Р.Бурмаа: УИХ, Орон нутгийн сонгууль нэг өдөр болно
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.02.19

Р.Бурмаа: УИХ, Орон нутгийн сонгууль нэг өдөр болно

Сонгуулийн хуулиудыг нэгтгэх ажлын хэсэг байгуулагдаж, энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахалж байгаа. Сонгуулийн хуулийн явц болон Ажлын хэсгийн явуулж буй ажлын талаар түүнтэй уулзаж, ярилцлаа.

-Сонгуулийн хууль ямар шатандаа явна вэ. Ажлын хэсгээс ямар өөрчлөлтүүд оруулахаар болж байна?

-Сонгуулийн хуулийн ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хорооны заавар чиглэлийн дагуу ажиллаж байна. Намрын чуулганы хугацаанд судлаачид, шинжээчид, иргэдээс Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хууль санаачлагчийн зүгээс болон төрийн бус байгууллага, шинжээчдийн илтгэлийг хэлэлцэж ажлын хэсэг хүлээн авч, хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Хуулийн төсөл дээр хэд хэдэн зарчмын асуудал дээр тогтож байна. Мөн сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг болох.

-УИХ-ын сонгуулийн маргаан хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ мэт сонгуулийн үеэр үүссэн маргааныг шуурхай шийдвэрлэх, эсвэл өөр аргаар шийдвэрлэх зохицуулалт хийж байгаа гэсэн?

-Сонгуулийн маргаан хоёр жил ч сунжирч үргэлжлэх тохиолдол гардаг. Сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэх талаар хэлэлцэж байна. Сонгуулийн үеэр маргаан шийдвэрлэх тусгай байгууллагыг байгуулахаар хуульд тусгаж байгаа. Энэ байгууллага нь 60 хоногийн дотор маргааныг эцэслэн шийдвэрлэх юм. Бүх шүүхийн процесс нь 60 хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ.

-Нэр дэвшигчдийн зардлыг бууруулахаар хуульд тусгаж байгаа юу?

Сонгуулийн зардлыг хямдруулахаар ярьж байна. Сонгуулийн үеэр маш их зардал гаргадаг.

-Сонгуулийн үеэр нэр дэвшигчид асар их хэмжээний мөнгө зарцуулдаг. Сонгуулийн үеэр санхүүжилт авсан хандиваа гишүүн болсны дараа эргүүлэн төлөх, сонгуулийн зардлыг бууруулснаар сонгуулиас эхлэлтэй авлигыг зогсоох давуу талтай. Сонгуулийн зардлыг хямдруулахаар ярьж байна. Сонгуулийн үеэр маш их зардал гаргадаг. Хандив цуглуулдаг. Сонгогдсоныхоо дараагаар эргээд тэндэд хариу барих гэсэн сөрөг үзэгдэл гардаг.

Ийм учраас сонгуулийг аль болох хямд зардлаар явуулах талаас нь хуулийн зохицуулалт хийж байна. Тухайлбал, сонгуулийн самбар байршуулахаар өдөр бүр төлбөр төлдөг. Үүнийг зохицуулна. Жишээлбэл, Германд замын хажуугийн зүлэг дээр сурталчилгааны самбарыг үнэгүй тавих эрхийг нь өгчихдөг. Энэ мэтчилэн мөнгө бага зарцуулах ямар боломж, хувилбар байгааг судалж байна.

-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулахаар болсон уу, тус тусдаа явагдах уу?

-Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн дүн нэг өдөр болохоор яригдаж байна. Үүнд сум,  болон дүүргийн ИТХ-ыг оруулах уу, үгүй юу гэдэг дээр санал зөрүүтэй байгаа. Аймаг, нийслэл болон УИХ-ын сонгуулийн санал хураалт нэг өдөр явагдана. Үүнд улс төрийн намууд санал нэгдсэн.

-Холимог системээр явуулах зарчмыг нэгдсэн хуульд тусгах уу?

