Д.Оюунхорол:Могойн голын цахилгаан станцын ажил улс төрийн нөхцөл байдлаас болж хугацаа алдсан.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа
-Таны тэргүүлдэг НАМЭХ-ноос санаачлан "Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011" чуулганы саяхан зохион байгууллаа. Та энэ үеэр "Эмэгтэйчүүдийн банк" байгуулах санал гаргасан байна лээ. Энэ санаачилга тань хэр дэмжлэг авсан бэ?
-Ядуурал, ажилгүйдлийг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж үзэж, энэ санаачилгыг гаргасан. Бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага, дунд орлоготой эмэгтэйчүүдээ дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож бодит дэмжлэг үзүүлэхэд "Эмэгтэйчүүдийн банк" чухал үүрэгтэй. Бид олон жил ярьсан ядуурлаас салах гарц хайж олохыг зорьж, энэ гарцыг "Эмэгтэйчүүдийн банк" байгуулсан дэлхийн олон орны туршлагаас суралцах явдал гэж үзэж байгаа юм. Хөрөнгө барьцаа шаардсан банк, санхүүгийн үйлчилгээг эмэгтэйчүүд ялангуяа өрх толгойлсон эхчүүд авч чадахгүй байна шүү дээ.
Тухайлбал, гэр бүлд нь өнөөдөр 500 мянган төгрөг бэлнээр хэрэг болоход барьцаа байхгүйгээс бэлэн мөнгө олох боломжгүй болж, маш өндөр хүүтэй мөнгө зээлж өрх гэрийн ачааллаа өөрөө үүрч байна.
Эмэгтэйчүүдийн банк байгуулсан дэлхийн 40 улс орон тодорхой үр дүнд хүрсэн байдаг юм билээ. Тэдний туршлагыг амьдралд хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн юм. Энэ санаачилгаа бид ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ. Манай чуулганы төлөөлөгчид болон чуулганд урилгаар оролцсон төрийн өндөрлөгүүд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
-Сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгох шаардлагатай гэж та үзэж байгаа. Сонгуулийн тухай хуулийн төсөлд үүний-гээ тусгуулж чадах болов уу?
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал нэлээд удаашралтай байгаа. Намын бүлгүүдийн хурлаар тохиролцоонд хүрч байх шиг байна. Хоёр намын бүлэг ямар ч байсан сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг хийж, холимог систем буюу 48:28 гэсэн тогтолцоогоор сонгуулиа явуулъя гэж шийдвэрлэсэн. Эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлэх нь эмэгтэйчүүдийн эсвэл аль нэг нам бүлгийн эрх ашгийн хэрэг огт биш. Энэ нь нийт эмэгтэйчүүдийн төдийгүй нийт нийгмийн эрх ашгийг тусгасан түүхэн чухал шийдэл болох учраас бид сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиас доошгүй байлгахаар зорьж ажиллах шаардлагатай байгаа юм.
-Яг одоо ирэх жилийн төсвийн төслийг парламентаар хэлэлцэж байна. Завхан аймгийн хувьд ирэх жил хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ямар ямар ажлууд хийхээр төлөвлөсөн 6э?
-Завхан аймгийн хувьд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж байгаа. Өмнө нь Завхан аймаг бусад аймгаас хөгжлөөрөө хоцорсон байсан. Сүүлийн гурван жилд нэлээд хөрөнгө оруулалт хийж, аймаг, орон нутагт олон шинэ барилга, обьект ашиглалтад орж байна. Цэцэрлэг, сургууль, соёлын төвүүд олноор ашиглалтад орсон. Ирэх жилийн төсөв дээр гол нь томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж байгаа.
Аймгийн аймгийн театрын барилгыг шинээр барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж байгаа.
Их-Уул суманд 500 хүний суудалтай соёлын төв шинээр барих, Тэс суманд 640 хүүхдийн суудалтай сургууль шинээр барих, мөн суманд 200 метр төмөр бетон гүүр барих, Цагаанчулуут сум, Улиастайн Товцог, Чигэстэй багт 100 ортой шинэ цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгуулахаар болсон. Тосонцэнгэл суманд баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн дутуу барилгын санхүүжилтийг шийдвэрлэсэн гээд маш олон хөрөнгө оруулалтыг тусгуулсан. Аймгийн төвийн халдвартын эмнэлэг болон төрөх эмнэлгийн барилгын дутуу үлдсэн санхүүжилт хоёр тэрбум төгрөг, Тэлмэн суманд Тэсийн гол дээр барих гүүрийн хөрөнгө зэргийг шийдвэрлүүлсэн. Цагаанхайрхан сумын соёлын төвийг шинээр барих хөрөнгийн эх үүсвэр мөн ирэх оны төсөвт суусан.
