Ч.Улаан: Төсвийн тодотголыг улс төрийн шинжтэй гэдэгтэй санал нэгдэх ёстой
Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Ирэх оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэг дээр одоо хэр нь санал нэгдэж чадаагүй байна. Таны хувьд аль хувилбарыг илүүтэй дэмжиж байгаа вэ.
-УИХ дахь хоёр намын бүлгээс ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үүнээс дундын нэг хувилбар гарах ёстой. Харин гаргаж ирсэн хувилбар дээрээ санал нэгдэж чадах эсэхийг ажлын хэсгийнхнээс тодруулна. Бидний хувьд ажлын хэсгийнхэн ямар хувилбарыг санал болгоно, түүнийг дэмжихэд бэлэн байна.
-Бүлгээс гаргаж байгаа хувилбар дээр мэдээж санал нэгдэх байх. Гэхдээ таны хувьд аль хувилбарыг илүүтэй дэмжиж байна вэ?
-Сонгуулийн тухай хуулийг шинэчилье, улам боловсронгуй болгоё гэдэг байр суурьтай байгаа. Миний тухайд холимог тогтолцоог дэмжиж байна даа.
-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж чадахгүй явсаар он гаргаж магадгүй гэж ярилцах юм. Хэрвээ энэ тохиолдолд хүрвэл хуучин мажоритар тогтолцоогоор сонгууль болно гэсэн үг үү?
-УИХ-д төлөөлөлтэй намууд аль нэг тогтолцоон дээрээ санал нэгдэхгүй бол ирэх сонгууль хуучнаараа л явна даа.
-Ер нь хуучин мажоритар тогтолцоог булхай луйвар их, сонгууль их будлиантуулдаг, дов жалганы үзлийг улам нэмэгдүүлдэг, улсын хөгжлөөс чангаасан сул тал ихтэй гээд өөрчлөхөөр шийдсэн. Тэгэхээр нөгөө өөрчлөлт нь юу болж хувирах вэ?
-Хуулиасаа болж сонгууль будилдаг юм биш. Харин хуулийг хэрэгжүүлэх явцад гажуудсанаас болж сонгууль будилдаг шүү дээ. Ер нь аль ч хуулиар явсан сонгууль будлиангүй шударга болно гэж хэн ч хэлж чадахгүй. Түүнийхээ оронд хуулиа яаж хэрэгжүүлэх вэ. Хуулийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтаа хэр хийх вэ гэдэг нь чухал. Түүнчлэн бүртгэл тооцоо болон хяналт зохион байгуулалтаа яаж хийх вэ гэдэг нь хувь хүний үйл ажиллагаанаас хамаарна.
-Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоё гэсэн яриа байна. Үүнийг хүмүүс ахмад гишүүдээ авч үлдэх гэсэн улс төрийн башир арга мэтээр хүлээн авч байна. Харин таны хувьд энэ нь хэр боломжтой хувилбар вэ?
-Гишүүдийн тоонд учир байгаа юм биш. Олон жил сонгогдсон ахмад гишүүдийг бодож, гишүүдийн тоог нэмэгдүүлэх юмуу хязгаарлах гэж хууль санаачилж байгаа бол тийм байж таарахгүй. Манай улсын аль ч шатанд удирдлагын орон тооны зардал ихэссэн.
Тиймээс гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.
Аль болох цөөхөн гишүүнтэй, мэргэшсэн парламенттай байхад болохгүй юмгүй. Манайхаас өндөр хөгжилтэй, олон хүн амтай улс орнууд жижигхэн парламенттай байж байна. Тэд одоо хэр нь болоод байна. Зайлшгүй тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж харахгүй байгаа. Харин ч гишүүдийн тоог цөөлж, чанарыг сайжруулах хэрэгтэй.
-Иргэдээс энэ талаар асуухад 99 гишүүн хэрэггүй. Цөөлөх нь чухал гэсэн байр суурьтай байна лээ. Манайх шиг цөөн хүн амтай улс оронд УИХ-ын гишүүдийн тоо хэд байвал илүү зохистой байх бол?
-Үүнийг хэлэх аргагүй. Цаашид ярилцаж байгаад шийдэх ёстой. Улсын бага хурал 51 гишүүнтэй байх үед болж л байсан. УИХ яг төдөн гишүүнтэй байна гэж хэлэх шалгуур үндэслэл алга.
-Сонгууль дөхөх тусам МАН-ын дотоод зөрчил ил гарч, албан тушаал, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн их явж байна гэсэн. Үүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг Германаас удирдаж байгаа гэх юм?
