Ө.Энхтүвшин: Ард нийтийн санал асуулга заавал явуулна
2011.07.06

Ө.Энхтүвшин: Ард нийтийн санал асуулга заавал явуулна

МАН-ынхан ард нийтийн санал асуулгыг заавал явуулна гэдгээ өчигдөр албан ёсоор дахин мэдэгдлээ. Уг нь, МАН, АН-ын бүлгийн дарга нар өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар улс орон даяар олон нийтийн санал асуулга явуулъя гэдэгт тохиролцож, зөвшилцсөн аж. Мөн Байнгын хороодын хуралдаан болон нэгдсэн чуулганы хуралдаан хэвийн явах болно гэдгийг ч хоёр намынхан тохиролцжээ. Гэтэл АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг тохиролцсон амнаасаа ухарч, буцсан байна. Өөрөөр хэлбэл, АН-ынхан сонгуулийн хуулиар санал асуулга явуулах шаардлагагүй. Үүнийг өөрсдөө шийдэх бүрэн боломжтой гэж үзсэн байна. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ойрын үед явуулснаас илүү 2012 оны сонгуультай хамт явуулах нь зүйтэй гэж АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд хэлжээ. УИХ-д сууж байгаа "цэнхэртнүүд"-ийн эл шийдвэрийг" улаантнууд" тун таагүй хүлээж авч буйгаа өчигдөр бүлгийн дарга Ө.Энхтүвшингээр дамжуулж.

Ард нийтийн санал асуулгыг явуулна гэсэн 1995 оны аравдугаар сарын 10-нд баталсан хууль байдаг. Уг хуульд санал асуулгыг томоор, жижгээр явуулна гэж нарийвчилж тусгаагүй юм байна. Түүнчлэн хуулийн дөрөвдүгээр зүйлд "Санал асуулгыг төрийн
гадаад, дотоод бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулна" гэж заасан* байдаг аж. Тэгэхээр сонгуулийг ямар аргаар явуулах вэ гэдэг нь төрийн тодорхой асуудал мөн хэмээн МАН-ынхан үзэж буйгаа илэрхийлэв. Гэхдээ дээрх санал асуулга явуулах тухай хууль нь 1995 онд батлагдсанаас хойш манайхан нэг ч удаа хэрэглэж байгаагүй  гэнэ. Гэсэн ч санал асуулга явуулах нь зүйтэй гэдэг байр суурьтаа  МАН-ынхан бат зогсож байгаа гэв. Мөн МАН-ынхан сонгуулийн тогтолцоог мажоритар буюу 52:24 гэсэн харьцаатайгаар явуулах байр сууриа өөрчлөхгүй ажээ.

МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.

-АН-ынхан сонгуулийг 38:38 хэлбэрээр явуулах санал гарган танай намд тавьсан гэсэн. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Тийм ээ. Ийм санал тавьсан. Гэхдээ үүнийг өчигдөр ч тавьсан юм биш. Нэлээн дээр хэлсэн. Манайхан бүлгийн хурлаараа хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Энэхүү маргааныг ард түмэн л хагалж өгөхгүй бол хоёр нам тийм ч амархан тохиролцохгүй нь. Тиймээс л санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн хэрэг.

-АН-ын бүлгээс бүх нийтийн санал асуулга явуулах бэлтгэл ажил хангагдаагүй, эрх зүйн орчин таатай бус гэж үзсэн байна. Мөн зардал мөнгө их гарах болно гэж байсан.Үүнд та ямар хариу өгөх бол?

-АН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөх талаас санал асуулга явуулах нь нэлээн төвөгтэй байна хэмээн үзэж байна билээ. Энэ бол үнэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хууль саяхан батлагдсан. Энэ хуулийн дагуу явна. Тиймээс ирэх онд явуулъя гэж үзэж байгаа юм билээ. Сонгуулийн хуультай холбоотой санал асуулгад нэг их бэлтгэл хангаад байх зүйлгүй. Та УИХ-ыг байгуулахад хүнээ сонгох уу, нам сонгох уу гээд л асуучихна. Үүнд тийм ч төвөгтэй бус. Зардал мөнгөний хувьд ч гэсэн зарим хүний ярьж буй шиг10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай биш. Бид тооцоо хийж үзэхэд гурав орчим тэрбум төгрөгт багтана гэж үзсэн. Сурталчилгааны зардал, тойрог хэсэг дээр ажиллах хүмүүсийн л цалинг өгнө.

-МАН-ынхан 2008 долдугаар сарын 1-ний  үйл явдлын дараа сонгуулийн тогтолцоог өөрчилье гэж анх дуугарсан. Мөн тухайн үеийн намын дарга С.Баяр ч гэсэн МАН-ын таван төгөлдөршлийн нэг нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр яагаад хэлснээсээ ухарч хуучин   хэлбэрээр сонгуулиа явуулах гээд байна вэ. Үүнийг зарим хүн мөнгөтэй холбож байна л даа?

-Мөнгө хаяж гарна гэж яриад байгаа. Сонгуулийн хуулиар үүнийг хааж өгсөн шүү дээ. Үүнд хяналт тавиад зохион байгуулалтдаа анхаараад явбал тухайн нэр дэвшигчийг шууд эргүүлэн татах ёстой. Бусад асуудлаар ч зохицуулж болно. Мөн бид иргэдийн саналыг судалж үзсэн.Сонгогчид хүнээ сонгоно гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс л мажоритар тогтолцоог сонгож байгаа. Энэ бол дан ганц бидний сонголт биш. Ард түмний сонголт юм шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.