-Могойн голын ДЦС-ыг барих ажлыг хувийн хэвшлийнхэн концессын гэрээгээр гүйцэтгэхээр болсон. Энэ ажлын явц ямар байна вэ. Тойрогтоо ажиллах үеэрээ ажилтай нь танилцав уу?
-УИХ-ын 2001 оны дөрөвдүгээр сарын 20-ны 127 тогтоолоор Могойн голын ДЦС-ыг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх онцгой эрх олгосон концессын гэрээг дэмжсэн. Үүнээс хойш ажил эрчимтэй явж байна. XXI зуун гарчхаад байхад Монгол Улсын хоёр аймаг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, олон сум харанхуй байсан. Харин энэ жил бороо хур элбэг байснаас Тайширын УЦС-ын усны сангийн төвшин нэмэгдэж, тодорхой хэмжээгээр дүүрсэн учраас Завхан аймгийн нэлээд олон сум Тайшираас эрчим хүч авах боломж бололцоогоор хангагдсан. Энэ бол зөвхөн урин дулааны улиралд л эрчим хүч авах боломжтой, өвөл гол хөлдөхөөр эрчим хүчний сааталд орж байгаа юм, Улсын төсвөөс энэ хоёр аймгийн иргэдийг өвлийн улиралд эрчим хүчээр хангахын тулд татаас егдөг, тэр нь нэлээд олон тэрбум төгрөгийн асуудал яригддаг. Энэ бэрхшээл хэзээ шийдэгдэх вэ гэхээр Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах эх үүсвэр болсон Могойн голын нүүрсний уурхайг түшиглэж ДЦС барьснаар л шийдэгдэнэ. Тиймээс Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт дулааны 60 мегаваттын цахилгаан станц барихаар болж шавыг нь тавиад ажил амжилттай явж байна.
-Ямар компани энэ ажлыг гүйцэтгэхээр болсон юм бэ?
-Хятадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани' "Шинэ Ази майнинг" групп ДЦС барьж байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа. Тус группийн захирал Төрбаяр бол Завхан аймгийн уугуул хүн. Тийм учраас л дэд бүтэц сул хөгжсөн, алслагдсан аймагт, үр ашигтай байх магадлал тийм ч харагдахгүй байгаа ДЦС-ыг барьж байгуулахаар сэтгэл гарган ажиллаж байна. Төрбаяр захиралд талархал илэрхийлэх хэрэгтэй байх аа. Ажлаа эрч хүчтэй хийгээсэй гэж хүсэх байна. Энэ ажилд олон бэрхшээл тохиолдсон ч тэр бүхнийг давж чадсан. Бид чинь хөх өвгөдийн хэлсэн үгээр амьдарч байна.Төрбаяр захирал үнэхээр эр хүн шиг ноён нуруутай, бат бөх зогсож чадсанаараа энэ ажлыг урагшлуулж чадсан. Завханчууд ингэж ойлгож, талархалтай хандаж байгаа. Нөгөө талаас эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн, гадны хөрөнгө оруулалт анх удаа орж ирж ийм том ДЦС барих ажлыг эхлүүлсэн нь баруун бүсийн хөгжилд тодорхой түлхэц болно гэж бодож байна. Энэ бол Концессын тухай хууль батлагдсанаас хойш бараг анх удаа хийсэн гэрээ.
-Концессын гэрээ байгуулснаас хойш ямар ажлууд хийж вэ?
-Одоо ТЭЗҮ-ээ хийлгэж байгаа. Мөн ус, хөрсний шинжилгээ хийгээд төлөвлөсөн ажлууд нь графикийн дагуу явж байна гэсэн мэдээлэл авсан. Баруун аймгууд, тэр тусмаа манай Тосонцэнгэл, Их-Уул чиг рүү өвөлдөө их хүйтэрдэг. Улаанбаатарт 25 градус байхад тэнд 35 градусын хүйтэн байдаг. Ер нь Монголын хамгийн хүйтэн цэг гэж болох байх. Тиймээс одоо хүйтрээд ажиллах нөхцөл хомс болж байгаа. Зуны цагт ид ажиллах боломж бололцоог нь бүрдүүлж өгч чадаагүй. Энэ нь Засгийн газар болон бусад байгууллагын шийдвэрээс шалтгаалсан. Мөн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэлүүд үүссэн учир цаг хугацааны хувьд хойшлогдсон.
-ДЦС-ыг хэдэн жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан юм бол?
