Л.Гантөмөр: Үнэхээр мөнгө тараадаг болбол чадалтай аавын хүү Монголоор нэг байгаа
2011.07.20

Л.Гантөмөр: Үнэхээр мөнгө тараадаг болбол чадалтай аавын хүү Монголоор нэг байгаа

УИХ-ын гишүүнЛ.Гантөмөртэй цаг үеийнасуудлаар ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө эрх баригч хоёр нам удахгүй батлагдах Сонгуулийн хуулийн тогтолцооны асуудал дээр тохиролцох ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн хурал чуулганы үйл ажиллагаа завсарласантай холбоотойгоор зогссон. Та энэ ажлын хэсэгт ажилласан хүний хувьд асуудал ямар шатанд байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Ажлын хэсгийн хуралдаанаар хэд хэдэн зүйл ярилцаж тохирсон. Эхнийх нь холимог системээ баталгаажуулсан. Холимог систем дотроо янз бүр байдаг. Тухайлбал, мажоритар тогтолцоогоор дэвшсэн хүн ялагдсан ч гэсэн жагсаалтын дээгүүрт байвал сонгогдож болдог буюу шилжих зарчим. Нөгөөх нь жагсаалтаараа буюу шилжихгүй гэсэн зарчим. МАН-ынхан шилжихгүй гэж байсан. Харин манай намын хувьд шилжих зарчмыг барина гэсэн. Үүнийхээ дагуу шилжих зарчмыг барина гэж ажлын хэсэг дээр тохиролцсон зүйл бий. Хоёрдугаарт, тойрог дээрээ хэдийгээр нэгдүгээр байр эзэлсэн ч гэсэн сонгогчдын 51-ээс дээш хувийн санал аваагүй бол жагсаалт руугаа очиж, шийдүүлдэг зарчмыг хоёр тал тохирсон байгаа. Гуравдугаарт, жагсаалтад байгаа нэр дэвшигчийн төлөө санал өгөх хэрэгтэй гэж МАН-ынхан санал тавьсан.

Манай нам намд нь санал өгөх нь зүйтэй гэсэн. МАН-ынхан ч үүнийг дэмжсэн. Гэтэл улс төрийн намыг сонгож байна гэсэн буруу ойлголт байна. Ийм биш юм. Харин улс төрийн намын жагсаалтаар явна гэдэг хүнд саналаа өгч байгаа гэсэн үг. Гэхдээ тэр эрэмбэ, авсан саналынхаа хэмжээгээр нэр дэвшигчид сонгогдох учиртай.  Өнөөдрийг хүртэл сонгуулийн тойргийг газар нутгаар нь шийдсэн. Энэ нь засаг захиргааны төлөөлөл тэнцүү байх ёстой гэж үзсэн хэрэг. Ирэх сонгуулийн тухайд засаг захиргааны төлөөллөөс гадна шинэ тооллогын дагуу хүн амын төлөөллийг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олон хүнтэй аймаг, дүүрэг нь гурван төлөөлөлтэй болъё гэдэг ч юм уу хүн амын төвлөрлийг харгалзан тойргийг шийдвэрлэнэ гэж тохирсон. Энэ бол урагшаа харсан их зөв алхам.

-Тохиролцож чадахгүй байгаа тоон дээрээ яах вэ. МАН 52:24, МАН 50:26 хувилбар дээрээ хатуу зогсоно гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Та бүхэн мэдэж байгаа байх. Ардын нам 52:24 буюу мажоритар нь давамгайлна гэж байгаа. Харин манай нам 50:26 буюу пропорциональ давамгайлсан хувилбарыг санал болгосон. Ажлын хэсгийн сүүлийн уулзалтад бид тодорхой буулт хийсэн. Энэ нь 38:38 байж болох юм. МАН тэнцүү тоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч ажлын хэсгийн хуралдаанаар тэнцүү байхын ач холбогдлыг ойлгуулна гэж бодож байна. Чухам аль нь давамгайлах нь Монгол Улсад хэрэгтэй юм гэдэгт нэгдсэн ойлголцолд хүрэхэд хугацаа хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш энэ манай намын санал гээд хэн нэг нь хүч түрэмгийлэх нь зохихгүй. Мажоритар нь бидэнд чухал гэж л байгаа бол түүнийгээ батлах ёстой. Тэгвэл ойлгоно шүү дээ.

