2025.06.25

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, импортын гурилыг татваргүй болгосныг хүчингүйд тооцлоо

УИХ-ын чуулганы /2025.06.25/-ний өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль” нь тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас уг хуулийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага үүссэн талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр онцлов.

2025 оны хаврын тариалалт 73.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тариалалтын технологит хугацаа дууссан. Гадаад улс орны геополитикийн нөхцөл, улс төрийн хурцадмал байдал, ОХУ-аас баримталж буй төрийн бодлого шийдвэрийн хүрээнд тодорхойгүй хугацаагаар улаан буудай, малын тэжээлийн экспортыг хязгаарласан, валютын ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалан импортын гурилын үнэ өсөх нөхцөл үүсээд буй тул хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит байдалд үндэслэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулаад байсан юм гэв.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд салбар яамнаас хэлэлцүүлгүүдийг хийж, тариаланчид, үйлдвэрлэгчид улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгох санал, шаардлагыг гаргасан гэлээ. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, Улсын Их Хуралд яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Уул уурхайгаас эдийн засгийг босгоход гол тулгуур нь ХХААХҮ-ийн салбар байх ёстой

Уул уурхайгаас эдийн засгийг босгоход гол тулгуур нь бол ХХААХҮ-ийн салбар болох ёстой. Тэгэхээр энд чиглэсэн бодлого бол тогтвортой байх нь зүйтэй. Энэ гурилын асуудалтай холбоотойгоор хэлэлцүүлэг их өргөн хүрээг хамарч яригдлаа. Тэгэхээр энэ нь зөв, энэ нь буруу гэж хэлэх туйлшрах шаардлага салбар хариуцаж байгаа хүний хувьд алга байна. Энэ хууль бас өөрөө тэр бүс нутгийн өвөл, хаваржилтын хүндрэлийг даван туулахад тодорхой үүргээ амжилттай бас гүйцэтгэсэн. Тэгэхдээ нөгөө талдаа сөрөг нөлөөлөл буюу төвийн бүсийн газар тариалангийн бүсэд ялангуяа улаан буудайн тариалалтад сөрөг нөлөө үзүүлчихлээ. Гурилын үйлдвэрүүд маань ч гэсэн өөрсдийн чанар лаборатори гээд олон зүйлээ эргэн харж, дүгнэж байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн гол үр дүн бол салбар өөрөө цаашдаа ил тод, тодорхой, ойлгомжтой, чанар нөгөө талдаа хэрэглэгчдийн эрх ашгийг хангах үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх гээд олон зүйлүүд байгаа. Энэ зүйлийг ингээд орхих ёстой юм биш. Гол асуудал нь худалдаан дээрх үнийн өсөлтийг л зохицуулж худалдааны хууль, эрх зүйн зохицуулалтыг хийхгүй бол тариаланчдаас үйлдвэрлэгчид ирээд, үйлдвэрлэгчдээс эцсийн бүтээгдэхүүн худалдаж байгаа байдал дээр үнийн өсөлт нэг айхтар зүйл алга байна. Борлуулалт дээр бол үндсэндээ бид нар аль сум аль аймагт хэдээр хөрс зарахыг бол үйлдвэрлэгч тэнд зохицуулалт хийж чадахгүй байгаа. Тэгэхээрээ зарим газар 50% нэмж байна. Зарим газар 30% нэмж байна. Гол үнийн өсөлт гээд байгаа зүйл бол яг энэ худалдаан дээр гараад байгаа юм. Тэгэхээр нөгөө талдаа өргөн дэлгэр газар нутаг гурил маань хямд үнэтэй бүтээгдэхүүн. Тээврийн зардал их өндөр өртөг шингэж байгаа байдал байна. Ингээд олон талын л асуудлууд их тодорч гарч ирж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал

Туурга тусгаар улс орон бол үйлдвэрлэгч байх ёстой

Монголын төр газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгож хөгжүүлж. Газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хүн амаа бүрэн хангах. МАА-н салбараа эрсдэлээс хамгаалах, тэжээлийн бааз суурьтай болох том зорилтыг дэвшүүлж атрын 4-р аяныг эхлүүлж бараг 100 гаруй жил зүтгэсэн. Үүний үр дүнд газар тариалангийн салбараасаа хүн амынхаа хүнсийг бүрэн хангаж чаддаг болсон. МАА-н салбар тэр тусмаа эрчимжсэн МАА-н салбарынхаа тэжээлийн дийлэнхийг бүрэн хангаж чаддаг байсан. Харамсалтай нь бид хэд хэдэн жилийн их тааламжтай үр дүн дээр тулгуурлаад дотооддоо тарифын болон тарифын бус зохицуулалтаар зохицуулж болох асуудлыг дотоод зах зээлээ хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, энэ салбарт ажиллагсдынхаа итгэл урам зоригийг өгөх ёстой. Тарифынхаа хязгаарлалтаар оролцсон нь тун таагүй үр дагаврыг авчирлаа.

