Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2011.12.14

Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболд энэхүү хуулийн талаарх үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, тус ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллуудаар санал хураалгах болсныг гишүүдэд дуулгасан юм. Ингээд зарчмын зөрүүтэй 36 санал, найруулгын шинж чанартай 21 саналаар болон бусад саналаар хуралдаанд оролцсон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд саналаа хураалгасан.

Гишүүд саналын томъёоллыг хэлэлцэн, эхнээс нь дэмжээд явж байсан ч Х.Тэмүүжин гишүүн саналын 5 дахь хэсгийн зарим зүйл заалт дээр өөрийн тайлбараа хийж байсан. Тухайлбал, тэрээр ...аймаг, нийслэлийн, дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэсэн заалт, мөн түүнчлэн, тойрог байгуулах хүн амын тооны улсын дунджийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно” гэдэг дээр өөр бодолтой байв. Тэрээр, асуудлыг холбооны улс шиг газар нутгийн зарчмаар оруулж ирж болохгүй, хүн амыг ингэж ялгаварлах нь буруу гэсэн юм. С.Эрдэнэ гишүүн ч мөн аймаг, нийслэлийг ингэж цаашдаа байнгын ялгавартай байдлаар асуудлыг нь тогтоогоод явах юм уу гэж асууж байсан.

Энэ мэтээр дараа дараагийн саналын томъёолол дээр гишүүд нухацтай хандаж, асуулт тавьж, саналаа хэлж явсаар 9 дэх санал дээр ирэхэд, “...хэсгийн хорооны албан ажлын хэрэгцээнд болон сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулж, тараахыг хориглоно... мөн энэ хуулийн 201.17-д заасны дагуу нам эвсэл, бие даагч нь нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг авахаар хүсэлт гаргасан тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг олшруулахтай холбогдсон зардлыг.....” гэсэн заалт дээр зарим гишүүн санал, бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Энхболд, ер нь хувь хүний нууц гэдэг асуудал орчин цагт нэг их айхтар зүйл биш болсон юм билээ гээд үүнийгээ Энэтхэг зэрэг зарим орны жишээгээр тайлбарлаж, тэрхүү нэрсийн жагсаалтыг цаасаар биш файлаар авч байвал ямар вэ гэж хэлсэн юм. Харин үүнд Д.Лүндээжанцан гишүүн нэлээд өөр байр суурьтай байсан. Тэрээр, Монголын нэг хэдэн сонгогчийн нэрс цаасаар, файлаар хэдэн хүний гар дамжаад л явах нь хэр зохистой юм бол, задгай байдал руу түлхэх вий гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, 1,700,0 сонгогчийн хаягийг аваад л яваад байх нь манайх шиг улсын хувьд аюулгүй байдал талаасаа ч түвэгтэй байдалд хүрвэл гэсэн эмзэглэл байгаагаа нуугаагүй.

Энэ мэтээр хэлэлцэгдсэн саналууд дэмжигдэн явсаар саналын томъёоллын 15 дээр хүрч ирэхэд, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, З.Энхболд, Э.Бат-Үүл нарын гишүүд санал бодлоо өргөнөөр илэрхийлсэн. Учир нь, “төслийн 26-р зүйлийн 26,6 дахь хэсгийн “сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийн өмнө” гэснийг “сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний өдрөөс өмнө” гэж өөрчлөх хэмээсэн санал тэднийг үгээ хэлэхэд хүргэсэн. Ц.Даваасүрэн гишүүн, овоо дэвшилттэй явж байсан чинь ажлын хэсэг дээр ухралт гарсанд харамсч байна гэсэн бол гишүүн З.Энхболд, үүн дээр цөөнх байна, энэ бол чуулганаар ороод батлагдсан санал. Төрийн албыг улс төрөөс ангид байлгах тухай тодорхой санал байгаа юм. Нэр дэвших хүний эрхийг хаагаагүй. Гэхдээ хэрэв, төрийн албаны болон төрийн тусгай гэхчлэн төрийн албаныхны энэ сонгуультай холбогдсон байдал 3 сараар хойшлох аваас маш олон төрийн албан хаагчдыг нэр дэвших сэдэл рүү түлхэн уруу татах болно гэлээ. Харин Э.Бат-Үүл гишүүн, энэ бол Ерөнхийлөгчөөс орж ирсэн санал. Монгол Улс ерөөсөө сонгуулийн жилд маш их хохирдог юм. Бүтэн жил төрийн алба, ажил эзгүйрдэг, хаягддаг. Тэгээд нөгөө төрийн алдбаны түшмэдүүд төрийн мөнгөөр сонгуулиа хийдэг. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөөр албан тушаалаа ашиглан сонгуулийн сурталчилгаа хийгээд эхэлдэг гэж байлаа. Тэрээр, түрүүчээсээ хийгээд эхэлнэ гээд явж байна цаана чинь, гэж байлаа. Ингээд санал хураалтаар ажлын хэсгийн оруулж ирсэн саналын томъёолол дэмжлэг аваагүй.

Мөн түүнчлэн 30 дахь саналын 50.2 дахь хэсгийг “тойргийн хороо тухайн тойрогт нэр дэвшигчийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалтыг гаргах бөгөөд хамгийн олон, гэхдээ санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан, суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно” гэсэн нь дэмжлэг авсан. Төслийн 50-р зүйлд нэмсэн зарим хэсэг ч дэмжлэг хүлээсэн. Ийнхүү 36 саналыг хэлэлцэн хурааж дуусч, найруулгын саналууд дээр гишүүд багцлан сонссоныхоо дараа дэмжих эсэхээ шийдсэн бөгөөд байнгын хорооны гишүүд бүгдийг нь дэмжсэн юм. Гэхдээ Ц.Даваасүрэн гишүүн өөрийн зарчмын зөрүүтэй байгаа зарим саналуудаа / нэр дэвшигч бэлэг тараах, мөнгө, тоног төхөөрөмж өгөх зэрэгтэй холбоотой/ нэлээд хичээнгүй тайлбарлаж байгаа харагдсан.

Нэлээд анхаарлын төвд байсан эмэгтэй нэр дэвшигчдийн квотын асуудал 20-иос доошгүй хувь болон нэмэгдэж орж ирснийг гишүүд мөн дэмжлээ. Түүнчлэн намуудын босгыг ч шийдэж таван хувиар тогтоосныг дэмжив. Бие даагчид зардлаа өөрсдөө хариуцах, нам, эвсэл зардлаа хэтрүүлбэл торгууль хүлээх, хэвлэл мэдээллийн хэргсэл захиалгаар нийтлэл, нэвтрүүлэг гаргахдаа захиалагчийн нэр, хаягийг тодорхой үзүүлэх зэрэг анхаарал татсан заалтууд өнөөдрийн хуралдаан дээр гишүүдийн дэмжлэгийг хүлээсэн юм.

Үүний дараа УИХ-д нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар гаргасан Х.Баттулга сайдын саналын талаар ярилцсан. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Баттулга хэдийгээр энэ хуралдаанд оролцоогүй хөдөө орон нутагт ажиллаж байгаа хэдий ч түүний гаргасан архи, тамхины бизнестэй холбоо бүхий хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх, мөн мансууруулах бодистой холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх тухай санал нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дунд багагүй маргаан үүсгэсэн. З.Энхболд гишүүн Х.Баттулга сайдтай энэ талаар санал нэг гэдгээ хэлж, төсөл санаачлагчийн нэг нь болсон хэмээн өөрийгөө танилцуулсан тул асуултыг гишүүд түүнд тавихаас өөр аргагүйдэв.

Хэдийгээр гишүүд архи, тамхины хор хөнөөлийг сайтар ойлгож байгаа ч Х.Баттулга гишүүний саналыг дэмжээгүй юм. Дэмжээгүй бөгөөд хамгийн их хариу тайлбар тавьсан гишүүн нь Э.Бат-Үүл байлаа. Тэрээр, хүнийг хийж байсан ажлынх нь төлөө ингэж хязгаарлалт хийж хориг тавих нь иргэний эрхийг хязгаарласан хэрэг мөн гэсэн. Түүнчлэн, хүний эрхийг боох гээд байна, хүний жам ёсны сонгогдох эрхийг хаасан, тэр эрх рүү нь дайрч байгаа асуудал гэж байлаа. Мөн бизнесийн өрсөлдөөн гэж хэлж буй харагдсан.

Харин үүнд З.Энхболд, Г.Баярсайхан, С.Эрдэнэ нарын гишүүд эсрэг тайлбар хийж, хэрэв архи тамхи нийгэмд гамшиг болж, үндэстний хэмжээний асуудал болоогүй бол юу гэж үүнийг оруулж ирэх вэ гээд, манай улс шиг сум, багтаа архины лицензтэй газар орон байна уу, энэ саналыг жижиг гэж хэлмээргүй байна, Монголын нэг хүн жилдээ 40 литр архи хэрэглэдэг гэсэн тоо бий, цаана чинь 9-хөн настай хүүхэд архи уугаад хөлдөж үхэж байна, ус хордоход компанийн эрх ашгийг хөндсөн хууль гаргадаг байтлаа архи монгол хүнийг, Монголын нийгмийг үндсээр нь устгахаар “улайрч” байхад УИХ ёс зүйтэй байхгүй байна, архи хүнийг үхүүлж, монголчуудыг сөнөөж байхад УИХ-ын гишүүд ёс зүйтэй хандсангүй гэхчлэн хэлээд ч мөнөөх саналыг дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, мансууруулах бодисын наймаанд автагдсан хичнээн монгол хүн бусдын нутагт хоригдон шаналж байгаа болон уг хорт бодисын нөлөөнд манай “дээдсийн” үр хүүхдүүд хүртэл орооцолдсон зэрэг жишээ татан хэлж, мансуурах бодисын хор, хөнөөлийг дурдаад ч дээрх Х.Баттулга гишүүний санал дэмжигдээгүй.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураан дэмжигдсэнийг мэдэгдсэн бөгөөд Сонгууль явуулах өдрийг 6 дугаар сарын сүүлийн 7 хоногийн ажлын аль нэг өдөр байхаар гишүүд санал нэгтэй тогтлоо.

Үүний дараа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, хэлэлцэхээр боллоо.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн /Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцэхээр болж, энэ удаа хойшлуулав.

Дараа нь Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, хэлэлцэхээр тогтсон. Ингээд хуралдаан 18 цаг өнгөрөөж дууслаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.