УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл хийв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Хэвлэлийн бага хуралд Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн сонгуулийн хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Л.Болд нарын мөн өргөн мэдүүлсэн сонгуулийн хуулийн төслүүдийг 2010 оны тавдугаар сарын 13-нд УИХ нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэхээр шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж байсан. Ингээд Ажлын хэсэг тус байнгын хорооноос байгуулагдаж, 2011 оны зургадугаар сарын 13 хүртэл 16 удаа хуралдаж, төслүүдийг нэгтгэн боловсруулан, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байлаа.
Дээрх төслүүд нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой байхаар боловсруулагдсан байсан аж. Ажлын хэсэг эдгээр төслийг нэгтгэн холимог хувилбар буюу олонхи болон хувь тэнцүүлсэн тогтолцоог агуулсан нэг төсөл болгосон юм байна. Үүнтэй холбоотойгоор парламентад суудалтай болон суудалгүй намууд, УИХ-ын гишүүд, СЕХ, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаач, иргэдээс 300 орчим саналыг Ажлын хэсэгт ирүүлсэн байна. Үүнийг ажлын хэсэг багцлан нэгтгэн боловсруулж, ажиллажээ.
Тоо баримт:
Ингээд Ажлын хэсэг нийт 26 удаа хуралдсан бол Төрийн байгуулалтын байнгын хороо 13 удаа хуралдсан аж. Харин чуулганы нэгдсэн хуралдаан нийт 4 удаа хуралдаж байжээ. Эцэст нь 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг гишүүд хэлэлцэн баталсан юм.
Сонгуулийн хуулийн төслийн талаарх 147 зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэн санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулсан байна. Төслийн эцсийн хэлэлцүүлгийн явцад сонгуулийн тогтолцоотой холбоотой, сонгуулийн хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг нээлттэй үлдээсэн саналаар 169 зарчмын зөрүүтэй саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулсан аж. Эдгээр 169 зарчмын зөрүүтэй санал нь төслийн 600 гаруй зүйл, заалтыг хөндсөн байна.
Сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт:
1. Олонхийн буюу мажоритар тогтолцоо, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоог хослуулсан холимог хэлбэрийн тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулахаар хуульд тусгасан. Энэ холимог тогтолцоо нь өмнөхөөсөө илүүтэйгээр сонгогчдын санал сонгуулийн үр дүнд тусгалаа олоход дөхөмтэй болсон байна.
2. Сонгуулийн хуулийг болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, сонгогчийг өөртөө татах, саналаа өгөхөд нь хууль бусаар нөлөөлөх, санал худалдаж авахад чиглэсэн аливаа зөрчил, үйлдэл гарах нөхцөлийг бүх түвшинд хаах, хэрэв ийм үйлдэл гаргавал зохих хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгаж оруулсан байна. /сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгох хугацаанд, мөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгогчдыг татах зорилгоор мөнгө, эд зүйл төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, алив үйлчилгээг төлбөргүй үзүүлэх, биеийн тамирын уралдаан, урлагийн тоглолт зохион байгуулах, ивээн тэтгэж оролцох, хүлээн авалт, дайллага зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох юм/
3. Нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байх юм. Харин энэ талаар төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх шаардлагыг хуульд нэмж тусгажээ. Түүнчлэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аливаа мөнгө, эд хөрөнгө, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь зэргийг хүртээхээр амлах, тусгахыг хориглох зохицуулалтыг оруулж өгсөн байна.
4. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирал Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшихээр бол сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа болон төрийн албанаас чөлөөлөгдсөн байх нь зүйтэй хэмээн хуулинд тусгаж оруулсан байна.
5. Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулж, сонгогчдын бүртгэлийг зөвхөн иргэний бүртгэлийн байгууллага хариуцан гаргахаар болсон. Энэ нь хариуцлагын тогтолцоог Төрийн албаны тухай хуультай уялдуулан тогтоож өгснөөрөө ач холбогдолтой болжээ.
