Ж.Сүхбаатар:Сонгуулийн хуулийн төслийг хамгийн эхэнд хэлэлцэнэ
2011.02.15

Ж.Сүхбаатар:Сонгуулийн хуулийн төслийг хамгийн эхэнд хэлэлцэнэ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн пүрэв гаригт завсарлаж, түшээд тойргийнхоо зүг хүлгийн жолоо залж, хууль сурталчлах, таниулах ажилдаа мордлоо. Харин бүтцийн байгууллагын дарга нар ээлж дараалан чуулганы явцад хийсэн ажлаа тайлагнаж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэвлэлийн хурал зарлан хэлэлцэхээр төлөвлөсөн хэдэн асуудлаас хэдийг баталснаа дуулгав. Энэхүү хэвлэлийн хуралд Байнгын хороон дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар мэдээлэл хийсэн юм.

Намрын чуулган үргэлжлэх хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 18 удаа хуралдаж, 38 асуудал хэлэлцсэн байна. Давхардсан тоогоор 31 хуулийн төсөл, парламентын зургаан тогтоол хэлэлцэж, 32 санал дүгнэлт гаргажээ. Маргаантай, санал зөрсөн, давхардан орж ирсэн хуулийн төслүүдийг нэгтгэх зорилгоор ажлын хэсэг томилдог. Иймэрхүү чиглэлээр дөрвөн ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд 11 удаа хуралдан санал дүгнэлтээ танилцуулжээ. Мөн Байнгын хорооноос долоон тогтоол гаргасан гэнэ. Намрын чуулганаар хэлэлцэж батлах ажлынх нь төлөвлөгөөнд 26 асуудал багтсан боловч таван хуулийн төслийг огт хэлэлцээгүй, арав нь хэлэлцүүлгийн шатанд яваа учир ирэх хаврын чуулганд оруулахаар болжээ. Гэхдээ энэ нь тийм ч муу үзүүлэлт биш гэдгийг Ж.Сүхбаатар дарга хэлж байв. Учир нь, бусад гэсэн асуудлын хүрээнд Засгийн газар, түшээдээс яаралтай шийдэх олон хуулийн төсөл орж ирсэн болохоор ийнхүү хэлэлцэж чадаагүй байна. Мөн энэ удаагийн чуулганаар 154 хууль, тогтоол, журам баталж чадсан нь тодорхой хэмжээний амжилт гэв.

Чуулганаар батлуулж чадсан хамгийн том төсөл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль аж. Ийм журам мөрддөг цөөхөн хэдэн улс байдгийн нэг нь манайх болж байгаагаараа онцлог бололтой. Үүнээс гадна УИХ-ын болон хуралдааны дэгийн тухай хуулиа гараас гаргасан байна. Дээрх хууль батлагдсанаар нэгнийхээ өмнөөс санал өгөх, хуралдааны дэг зөрчих үйлдэл нь хязгаарлагдаж, гишүүд хувийн сахилга баттай болж байгаа юм байх.

Тус бүтцийн хурлаар шийдэх ёстой байсан томоохон хуулийн нэг болох Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гацаанд орсноос болж хэлэлцүүлэгт орж амжаагүй. Зогсолтгүй эргэх механизмд гацаа үүсгэсэн буруутан нь хоёр намын бүлэг. Тэд өөр хоорондоо тохиролцож чадахгүй, холимог, цэвэр пропорциональ хэмээн хоёр тийш харан зүтгэснээс ийм зүйл болсон. Харин саяхнаас тохирч, нэгдсэн байр суурьт хүрсэн болохоор цаашид гацаа үүсэх шалтгаан байхгүй болжээ. Иймд хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцүүлэн, батлахаар зэхсэн байна. Хууль дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд иргэд, байгууллагаас чамгүй олон санал хүсэлт ирүүлснийг авч хэлэлцэн төсөлд тусгажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.