-Хоёр намын бүлгийн санал зөрөлдөж буй өөр нэг асуудал бол ард нийтийн санал асуулга явуулах уу, үгүй юү гэдэг юм. АН санал асуулга явуулах хэрэггүй гэсэн шийдвэр гаргасан шалтгаан нь юу юм бэ?

-Үүнийг зарим хэвлэлээр Ерөнхийлөгчтэй холбоод байсан. Тийм зүйл байхгүй. Ард нийтийн санал асуулгыг анх санаачилсан хүмүүс нь манай намынхан. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг харахад асуултаа хэрхэн тавих вэ гэдэг нь асуудалтай. Жишээ нь Ардын намаас "52:24 хувилбарыг дэмжих үү" гэсэн асуулт тавъя гэсэн санал гарлаа. Харин бидний зүгээс "50-.26 хувилбарыг дэмжих үү" гэнэ. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар энэ хоёр тооны алийг нь сонгох вэ гэсэн асуулт тавих ёсгүй. Зөвхөн тийм, үгүй гэсэн хариулт дээр л санал авдаг. Тэгэхээр хоёулаа өөрийнхөөрөө асуух гэж оролдоно. Манай намын бүлгийн шийдвэрээр ганцхан Сонгуулийн тухай хууль дээр санал асуулга явуулах нь учир дутагдалтай, зардал мөнгө их гарна гэж үзсэн. Нэгэнт санал асуулга явуулах гэж буй бол Үндсэн хуулиараа мөн санал асуулга явуулъя гэдэг санал гарсан юм. Хэрэв ингэж хамтад нь явуулбал дөрвөн сарын хугацаа хэрэгтэй. Иймээс л Сонгуулийн тухай хуулийг хугацаанд нь хэлэлцэж амжихгүй болчхоод байгаа юм.

-МАН-аас нам сонгох уу, хүн сонгох уу гэдэг асуулт тавина гэж байгаа. Үүнтэй санал нийлж байна уу?

-Намыг хэзээ ч сонгохгүй. Хүнийг л сонгоно. Энэ асуулт нь өөрөө буруу байгаа юм. Миний хувьд олон хүн сонгох уу, цөөн хүн сонгох уу гэдэг асуултыг тавих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Энэ мэт тавих асуултад ээдрээтэй зүйл бий. Гэтэл МАН ард нийтийн санал асуулгаас АН-ынхан ухарчихлаа гэсэн РR хийж байгаа болохоос биш үнэндээ санал асуулга явуулах боломжгүй болчхоод байгаа хэрэг.

-НамрынчуулганаарСонгуулийн тухай хуулийг баталж чадах уу. Хэрэв намын бүлгүүд тохиролцож чадахгүй, өөр, өөрийнхөөрөө зүтгэвэл одоо мөрдөгдөж буй хуулиараа л явах дүр зураг харагдаж байна гэж зарим хүмүүс харж байгаа?

-Намрын чуулганаар баталж чадна гэдэгт итгэлтэй байна. Ер нь УИХ-ын 76 гишүүн сууж байгаад 54:24, 50:26, 38:38 хувилбарын аль нь давуу талтай байна гэдгийг ний нуугүй ярилцах хэрэгтэй. Энэ хувилбараар нь явбал энэ намд ашигтай гэж таамаглахад хэцүү болчихсон. Учир нь хоёр намын рейтинг нийлээд 50 хувь хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл бий. Парламентад сууж буй гишүүд, МАН-ынхан мөнгө тараагаад ялна гэсэн баталгаа байхгүй. Хуулиараа хориотой. Үнэхээр мөнгө тараадаг юм болбол тараачих чадалтай аавын хүү Монголоор нэг байгаа. Миний хамгийн их эмзэглээд байгаа зүйл сонгууль шударга явахгүй, мөнгөтэй хүмүүс парламентад гарах зэрэг нь Монголын ардчиллыг үхдэл болгож байна. Үүнээс үүдэн залуу үе ардчилсан тогтолцоонд итгэх итгэл нь алдарч байна. Тиймээс ардчиллыг аврахын тулд мөнгөний хүчин зүйлийг аль болох багасгах хэрэгтэй. Аль, аль тал нь зөв шийдэлд хүрэх болов уу гэж ойлгож байна.

