Ө.Энхтүвшин: Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт батлахыг зорьж байна
2011.12.06

Ө.Энхтүвшин: Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт батлахыг зорьж байна

2008 оны сонгуулийн маргаашаас л яригдаж эхэлсэн Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдах гэж дуншсаар байна. Ирэх сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдгийг шийдэх гэж хэдэн cap хүлээлгэсэн энэ хууль төрөх тун дөхсөн. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр энэ хуулийн талаар ярилцаж, санаа бодлоо уралдуулсны эцэст ирэх долоо хоногт батлах шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Энэ тухай тус намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ "Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын зарим асуудлаар ярилцаж энэ шийдэлд хүрсэн. Мөн шилжилттэй холбоотой асуудлаар ярилцсан. Ардчилсан намынхан шилжилт байх нь зүйтэй гэж үзсэн саналаа манай намд хүргүүлсэн. Харин энэ шилжилтийг хэрхэн хийх вэ гэдэг дээр ойлголтын зөрүү гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 76 хүний нэрийн жагсаалтаар нам улсын хэмжээнд тодорхой санал авна. Тэр авсан саналын хэмжээгээр 28 суудлыг хуваарилах заалттай. Тэгэхээр тэр 28 суудалд 26 тойрогт 48 мандатын төлөө өрсөлдсөн хүмүүсээс шилжүүлэх үү, эсвэл 48-аасаа гадна 28 байх уу гэдгийг хөндөж ярилаа. Ардчилсан намын зүгээс 48-аасаа бүрэн шилжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Харин манай намын бүлэг Ардчилсан намын бүлгийн ирүүлсэн саналыг бүрэн дэмжих боломжгүй гэдэгт санал нэгдлээ. 48 хүнээсээ шилжүүлэх нь учир дутагдалтай юм. 28 хүнээс орохгүй бол тэдний нэрийг бичих шаардлагагүй, Тиймээс шилжилтийг хоёр талаас л оруулах хэрэгтэй. Үүнийг нам төлөөллийн дээд байгууллагынхаа хурлаар шийднэ. Энэ дагуу Ардчилсан намын бүлэгтэй тохиролцох ажил үлдлээ" гэв. Түүнээс энэ үеэр цөөн асуултад хариу авлаа.

-Намын жагсаалтаар нэр дэвших тохиолдолд сонгогчид нам дугуйлах уу, хүн дугуйлах уу?

-Ерөөсөө 76 нэр бүхий жагсаалтыг тухайн нам СЕХ- нд хүргэх юм. Уг жагсаалтад  тойрогт өрсөлдөх 48 хүн ч бий. Мөн намаас орох 28 хүн ч байна. Сонгогч хоёр хуудас бөглөх учиртай. 76 хүний нэртэй жагсаалт дээр сонгогчид зөвхөн намыг дугуйлна. Энэ 76 хүн арай илүү байна гэж үзсэн намаа л сонгоно гэсэн үг. Тэр нь, улсын хэмжээнд нэгтгэгдээд санал гарна. Нөгөө цаасан дээр нь тухайн тойрогт өрсөлдөж байгаа хүнийхээ нэрийг дугуйлах юм.

-Мандатын тооны өөрчлөлт шийдэгдсэн үү. Улаанбаатарт нэмэгдүүлнэ гэсэн хэд болох вэ?

-Улаанбаатарт мандатын   тоог   нэмэхэд анхаарч  байгаа. Нийслэлд 14 мандаттай болгосон шүү дээ. УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдангуут СЕХ-ноос мандатыг хуваарилах асуудлаар УИХ-д тогтоолын төсөл оруулж ирэх юм. Тэр үед хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Х.Баттулга сайдын оруулсан  саналыг танай  намын бүлгийнхэн хэрхэн  дүгнэж байна вэ?

-Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэгдэж байгаа.

-УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдлаа ч Үндсэн хуулийн  Цэц  дэмжихгүй бол  яах вэ?

-Сонгуулийн хууль Үндсэн хуулийн Цэц дээр унах нь бидний асуудал биш. Бид хуулиа  л   баталж  гаргах ёстой. Цэц дээр маргаан үүсэх үү, Цэц яаж шийдэх зэрэг нь Үндсэн хуулийн Цэцийнхний ажил.

-Намуудын босго оноог хэдэн хувиар тогтоох бол?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд долоо гэж тохирсон. Бид ажлын хэсгээрээ яриад тав болгон бууруулахаар шийдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн ажлын хэсгийн шийдвэр. Цаашлаад Байнгын хороо, Чуулганы хуралдаанаар орно.

-Парламентад суудалгүй намууд сонгуулийн хуульд саналаа өгсөн. Үүнийг тусгахад хэр анхаарсан бэ?

-УИХ-д суудалгүй намууд олон санал өгсөн. Санал болгоныг ажлын хэсэг анхааралтай авч үзсэн. Олон ч санал нь хуульд туссан. Зарчмын гэж хэлж болох хэд хэдэн санал байсныг бид оруулах боломжгүй гэж  үзсэн. Тухайлбал, 76 мандаттай нэг тойрог болгох нь зарчмын том асуудал. Нөгөөтэйгүүр сонгуулийн тусгай шүүх байгуулах зэргийг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.