6. Иргэн, сонгогч засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсоож, санал авах өдрөөс 30 хоногийн өмнө сонгогч шилжихийг хориглохоор хуульд тусгасан байна.
7. Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах, холбоо, мэдээллийн техник технологийг ашиглах нь зүйтэй гэж шийдвэрлэж, энэ асуудлыг тусгай хуулиар зохицуулахаар болсон. Уг хуулийг Улсын Их Хурал 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан.
8. “Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй явуулж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байх”-аар өөрчилсөн байна. Мөн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоох болсон байна.
9. Нам, эвслээс нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй нэр дэвшигч байхаар хуульд тусгасан.
10. Энэ удаагийн шинэ хуульд сонгогчдын саналыг урьдчилан авахгүй байхаар тусгагдсан.
11. Санал авах өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар хэсгийн хорооны зарим гишүүд явдаг байсныг болиулсан. Харин санал авах өдрийн өмнөх өдөр нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар зохицуулалтыг оруулсан байна. Ингэснээр, санал авах өдөр тухайн хэсгийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжийг нээж өгсөн аж.
12. Хэсгийн хороог сонгогчдынх нь тоог харгалзан байгуулахдаа сонгогчдын тоог багасгаснаар хэсгийн хорооны тоог нэмэгдүүлэхээр хуульд тусгажээ.
13. Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчийн нэр, хэрэв нэр дэвшигч нь нам, эвслээс нэр дэвшсэн бол нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг болон нам, эвслийн нэрийг бичсэн гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн өмнөх дугаарыг, саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эвслийн нэрийн өмнөх дугаарыг Сонгуулийн ерөнхий хорооны баталсан журмын дагуу тэмдэглэхээр хуульд тусгасан байна.
14. Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулахдаа олонхийн /мажоритар/ болон хувь тэнцүүлсэн /пропорциональ/ тогтолцоог хослуулан 48 гишүүнийг 26 тойргоос, 28 гишүүнийг нам, эвслийн сонгуулийн хуульд заасан нэрийн жагсаалтаар сонгохоор тусгаад байна.
15. Сонгуулийн дүнг хувь тэнцүүлэх зарчмаар тооцож, улс төрийн намуудад суудал хуваарилахад оролцох намуудын авах саналын босгыг 5 хувиар байхаар тогтсон байна.
16. Тойрогт нэр дэвшигч болгон хувь тэнцүүлэн суудал хуваарилахад шилжихгүй бөгөөд зөвхөн сонгогчдын саналын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцоогүй нэр дэвшигчид нь хувь тэнцүүлэн суудал хуваарилахад шилжих юм. Энэ шилжих үйл явцыг хуульд нарийвчлан тусгаж өгчээ.
17. Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг заахдаа, торгуулийн хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох, холбогдох зөрчил гаргасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийн сонгуульд оролцох бүртгэлийг хүчингүй болгох зэрэг асуудлыг тусгаж өгсөн байна.
18. Иргэний шинэ цахим үнэмлэх нэвтрүүлэх болсонтой холбоотойгоор өмнө нь сонгогчийн үнэмлэх олгодог байсныг шаардлагагүй гэж үзсэн байна.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нар Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултад тодорхой хариулт өглөө. Нэр дэвшигчийг эргүүлэн татах, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах боломж байгаа эсэх, сонгууль явуулах өдөр, 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн шилжих үйл явц, эмэгтэйчүүдийн квот, гадаадад буй монгол иргэд сонгуульд хэрхэн оролцох, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлбөртэй сурталчилгаа болон үүнд хэн, хаанаас хяналт тавьдаг тухай, сонгуулийн хуулийн асуудлаар хэн нэг иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж болох эсэх тухай зэрэг сонирхсон олон асуудлаараа сэтгүүлчид Хэвлэлийн хуралд мэдээлэл хийсэн хоёр гишүүнээс тодруулга авч чадсан юм.