-38:38 хувилбарыг сонговол тойрог хуваарилалт хийхэд хэцүүтулахиадтогтолцооноосоо илүү хугацаа алдана гэж заримгишүүд ярьж байсан. Та үүнтэй санал нийлж байна уу?

Газар нутаг нь тодорхой, хүн амаа тоолсон, хөрөнгө мөнгөний чадавх ойлгомжтой ийм үед тойрог хуваарилалт хийх нь амархан.

-Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөг авна гэдгээ зарласан. Улс төрийн намуудын тухай хуульд хуулийн этгээд 10 сая, хувь хүн гурван сая төгрөг өгөх ёстой байдаг. Тэгэхээр одоогийн намуудын авч байгаа хандив хууль зөрчиж байгаа юм биш үү?

-Нэр дэвшигчдээсээ авдаг татвар бол хамгийн ил тод нь. Хандив биш гэдгийг хэлмээр байна. Манай намын гишүүний жилийн татвар 1000 төгрөг, намын хорооны гишүүний жилийн татвар 100-200 мянган төгрөг, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнийх нэг сая төгрөг байдаг. Энэ бол намын дүрэмд бий. Тэгэхээр ямар ч хууль зөрчөөгүй. Ил тодоор сонгуулийн сурталчилгааныхаа мөнгийг олж буй юм. Жирийн гишүүдээсээ татвар авч байгаа юм чинь нэр дэвшигчдээс татвар авах эрх нь улс төрийн намуудад бий.

-Эрх баригч нам, улстөрчид лоббид автаж байгаа нь нэр дэвшигчдийн босгоос үүдэлтэй гэдэг. Тийм байдал ч ажиглагдах тохиолдол бий?

-Харин ч эсрэгээрээ нэр дэвшигчид тодорхой татвартай болсноор улс төр ил тод болж байгаа. Хэрэв татвар авдаггүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгаа болон ухуулагчдын цалинг хэн, хаанаас төлөх юм бэ. Ер нь нэр дэвшээд ялъя гэж байгаа хүн намынхаа татварыг өгч чадахгүй бол цаашаа яаж сонгуульд оролцох юм.

-УИХ-ын гишүүн З.Энхболд, Г.Баярсайхан нар нэр дэвшигчдийн босго мөнгийг багасгая гэж гишүүдээр гарын үсэг зуруулжбайсан. Та энэ саналыг дэмжсэн үү. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт танилцуулсан боловуу?

-Энэ талаар Гүйцэтгэх зөвлөл хэлэлцэнэ гэсэн. Гэхдээ чухам ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй байна.

-Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ сайн болоогүй гэх шүүмжлэл байна. Таны хувьд уг гэрээг олж харав уу?

-УИХ-ын гишүүдэд эцсийн байдлаар ирээгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьж байгаа гэсэн. УИХ тогтоолоо баталсан. Тийм учраас тогтоолыг баримталж л ажиллах ёстой.

-ОХУ, Хятад,АНУТавантолгойн хөрөнгө оруулагчаар тодорсон. Үүнийг зөв сонголт гэж бодож байна уу?

-Ер нь Орос, Хятад, Америк оролцож л таарна. Харин нэмээд Япон, Солонгос оролцвол илүү нээлттэй байх боломж бий. Нээлттэй гэдэг нь бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах дээр гаргах чадамж нь нэмэгдэх болов уу. Мөн манай улс Япон улстай сүүлийн 20 жил "найзаллаа". Тэгэхээр тэдний компанид боломж олгон оролцуулах нь Монгол төрийн хувьд жудаг шаардаж байгаа юм. Хэчнээн Монгол Солонгост ажиллаж, амьдралаа залгууллаа гэдгийг бодох хэрэгтэй байсан байх. Чухам Япон, Солонгос хоёр яагаад хасагдсаныг мэдэхгүй байна. Хасагдсан эсэхийг нь ч сайн мэдэхгүй л байна.

-Ээлжит бус чуулган хуралдах сурагтай байсан. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Тавантолгойн талаар хэлэлцээд эцэслэчихлээ гээд тодорхой шийдвэр гаргавал мөн Сонгуулийн тухай хууль дээрээ тоогоо тохирчихлоо гэвэл УИХ цугларч болно.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.