Р.Бурмаа: Сонгуулийн зардлыг танахын тулд хуулиар зохицуулна
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.03.19

Р.Бурмаа: Сонгуулийн зардлыг танахын тулд хуулиар зохицуулна

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

 -Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ. Хэрхэн шинэчлэгдэж байгаа юм бол?

-Сонгуулийн нэгдсэн хууль гэж гарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, НИТХ-ын сонгох сонгуулийн тухай хууль, Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хууль гээд дөрвөн тусдаа хууль байгаа. Эдгээрийг нэгтгэж, нэг хуультай болох юм. Юун түрүүнд эдгээр тусдаа бие даасан хуулиудын зохицуулалт нэг болно. Нэр томьёоны хувьд ч гэсэн нэг ойлголттой болно гэсэн үг. Өмнө өөр өөр сонгуулийн хуулийн хүрээнд сонгууль зохион байгуулахад бэрхшээл учруулж байсан. Нэг хуулиар нь сонгогчдын нэрийн жагсаалтыг Засаг дарга нар гаргана гэдэг. Нөгөө хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргана гэдэг.

Өөр нэг хууль дээр Үндэсний статистикийн хорооноос гаргадаг. Дараа нь сонгуулийн хэсгийн хороод тэр нэрийн жагсаалтыг эцэслэн нягтлах нэрээр өөрчилдөг. Сүүлдээ нэрийн жагсаалтын 20 гаруй хувь хүртэлх нь зөрчилтэй байсан тохиолдол бий. Байхгүй хаяг дээр баахан хүн биччихдэг. Хаяган дээрээ байгаа хүнийг намын харьяаллаар нь хасчихдаг. Ийм гажуудал газар авсан байсан л даа. Тиймээс шинэ хуулиар сонгогсдын нэрийн жагсаалтыг нэг л байгууллага эрхлэн гаргана. Тэр байгууллага нь хариуцлагаа бас хүлээнэ. Сонгогч хэрхэн яаж нэрийн жагсаалтаа нягтлахыг ойлгомжтой ;байхаар зохицуулалт хийх юм. Дээрээс нь гадаадад байгаа сонгогчид зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд орж байсан.

УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн гадаадад байгаа сонгогчид намын нэрээр нэр дэвшсэн хүнд саналаа өгч байв.

УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн гадаадад байгаа сонгогчид намын нэрээр нэр дэвшсэн хүнд саналаа өгч байв. Нэлээд хүндрэл бэрхшээл дагуулсан энэ асуудлыг хялбарчлах заалтууд орж байгаа. Нэрийн жагсаалтад гарч байсан будлианыг ухаалаг иргэний үнэмлэх ашиглаж арилгаж чадсан. Сонгогч хурууны хээгээ шалгуулахад санал авах байранд байрласан дэлгэцээр зураг нь гарч ирдэг болсноор энэ будилаан арилсан юм. Тэгэхээр одоо сонгогч саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэх гэхгүйгээр зөвхөн хурууны хээгээ шалгуулбал нэр нь цаанаа нийт сүлжээгээр бүртгэгдэх боломжийг Сонгуулийн тухай хуульд оруулах талаар ажиллажбайна. Өмнөх сонгуулийн үеэр гарч байсан нэг том зөрчлийг ингэж зохицуулж өгөх юм.

-Сонгуулийн маргааныг яаж зохицуулж байгаа вэ?

-Сонгуулийн маргаан шийдэгдэхгүй, шүүхээр нэг хоёр жил үргэлжилдэг. Сонгогчдын төлөөлөл УИХ-д эзэнгүй бүтэн жил болох тохиолдол гардаг. Ийм маргаан эцэс төгсгөлгүй яваад байдаг. Тиймээс энэ маргааныг шийдвэрлэх олон улсын сайн туршлагуудыг судалж байна. Сонгуулийн тухай хуульд маргааныг түргэн шуурхай, дээд тал нь 60 хоногт багтаан шийдвэрлэх зохицуулалтыг энэ хуульд оруулж ирж байгаа.

-Сонгуулийн зардал байнга хөндөгддөг сэдэв. Энэ асуудлыг хуулиар яаж зохицуулах вэ?