-Гүйцэтгэгч компанийнхны өөрсдийнх нь хэлж байгаагаар уг нь 2012 оны арваннэгдүгээр сарын 11 гэхэд хүлээлгэж өгөхөөр тооцож байсан юм билээ. Гэхдээ одоо амжихгүй болсон, 2013 онд багтаад ашиглалтад оруулах байх. 2012 оны гурав, дөрөвдүгээр сар хүртэл материал, түүхий эдээ зөөж бэлдэнэ гэж ярьж байгаа юм билээ. Гэхдээ манай нутагт 20-30 см зузаан цас унадаг тул бас ч тийм амар ажил хийлгэхгүй байх аа. Цаг агаарын хувьд ирэх дөрөв, тавдугаар сараас ажил эрчимтэй явах боломж бүрдэх байх.
-Энэ ажлыг эхлүүлэх цаг хугацааг хойшлуулсан улс төрийн ямар нөхцөл байдал үүссэн юм бэ?
-Нэгдүгээрт, Концессын хуулийг батлах асуудал хойшилж сунжирсан.Хоёрдугаарт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Могойн голын ДЦС-ыг барихаар эхний ТЭЗҮ хийгдсэн байсан. Зарим улстөрчийн яриа хөөрөө, эсэргүүцлээс болоод энэ ДЦС-ыг шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнээс болоод цаг хугацаа алдсан. Хөвсгөлийн Цэцэрлэгт хувийн компани гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байсан. Мөн Могойн голын нүүрсний уурхайн зарим хэсгийг хувийн компанид дур мэдэн шилжүүлсэн явдал ч гарсан. Могойн гол бол баруун бүсийн хамгийн том нүүрсний уурхай. 300 сая тонн нөөцтэй, чанар, илчлэг сайн. Коксжих нүүрс нийт нөөцийн багагүй хувийг эзэлдэг гээд олон зүйлийг тооцож энэ ДЦС-ыг барина гэж гүйцэтгэгч компани нь ажлаа төлөвлөөд эхлүүлж байгаа юм билээ. Төрийн зүгээс тэднийг дэмжих ёстой. Шуурхай шийдвэрүүд гаргах ёстой. Анх удаа хувийн хөрөнгөөр ийм том ДЦС барих гэж байгаа нөхцөлд үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж өгөх ёстой. Энэ асуудлаар би ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод асуулт тавьж чуулганы хуралдаан дээр хариулт авсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ гэсэн. Гэхдээ шийднэ гээд удаад байж болохгүй гэж бодож байгаа.
-Концессын гэрээгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлнэ гэдэгтөрийн ачаанаас ихээхэн хөнгөлж байгаа хэрэг биз?
-Төр тэнд ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй. Зуун хувь хувийн хөрөнгө оруулалтаар ДЦС-ыг барина. Ийм хүнд, эрсдэлтэй бизнес рүү хөрөнгө оруулж байгаа "Шинэ Ази майнинг" группынхэнд талархахаас өөраргагүй. Өнөөдөр улсын төсвөөс 140-150 тэрбум төгрөг гаргаж хоёр аймгийг эрчим хүчээр хангана гэж байхгүй шүү дээ.
-Шинэ хууль эрх зүйн орчинд томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа юм байна. Энэ ДЦС баригдсанаар зөвхөн Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчээр хангах уу?
-Могойн голын нүүрсний уурхайн 51 хувь нь төрийн өмч. Цахилгаан станцыг барьсны дараа зардлаа олж аваад буцаагаад төрийн мэдэлд өгнө. Тиймээс яваандаа энэ ДЦС төрийн өмчид ирж, баруун бүсийг хангах эрчим хүчний том сүлжээ болох юм. Тэр байтугай амжилттай ажиллаж чадвал ирээдүйд эрчим хүчээ Улаанбаатар, Хөвсгөл рүү түгээх боломж бололцоо бүрдэнэ. ОХУ-аас эрчим хүч худалдаж авч байгаа ийм үед нөөц бололцоогоо шавхаж дайчилж чадвал байгаа нүүрсээ ашиглаад дотоодын хэрэгцээг хангах эрчим хүчний эх үүсвэртэй болох юм.
Зөвхөн эрчим хүчтэй болоод зогсох төдий биш өөр олон эерэг үр дүнг хүлээж байна.
Баруун бүсийнхэн хөгжлийн хувьд төв суурин болон тэдгээрийн ойролцоох аймгуудаасаа нэлээд хол хоцорсон, ажилгүйдэл, ядуурал хамгийн өндөр хувьтай байдаг. Тиймээс эрчим хүчтэй болсноор энэ бүс нутагт ажлын байр олноор бий болно. Аймаг, сумын төсөв, санхүүгийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. ДЦС-ыг дагаж жижиг, дунд үйлдвэрүүд хөгжинө. Малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах боломж бүрдэнэ. Тэгж чадвал ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад үнэ цэнэтэй хувь нэмэр болно. Хөдөө орон нутагт байгаа олон залуу ажилтай болно.