-Холимог системийн хэлбэрийг хэвээр үлдээж, 48 тойргийг 28 болгох уу гэдэг нь яригдаж байна. Гэхдээ тойргуудыг нэг мандаттай болгох талаар хуульд тусгахаар ажлын хэсэг санал гаргасан. Сонгуулийн систем дээр 48 тойрогтой байх, 28 тойрогтой байх гэсэн хоёр үндсэн асуудал яригдаж байгаа. Хэрвээ энэ санал дэмжигдвэл 28 нь намын нэрсийн жагсаалтаар, 48 нь нэр дэвшиж сонгогдоно. Ажлын хэсгийнхэн хаврын чуулган эхлэхэд хуулийн төслөө өргөн барина гэж бодож байна. Техникийн ажлын хэсгийнхэн ажиллаж байна.

-Сонгуулийн холимог хувилбар нь Үндсэн хууль зөрчөөд байгаа гэж үзэх хүмүүс бий?

-Үндсэн хуулийн Цэцэд сонгуулийн холимог хувилбарын асуудлаар 2012 онд иргэд хандсан. Үндсэн хуулийн Цэц сонгуулийн холимог хувилбарыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Тиймээс сонгуулийн холимог хувилбарыг одоогийн Үндсэн хуулийн хүрээнд явуулж байгаа. Харин харьцаа нь 48 байх уу, 28 байх уу гэдэг дээр ярьж байна.

-Бүх тойрог нэг мандаттай байх уу?

-Нэг аймаг хоёр мандаттай, нийслэлд нэг дүүрэг гурван мандаттай байгаа. Үүнийг аймаг, дүүргээр нь бус тойргоор нь явуулна. Нэг намын хүмүүс дотроо өрсөлддөгийг болиулна. Нэг тойрог дээр нэг л мандаттай байна гэж ярилцаж байгаа. Энэ асуудал дээр ерөнхийдөө санал нэгдсэн. Өнөөдөр аймаг дүүргийн зохион байгуулалттай байгааг тойргийн зохион байгуулалтад оруулна. Хүн амаасаа шалтгаалаад аймаг, дүүргүүд тойргоор хуваагдана.

-Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүд нэр дэвших эрхтэй болж байгаа гэсэн?

-Орон нутгийн сонгууль дээр квот заагаагүй. Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа хүмүүсийг сонгуульд оролцох боломжийг нь нээж өгснөөрөө багш, эмч гээд хүмүүс орон нутгийн сонгуульд олноор оролцсон. Үүнийг нэгдсэн сонгуульд хадгалж үлдэхээр болсон. Аймаг, нийслэлийн сонгуульд оролцож байгаа хүмүүст квот байх нь зүйтэй гэж үзэж байна. Одоогийн 20 хувийн квотыг нэмэх нь зүйтэй гэж үзсэн.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 99 болгоно гэсэн гэсэн яриа бас байсан. Энэ үнэн үү?

-Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийг 76 байна гэж заасан. Энэ дагуу явна. Өөрчлөлт орно гэсэн үндэслэл байхгүй. Хүмүүсийн яриад байгаа шиг 99 болгох, тоог нэмэх талаар яригдаагүй.

-Сонгогчдын саналыг гар аргаар тоолох уу эсвэл автомат системээ ашиглах уу?

-Саналыг автомат машинаар тоолно. Автомат машины тоолсныг хяналтын гар тооллогоор баталгаажуулдаг хэлбэр Ерөнхийлөгчийн болоод орон нутгийн сонгуулийн хуулинд байдаг. Харин УИХ-ын сонгуулийн хуулинд байдаггүй. Бид бүх сонгуулиудад хяналтын тооллогыг баталгаажуулж өгнө. Өөрөөр хэлбэл, автомат машинаар тоолсны дараа тойргуудаас санамсаргүй байдлаар сонгон авч гар аргаар тоолж, саналыг баталгаажуулна.