-Сонгуулийн тухай хуулийн том өөрчлөлт шинэчлэл бол энэ юм. Жил ирэх тусам сонгуулийн зардал асар ихээр нэмэгдэж байгаа. СЕХ-нд гаргаж өгсөн зардлын тайлангаас УИХ-ын сүүлийн хоёр сонгуулийг харьцуулбал нэг нэр дэвшигч, намаас гарч буй зардал дунджаар 10 дахин нэмэгдсэн байна. 2012 оны сонгуульд нэг хүн дунджаар 200 сая төгрөг зарцуулсан гэсэн тайлан байгаа. Манайхны орлого, цалингийн хэмжээ хэд билээ дээ.

УИХ-д мөнгөтэй хүмүүс ордог, хандивлагч нараас хамааралтай тийм улс төр бий болж болзошгүй. Үүгээр авлига хээл хахууль, улс орны тусгаар тогтнолын асуудал яригдана. Тиймээс сонгуулийн санхүүжилтийн асуудалд анхаарал тавьж байгаа. Яаж сонгуулийн зардлыг багасгах, улстөрчдийг, улс төрийн намыг хандивлагчдаас хараат бус байлгах ямар зохицуулалтуудыг хийж болох тал дээр ажиллаж байна.

-Тухайлбал?

-Сонгуулийн зардлыг багасгахын тулд нэр дэвшигчид ямар зүйл хамгийн их зардал гаргаж байгаад судалгаа хийсэн. Сонгуулийн сурталчилгааны зардал 80-90 хувийг эзэлдэг юм байна. Үүнд төрөөс ямар дэмжлэг үзүүлж болох тал дээр нэлээд судалгаа хийлээ. Тэгэхээр замын гэрлийн шонгууд зам дагуух зүлгэн дээр сурталчилгааны самбар үнэгүй тавих боломжийг бүх нэр дэвшигч, 'намуудад олгоё гэж байгаа юм. Ингэснээр сонгогчид ч мэдээлэл авах эрх нь давхар хангагдана. Нөгөөтэйгүүр нэр дэвшигчдийн зардал нэлээд багасна. Бусад аргаар ямар зохицуулалт хийж болох тал дээр нэлээд шинэчилсэн заалтуудыг оруулж байна.

-Сонгуульд нэр дэвшигчдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө таниулан сурталчлах хугацааг богиносгож, ес хоног болгож хуульчлах нь хэмээн улс төрийн жижиг намуудын зүгээс нэлээд бухимдаж байсан. Сонгуулийн зардлыг танах зорилгоор ингэж хувь хүний эрхэнд халдаж болохгүй биз дээ. Архаг улстөрчид өөрсдийгөө дархалж, залуучуудыг улс төрд гарч ирэх боломжийг хааж байгаа юм биш үү?

-Одоогийн хуулийн төсөл дээр 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад нэр дэвшигчид хэдий хугацаанд сурталчилгаа явуулж байсан тэр хэвээрээ байгаа. Одоогоор энэ хугацааг өөрчлөх тухай ажлын хэсэг дээр яригдаагүй. Ийм санал ч орж ирээгүй байна. Улс төрд гарч ирэх залуучуудыг хааж боосон асуудал байхгүй.

-Сонгуулийн сурталчилгааг явуулахад телевиз, радиод давуу эрх олгож, сонинд хязгаар тогтоосон заалт энэ хуульд орж байгаа гэх мэдээлэл байна. Үе үеийн УИХ-д сонгогдсон гишүүд сониноор дамжиж олонд танигдан парламентад суудал авдаг. Харин ч сонин он удаан жил хадгалагдан түүх болон үлддэг. Хэвлэлийнхний хувьд сонгуулийн сурталчилгаа явуулахад нь хориг тавьж, телевиз радиод давуу эрх олгох гэж буйн цаана улстөрчдийн эрх ашиг явж байна гэх хардлага дагуулж байгаа л даа...

-Хүмүүс саналаа хэлэх нь нээлттэй. Гэхдээ ажлын хэсэг дээр ийм зүйл заалт яригдаагүй. Телевиз, радиогийн хувьд хаалтын гэрээ хийгдэх ч юм уу, зөвхөн сонгуулийн үеийн сурталчилгааны тусдаа тариф тогтоож, үнэ хөөрөгдсөн асуудал байдаг. Үүнд зохицуулалт хийнэ. Зөвхөн сонгуулийн үеэр хаалтын гэрээ нэрээр улстөрчдөөс, улс төрийн намаас мөнгө авдаг асуудлуудыг зохицуулах юм. Хуулийн төсөл өргөн баригдаагүй байна. Ажлын хэсэг дээр хуулийн төслийн эцсийн хувилбар яригдаж байж УИХ-д өргөн баригдана.

