Сонгуулийн хуульд нэмэрлэсэн саналуудын талаар ярилцлаа
Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж буй УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр үдээс хойш парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөн, эвсэл, холбоодын төлөөлөлтэй уулзлаа.
УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан УИХ-ын Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа нэмэрлэхээр өгсөн тэдгээр төлөөллийн байр суурийг сонсох, санал солилцох, ирүүлсэн саналуудынх нь талаар харилцан ярилцаж, хуулийн төсөлд хэрхэн тусгасан болон тусгах боломжтой талаар хэлэлцэхээр өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын дэд дарга, Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ дахь намын бүлгүүдийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн З.Энхболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, З.Алтай нар уулзалтад оролцсон юм. Парламентаас гадуурх нам, эвсэл, холбоо, байгууллагуудаас МАХН-ын Нарийн бичгийн дарга Л.Цог, МҮАН-ын дэд дарга Л.Цогтгэрэл, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Намын дарга Т.Оюунаа, Улс төр, стратеги судлалын хүрээлэнгийн тэргүүн Л.Эрдэнэтуул, АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, “Үндэсний Хас хөдөлгөөн”-өөс Б.Нанжид, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Л.Болд, Либерал намаас Б.Алтанчимэг нар уулзалтад ирж оролцлоо.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболд уулзалтын зорилгын талаар товч дурдаж, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн боловсруулалтын явцын тухай мөн сонсгож, тодорхой тайлбар хийлээ.
Дараа нь парламентаас гадуурх нам, эвслийн төлөөлөл ээлж дараалан Ажлын хэсэгт өгсөн саналуудынхаа талаар тодотгон ярьж, зарим тайлбарыг хийж байв. МҮАН-ын дэд дарга Л.Цогтгэрэл гэхэд л сонгуулийг цэвэр пропорциональ тогтолцоогоор явуулах, Монгол Улсыг нэг тойрог болгож, 76 мандатаар санал хураах зэрэг саналаа хэлсэн юм. Тэрээр энэ тухайгаа сонгуульд будилаан үүсэхгүй хамгийн зөв хувилбар хэмээж байсан.
Түүнчлэн иргэд, сонгогчдын итгэл даах Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулах нь чухал, нэр дэвшигчдийг нэг гараанаас эхлүүлэх, УИХ, Засгийн газрын гишүүд албан тушаалаасаа түдгэлзэж бусад нэр дэвшигчтэй ижил гараанаас сонгуульд оролцох ёстой гэсэн байр сууурийг илэрхийлсэн.
МАХН-ын Нарийн бичгийн дарга Л.Цог сонгуулийн хуулийг хоёр нам гардан хийж байна хэмээн шүүмжилсэн бол АНАТХ-ны тэргүүн, сэтгүүлч Г.Уянга СЕХ-ны гишүүдийг шударга бүрэлдэхүүнтэй болгох хэрэгтэй гэж байв. Мөн тэрээр сонгуулийн дараа долдугаар сарын 1-нийг давтахгүй байх нь чухал гэсэн үг хэлсэн.
“Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Л.Болд, сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө хоёроос гурван сарын хугацаанд багтааж, ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэлээ. Тэрээр сонгуулийн хуулийн талаар хэлэлцүүлэг явуулах хугацаа багахан үлдсэн юм бол УИХ-ын 2012 оны сонгуулийг зургаан сараар ухрааж, санал асуулга хийх хэрэгтэй тухай ч хэлэв.
Дараа нь уулзалтад оролцсон талууд нэлээд ажил хэрэгч байдалд шилжиж, өгсөн саналуудын дагуу зарим зүйл, заалт бүрээр ярилцан, санал солилцсон юм.
Энэхүү уулзалтыг УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, парламентын түүхэнд тохиож байгаа анхны бөгөөд ач холбогдолтой үйл явдал хэмээж байсан бол УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Ажлын хэсгийн хуралдаан бус санал солилцох, үр дүнтэй уулзалт гэж онцолж байлаа.
Ихэнх саналууд УИХ-ын Ажлын хэсэг болон УИХ дээр яригдаж, дэмжигдсэн саналтай давхцаж байгаа хэдий ч зөрүүтэй байгаа саналууд дээрээ нухацтай ярилцах нь зүй хэмээн уулзалтад оролцогч Г.Уянга нарын хүмүүс тэмдэглэн хэлж байсан. Уулзалтын үеэр сонгуулийн дагнасан шүүх болон сонгуулийн автоматжуулсан системийн тухай, сонгууль явуулах өдөр, гаригийн талаар ч асуудал хөндөгдөж байсан юм.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30