихсан байгаа.
Гэхдээ хуучин хуулийг нь хүчингүй болгоогүй байгаа учир шинэчилсэн хуулиа хэрэгжүүлэх боломжгүй байна. Тиймээс ажилгүйдлийг бууруулж, багасгах асуудал эрчимтэй урагшлахгүй байна. Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа сонгууль нээлттэй явагддаг, иргэдийн өгсөн санал шударга тоологддог, ил тод байдаг гэх мэтээр толины тусгал мэт өөрчлөх ёстой. Гэхдээ сонгуулийн хууль мажоритар байх уу, пропорциональ.байх уу, намаа дугуйлах уу, хүнээ дугуйлах уу гэдэг дээр нэлээд маргалдаж байна.   Тиймээс  намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь Сонгуулийн тухай хууль болж буй юм. Аравдугаар сарын 1-нээс бид энэ асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Миний авсан мэдээллээр ээлжит бус чуулган болохгүй, Ээлжит бус чуулган зарлаж магадгүй ойр бай гэж дуулгаж мэдэгдсэн юм алга.

-Засгийн газраас Тавантолгойн төслийг УИХ-д оргон баривал ээлжит бус чуулган хуралдуулж магадгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Уг төсөл ороод ирвэл яах юм бол?

-Үнэхээр Таван толгойн төслийг хөдөлгөх явдал бол Монголын төр, ард түмний өмнө нийтлэг том эрх ашиг болж буй нь үнэн. Гэхдээ үүнийг төрдөө, ард иргэддээ ашигтай байхаас гадна дэлхийн томоохон орнуудын ашиг сонирхлыг тэнцүү оруулах, эрх ашгийн эрэмбэ дарааг нь тогтоож түүгээр нь эрэмбэлэх асуудал дээр Засгийн газар сайн ажиллах ёстой. Хэвлэл дээр ОХУ 18, Хятад 40, АНУ 24 хувийн оролцоотой байна гэсэн байна лээ. Тэгээд Япон, Солонгосын оролцоо байхгүй. Төслийг ийм байдлаар боловсруулж УИХ-д өртөн барих юм бол хичнээн хурдан хугацаанд ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан ч асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байх болно. Хэрвээ төслийг эхнээс нь сайн тооцоолж, боловсруулсан тодорхой үндэслэл, эрх ашиг, бусад орны сонирхлыг эрэмбэ дараатай тусгаж өгсөн байх юм бол асуудал наашаа явах боломжтой. Харин одоо яригдаж байгаагаараа орж ирэх юм бол нэлээд удах болов уу гэж бодож байна. Тийм болохоор үүн дээр заавал ээлжит бус чуулган зарлаад, цаг аваад байх шаардлагагүй. Тэртээ тэргүй гүйцэд боловсруулаагүй төсөл орж ирэх юм бол асуудлыг бид шийдвэрлэж чадахгүй учраас ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй байх.

-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхэн ойлголцолд хүрч байгаа болов уу. Намрын чуулганы хамгийн эхэнд уг асуудлыг хэлэлцэнэ. Таны бодлоор хоёр намын бүлгийн байр суурийг яаж хагалж, шийдвэрлэх ёстой вэ?

-Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганы эхэнд хэлэлцье гэж хоёр намын бүлэг шийдвэрлэсэн. Ажлын хэсгүүдэд чуулганы завсарлагааны хугацаанд өдөр шөнөгүй, нойр хоолгүй, сайн ажиллаад ойлголцох хэмжээнд асуудлыг хэлэлцсэн байх үүрэг хүлээлгэсэн. Тиймээс хоёр ажлын хэсэг үүргийн дагуу сайн ажиллаад асуудлыг хоёр намын бүлэг хүлээж авах хэмжээнд хүргэж боловсруулсан байвал хуулийн төсөл цаашаа эрчимтэй явах боломжтой. Хэрвээ өмнөхтэйгээ ижил ойлголцлын зөрүүтэй байх аваас асуудал дахиад л гацаанд орно. Гацаа үүсэхээр яах вэ. Мэдээж үүнийг шийдвэрлэх арга зам бол ард нийтийн санал асуулга гэж үзэж байгаа. Хоёр  нам хоорондоо хэлэлцээд асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол ард түмнээсээ асууя. Ард түмнээрээ шийдүүлье гэдэг байр суурин дээр манай намын бүлэг байгаа.

Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулбал зөвхөн Сонгуулийн хууль биш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ч мөн ярих ёстой. Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн шаардлага байна. Сонгуулийн хуулийг хосолмол юм уу пропорциональ болгох юм бол Үндсэн хуулийн ард түмэн УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалтыг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй болно. Мөн төр засгийн үйлчилгээ дунд, доод шатны иргэдэд хүрэхэд удаан байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарыг ИТХ-аас сонгодгоос үүдэн иргэд удирдлагын хооронд ихээхэн зай завсар гарсан байдаг. Үүнээс болж төр засгийн ажил хэрэгждэггүй юм байна. Тийм болохоор орон нутгийн удирдлагыг ард түмнээс нь сонгох хэрэгтэй.Ийм маягаар төр засгийн шийдвэр, ажлыг ард түмэнд хүргэдэг болгохын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Харин энэ хэвээрээ байвал дээрээ хичнээн сайхан шийдвэр гаргаад, зөв бодлого тодорхойлоод хэрэгжих шатандаа замхардаг болжээ, Тиймээс үүнийг эртхэн шийдэхгүй бол Монголын цаашдын алхамд том саад болох юм. Эдгээр ажлуудыг шийдэхгүй удах аваас бид цаашаа явахгүй, ойлголцохгүй. Төрийн ажил ч урагшлахгүй нь, улс төрийн намууд ч ойлголцоход улам хүнд болох нь.

-Энэ намрын чуулган сонгуулийн өмнөх гэдгээрээ онцлог. Тэр ч утгаараа ачаалал их байна. Тэгэхээр УИХ-ын энэ чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдэжчадах юм уу. Одоо л гэхэд боловсруулсан төсөл гээд хэлчих юм алга байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж дээр хэлсэн, Үүнийг УИХ ч тэр ард түмэн ч тэр ойлгосон байгаа. Түүнээс гадна Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг. Энэ мэт хүн бүхний мэдэж байгаа, хүсэж байгаа өөрчлөлтүүдийг хийхэд хүндрэл гарахгүй. Үүнийг хийх гэж УИХ ажиллаагүй биш, ажилласан. Гэнэтхэн өнөө жил ярьж эхэлж байгаа юм биш. 2008 оноос ярьсан юм. Мөн Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмыг баталчихсан байгаа. Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл ажил хийгдсэн гэсэн үг. Хоёрт гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй.
Ажлын хэсэг дээр саяын ярьдаг зүйл нэлээд цэгцэрч боловсорсон. Мөн энэ асуудал дээр УИХ-ын Тамгын газар ажиллаж байна. Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал төсөл болж гишүүдийн гар дээр ирээгүй байгаа болохоос биш ерөнхийдөө ажлын хэсгийн түвшинд сайн боловсорч, бэлэн болсон. Тиймээс хүндрэлтэй асуудал гарахгүй гэж бодож байна.

-Сонгуулийн хуулийг хэлэлцэж байхад хоёр намын бүлэг өөрсдийн байр сууринаасаа огт хөдлөөгүй. Гэхдээ эцсийн мөчид АН буулт хийхэд МАН хүлээж аваагүй. Тиймээс өдөр МАН өөрсдийн дэвшүүлж буй хувилбараасаа татгалзаж бага зэрэг уян хатан шийдвэр гаргах боломжтой юу?

-Бид 24:52 дээр хатуу зогсоогүй шүү дээ. Манай намынхан 24:52 гэсэн хувилбараар явмаар байна гэдэг саналаа хэлсэн. Гэтэл АН-ынхан наадахыг чинь хүлээж авахгүй гэсэн. Тэгэнгүүт нь нэгэнт ойлголцохгүй, нэгэнт шийдэж чадахгүй юм чинь гээд ард нийтийн санал асуулга явуулж иргэдээрээ хагалуулчихъя гэсэн юм. Тэгэхээр МАН-ын хамгийн том буулт гэвэл бид ард түмний төлөө шүү, ард түмэн юу гэж үзнэ түүгээр болъё гэж байгаа хэрэг. Ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой тэгэхээр ард нийтээрээ шийдүүлчихье. Бид ойлголцож чадахгүй нь гээд МАН харин ч том буулт хийсэн юм биш үү. Би бол тэгж л ойлгож байна.

-Тэгвэл 24:52 гэдэг тоонд ямар учир байгаа юм. 24:52 гэсэн хувилбар ч үндсэн хуульд харшилж байна гэж яриад байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг их хэмжээгээр биш багахан зөрчье гэсэн үг үү?

-Үндсэн хуулийг зөрчих гээд байгаа юм биш. Сонгуулийн хууль нэгэнт холимог хувилбараар ороод ирэх юм бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болно.

-Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчилж байж Сонгуулийн хуулийг шинэчлэн батлах нь гэж ойлгож болох  уу?

-Болно.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.