Энэ хууль батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд бид газар тариалангийн салбарт улаан буудайн үйлдвэрлэл дээр тариалалт 2 дахин буурсан байна. Гурилын үйлдвэрлэл бараг 60 орчим хувиар буурах бодит нөхцөлийг бий болгосон байна. Энэ цаашид үргэлжлэх юм бол идэх гурилгүй, хүнээс будаа гурилаа гуйх болно шүү. Гадаад нөхцөл байдал чинь өдөр өдрөөр таашгүйгээр өөрчлөгдөж байна. Бидэнд будаа ав, гурил авгээд гар сунгадаг улс орон олдохгүй болж мэдэхээр байна. Дээр нь ган гачиг гэж айхтар зүйл байна. Тиймээс үндэстнийхээ бий болгосон чадамжийг дахиж сэргээх энэ салбарт ажиллагсдыг урам зоригтой үйлдвэрлэлээ эрхлэх боломжийг нь хангаж энэ гаалийн албан татварыг чөлөөлсөн хуулийг хүчингүй болгох ёстой. Туурга тусгаар улс орон бол үйлдвэрлэгч байх ёстой. Бид үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Үүгээрээ дамжуулж бид нэмүү өртгөө бий болгох ёстой. Ажлын байраа бий болгох ёстой. Эдийн засгаа өсгөх ёстой. Төсвөө бүрдүүлэх ёстой. Энэ шаардлагын үүднээс энэ хуулийг эр зориг гаргаж улс үндэстнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж баталъя. Энэ хуулийг дагуулж гарах тогтоолын төсөл нь бэлэн болсон юм билээ. Хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа анхны хэлэлцүүлгийн үед энэ тогтоолын төслийг холбогдох гишүүд байнгын хороотойгоо ярьж санаачлаад илүү боловсронгуй болгоод батлуулъя

УИХ-ын гишүүн Т.Аубакир

Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг бид тууштай дэмжих ёстой

Дотоодын хүнсний үйлдвэрийг тууштай дэмжиж байх ёстой. Үүний цаана үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал дагаж байдаг. Аливаа нэг хүнсээрээ өөр улсаас хараат байна гэдэг нь төсөөлшгүй хүнд байдалд оруулдаг. Дотооддоо хүнсээ хангах нь үйлдвэрлэлээ дэмжих нь ямар чухал болохыг Ковид сануулсан. Улаан буудай, гурилаар хангая гээд байгаа улсууд дайны байдалтай болчихвол яах вэ? Давагдашгүй хүчин зүйл бий болбол яах юм. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болоод ургац хураалт хийх боломжгүй болсон үед бид эргээд харахад дотоодын үйлдвэрлэлийг алдчихаад эргэж авчихааргүй алдагдал хүлээн шүү. Тийм учраас ямар ч нөхцөлд үйлдвэрлэлээ аваад явах ёстой. Цемент, гурил мэтүйлдвэрүүдийнхээ татварын зохицуулалтын дээд доод интервалыг их хурал тогтоож өгөөд. Тэрнийхээ хүрээнд засгийн газар арга хэмжээ авдаг механизмыг бий болгох шаардлагатай. Дотооддоо гурилын үнээ нэмээд байгаа бол засгийн газар яаралтай хуралдаад хилийн цаана хямдхан байгаа гурилыг татварын зохицуулалт хийгээд оруулъя гэдэг механизмыг бий болгох шаардлагатай. Хэдхэн жилийн өмнө цементийн үйлдвэрээ дэмжээд босгосон. Яг энэ зохицуулалтыг хийгээгүй байсны улмаас цементийн үйлдвэрүүд эвгүй байдалд орчихсон. 20, 30 жилийн хугацаанд гурилын үйлдвэрүүдийг босгож ирсэн.Улсаас татаас өгч байж гурилын үйлдвэрлэлийг өнөөдрийн түвшинд хүргэсэн. Хайран 250 тэрбум төгрөг. Тийм учраас гишүүд маань хаврын тариалалт эхэлж байгаа үед дотооддоо хүнсээ хангадаг чадавхыг тууштай хамгаалж явах ёстой. Үйлдвэрүүдийнхээ татварын зохицуулалтын интервалыг их хурал тогтоож өгөөд засгийн газар арга хэмжээ авдаг механизмыг бий болгох боломж бий юу?

УИХ-ын гишүүн П.Сайнзориг

Гурилын үйлдвэрүүд хуйвалдаж үнэ тогтоогоод байгаа бол гаалийн тарифыг нээж, хаах биш өрсөлдөөний хууль тогтоомжоо л сайжруулах ёстой

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэлэлцээд явахыг зарчмын хувьд дэмжиж байна. Чуулган дээр явж байгаа асуудлууд болон мэтгэлцээнүүд л нэг зорилгыг л яриад байна. Хүнсний аюулгүй байдлаа яаж баталгаатай хангах вэ? Үйл ажиллагаандаа дотоодын тариаланчид, ААН байгууллагуудаа яаж бодлогын хүрээнд дэмжиж явах вэ? Энэ нь ямар ач холбогдолтой юм гэдэг зүйл байна. Нөгөө талдаа хэрэглэгч буюу монголчууд бид бас хямд, чанартай, найдвартай түүхий эдтэй хийгдсэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх асуудал цаана нь яригдаж байна. Гол асуудал гаалийн тарифыг чөлөөлж үзлээ. Үүн дээр нийт гурилын үйлдвэрийн 40 орчим хувь буюу тодорхой ААНБ-ууд хаалгаа барьсан байна.
Тэгэхээр бид гэнэтийн энэ мэт шийдвэрүүд гаргаж, ийм богино хугацааны цохилтуудыг ААН байгууллагууддаа өгч болохгүй. Үүнийг харахаар цэвэр өрсөлдөөний асуудал байна. Зах зээлийг яаж зохицуулах вэ? Үнэ тогтоохдоо хуйвалдаж, картель үүсгэж, монопол байдлаа ашиглаж яваад байгаа бол гааль тарифын гэдэг юм уу дотоодын зах зээлийг нээж, хааж үзэхээс илүүтэй өөрсдийн эдийн засгийн зохицуулах өрсөлдөөний хууль тогтоомжоо сайжруулах шаардлага байна!

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн