УИХ-ын сонгууль,орон нутгийн сонгуулийн зэрэг явуулах боломжгүй
2012.02.07

УИХ-ын сонгууль,орон нутгийн сонгуулийн зэрэг явуулах боломжгүй

 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хоёр удаа хуралдлаа. Үдээс өмнөх хуралдааны дараагаар бүлгийн дарга О.Энхтүвшин сэтгүүлчдэд  мэдээлэл хийсэн юм. Хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар орон нутгийн сонгуулийг зургаадугаар сард УИХ-ын сонгуультай зэрэг явуулахаар болсон.

Гэтэл МАН-ын бүлгийн гишүүд «Сонгуулийг зэрэг явуулах боломжгүй хэд   хэдэн   шалтгаан  бий. Тодруулбал УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулахад сонгуулийн систем нь өөр. Орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа 10 дугаар сарын сүүлээр дуусах учраас орон нутгийнхны хувьд хугацаа нь гүйцээгүй. Нөгөө талаар УИХ-ын сонгууль өгсөн сонгогчдын саналыг машинаар тоолно. Харин орон нутгийн сонгуулийн сонгогчдын саналыг гараар тоолох юм. Мөн сонгууль зэрэг явагдахаар санал авах хугацаа нь өөр өөр байх болно. Нэг хүн ганц өдөрт маш олон нэрийг дугуйлна гэх зэрэг том жижиг олон бэрхшээл тулгарна. Тийм учраас МАН-ын бүлгийн дарга МАН-ын бүлэг УИХ, орон нутгийн сонгуулийг салгах нь зүйтэй» гэж үзжээ.

 Мөн дээрх хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын өргөн мэдүүлсэн 1995 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг УИХ-аас олгох хуулийн төслийг нэн даруй хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Дээрх асуудлын хүрээнд АН-ын бүлэгт тодорхой саналыг тавьж, хамтарсан ажлын хэсэг гаргасан учраас энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа гэнэ. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид «АН-ын бүлэг УИХ, орон нутгийн сонгуулийг салгах нь буруу гэдэг хатуу байр сууринаас хандаж байгаа. Гэтэл танай намын бүлэг сонгуулийг салгах нь зүйтэй гэж үзээд хэд хэдэн шалтгаан тоочлоо. АН-ын бүлэг цаашид өөрсдийнхөө байр сууринаас хандаад байвал асуудлыг яаж шийдэх вэ» гэдэг асуудлыг тодруулсан юм. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин «Дээрх хэлсэн шиг л олон томоохон бэрхшээл учрахаар байна. Тухайн үед орон даяар шат шатны сонгуулийг зэрэг явуулах нь сүүлдээ сонгуулийн дүнгээ баталгаажуулахад төвөгтэй болчих вий гэж бодож байна. Хамтад нь явуулахад техник, хууль эрх зүй, улс төр талаасаа ч хүнд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй» гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.