-Энэ талаар огт яригдаагүй. Бидэнд мэдэгдээгүй. Нийгэмд явж байгаа дэл сул яриа бидэнд сонсогдож байдаг. Харин бодит байдал дээр энэ талаар яригдсан зүйл байхгүй.
-МАН-ынхан "Элит" төвд хуралдах үеэр намын дотоод зөрчлөө ярилцсан гэсэн мэдээлэл байна лээ. Түүнчлэн МАН-д Сангийн яам хэрэгтэй байгаа талаар санал гаргасан гэж дуулдсан. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Ийм яриа гараагүй. Би уулзалтыг дуустал нь байсан. Цаашид яаж ажил төрлөө зохион байгуулах вэ, ирэх оны төсвийг батлахад ямар бодлого барих вэ, 2008 оны сонгуулийн амлалтаа хэрхэн биелүүлэх вэ гэдэг талаас нь ярилцсан.
-Таны хувьд намрын чуулганы үеэр ямар, ямар хуулин дээр түлхүү ажиллах вэ?
-Миний хувьд Улсын нэгдсэн төсөв, ирэх оны хөгжлийн бодлого, төрийн мөнгөний бодлого гэх мэт хэд хэдэн хуулийн төсөл дээр анхаарч ажиллана.
-Манай улсыг гадны байгууллагынхан Улсын нэгдсэн төсөвтөө тодотгол хийх шаардлагагүй. Хэрвээ тодотгол хийвэл эдийн засгийн хувьд хямралын байдалд орно гэсэн дүгнэлтийг хийж байсан. Харин таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Өнөөгийн эдийн засгийн байдал уул уурхайн бүтээгдэхүүнээс үүдэж их савлаж байна. Үүнд зориулж төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-аас баталсан. Тиймээс цаашид үнийн өсөлтөөс болж, эдийн засагт хүнд савлагаа ирэхгүй. Харин цаашид эдийн засаг хямарч магадгүй гэсэн зүйл ажиглагдаж байна.
Учир нь Засгийн газрын зардал их өсөж байна.
Энэ нь хувийн хэвшлийн хөгжилд хүндрэл учрах байдал ажиглагдах юм. Түүнчлэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсөх бодитой байдал анзаарагдаж байгаа. Манай улсын эдийн засаг түргэн хурдацтай тэлж байна. Энэ нь эдийн засгийн халалтыг бий болгож байна. Тэр дундаа ард иргэдийн амьжиргааны түвшин буурах зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй. Тиймээс маш ухаалаг зөв бодлого явуулах ёстой. Ийм нөхцөл байдалд төсөвт тодотгол хийгээд, улсын зардлыг нэмэгдүүлбэл эдийн засгийн хямрал болно. Үүн дээр учир мэдэх хүмүүс санал нэгтэй байгаа. Төсөвт орлого нэмэгдэж бололцоо гарч байгаа бол эдийн засгийн үзүүлэлтэй сайжруулах асуудалд илүүтэй анхаарах ёстой. Тэгэхгүй орлого нэмэгдсэний хэрээр зарлага нэмэгдээд байвал энэ нь сайн зүйлд хүргэхгүй. Би төсөвт тодотгол хийхийг дэмжихгүй байгаа.
-Төсөвт тодотгол хийх гээд байгаа нь улс төрийн шалтгаантай гэж хардлага байна?
-Хардлага биш шүү дээ. Харин асуудалд хандаж байгаа хандлага нь тэр. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал ийм дүгнэлт хийхэд хүргэж байна. Учир нь сонгууль ойртож байгаатай холбоотой. Сонгуулийн уур амьсгал бүх хүнд орчихсон байна. Ийм үед эдийн засгийн үр ашгаа бодох гэхээс илүү нийгэмд таалагдах, халамжийн чиглэлтэй үйлчилгээг нэмэгдүүлсэн санал давамгайлдаг шинжтэй болдог. Түүнчлэн өмнөх сонгуулийн үеэр ямар ч амлалт өгсөн бай хамаагүй биелүүлсэн байдал үзүүлэхийг хичээж байгаа хандлага ажиглагдаж байна. Энэ бүхэн эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголыг улс төрийн шинжтэй гэдэг дээр санал нэгдэх ёстой. Сайжруулж чадахгүй бол аливаа нэгэн өөрчлөлтийг хийгээд хэрэггүй.