-Радио телевизүүд бүгд хувийн хэвшилд байдаг. Бизнесийн байгууллагынорлого олох боломжийг хуулиар зохицуулж болохгүй биз дээ?

Зөвхөн сонгуулийн үеэр хаалтын гэрээ нэрээр улстөрчдөөс, улс төрийн намаас мөнгө авдаг асуудлуудыг зохицуулах юм.

-Радио,телевизийн хувьд агаарын орон зай нийтийн өмч байдаг. Агаарын орон зайн лицензийг төрөөс олгодог. Нөгөө талаар радио телевиз сонгогчдод тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл өгөх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл хаалтын гэрээ буюу “Таны эсрэг мэдээлэл гаргахгүй” гэдэг байдлаар мөнгө авдаг нь агаарын орон зай сонгогчдод бодит мэдээлэл өгөх ёстой гэдэгтэй харшилж байгаа юм. Тиймээс энэ зохицуулалтыг хийх нь зөв.

Мөн сонгуулийн үеэр хэт хөөрөгдсөн үнэ гаргаж байгаа нь буруу. Тэгэхээр сонгогчид сониноор, радиогоор олон талын мэдээлэл авах ёстой. Гэтэл нэг телевиз нэг нэр дэвшигч, нэг намыг магтан дуулдаг. Нөгөө өрсөлдөгчдийнх нь талаар сөрөг мэдээлэл гаргадаг маягаар явах нь зохисгүй. Хэдийгээр хувийн өмчид байгаа ч гэсэн үнэн зөв бодит тэнцвэртэй мэдээлэл явуулах агаарын орон зайн лицензийн эрх авсныхаа хувьд үүрэг хүлээдэг.

-Энэ хуульд нэр дэвшигчдийн насыг өсгөх заалт орж ирж байгаа гэл үү. Үндсэн хуульд 25 настай иргэн УИХ-д сонгогдох эрхтэй. Гэтэл сонгуульд нэр дэвшигч 35 настай байна гэж өөрчлөхөөр болсон тухай мэдээлэл байна?

-УИХ-ын гишүүнд 25, Ерөнхийлөгчид 45-аас дээш насны иргэн нэр дэвшинэ гэсэн Үндсэн хуулийн заалт хэвээр байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байхад Сонгуулийн хуулиар өөрчлөх боломжгүй.

-Мажоритар, пропорциональ хувилбарын харьцааг яах вэ?

-Сонгуулийн холимог системийг цаашид авч явах нь хэвээр байгаа. Гэхдээ мажоритар буюу хүнээ сонгодог тэр тойрог нь өмнө олон мандаттай байсан бол нэг мандаттай болох юм. Сонгинохайрханы сонгогч гурван хүнийг сонгодог. Гэтэл Говь-Алтайн сонгогч нэг хүнийг сонгодог байх нь сонгогчийн саналын жин ялгавартай болчихоод байгаа юм.

Нэг хүн гурван хүний саналыг төлөөлөх эрхтэй, нөгөөх нь нэг л хүнийг сонгох эрхтэй байна. Сонгогч хаана амьдарч байгаагаас шалтгаалан эрх нь ингэж тэгш бус байж болохгүй. Мөн олон мандаттай байхаар бас их зардал гардаг. Бүхэл бүтэн 160 мянган хүнтэй нэг дүүрэгт ажиллах, 50 мянган хүнтэй нэг тойрогт ажиллах нь зардлын хувьд гурав дахин их, бага байна. Хөвсгөл аймгийг бүхэлд нь тойроод ажиллах, талд нь ажиллахад зардлын хувьд бага байна. Тэгэхээр ингэж тойрог нь жижгэрснээр сонгуульд гарах зардал багасах сайн талтай.

Нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх нь хортой байдаг. Тиймээс энэ байдал бас арилна. Сонгогчдод ч бас ойлгомжтой болно. Сонгогч хаана амьдарч байгаагаас үл хамааран хоёр сонголттой байна. Нэг нь хувь хүнийг сонгоно. Нөгөө нь улс төрийн намыг сонгоно.