Ө.Энхтүвшин: 26 тойргоор сонгууль явуулах саналыг хүлээж авлаа
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2011.11.08

Ө.Энхтүвшин: 26 тойргоор сонгууль явуулах саналыг хүлээж авлаа

Монгол Ардын Намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын сонгуулийн хуулийн зарим асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын 2012 оны төсвийн тухайд МАН-ын бүлгээс найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж. Мөн УИХ-ын 2008 оны сонгуулиар ард түмэнд амласнаа ажил хэрэг болгож, төсөвт тусгах санал оруулах хэрэгтэй гэж үзжээ. Улсын төсөвт тусгагдсан тоног төхөөрөмж, их засвартай холбоотой хөрөнгө оруулалтыг тодорхой болгох шаардлагатай. Урсгал зардлыг багасгаж, зайлшгүй зардлыг тодорхой хэмжээнд барих хэрэгтэй гэсэн чиглэлийг ажлын хэсэгт өгсөн байна. Улсын төсөв, Хөгжлийн банкны асуудал, гадаадын зээл тусламжийг тодорхой болгож хөрөнгө оруулалтыг тусгах, 1995 оноос хойшхи болон өмнө тогтоолгосон тэтгэврийн зөрүүг багасгах зэрэг асуудлаар санал оруулсан байна. Говийн бүсийн нэмэгдлийн асуудал, 2012 оны төсөвт үлдсэн иргэдэд олгох сая төгрөгийн асуудлыг тодорхой болгох зэргийг авч хэлэлцэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болжээ. Уг хуралдаанаар УИХ-ын 39 дүгээр тогтоол буюу Тавантолгой хувьцааны компаниудад худалдах ёстой байсан 10 хувийг ард иргэдэд шилжүүлье гэсэн агуулгатай тогтоолын төслийг хэлэлцэж иргэдэд өгөх нь зөв гэж үзсэн байна. Энэ талаар УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийн хэлэлцсэн гэсэн. Тодорхой шийдэлд хүрсэн үү?

-УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим асуудлаар бүлэг байр сууриа нэгтгэлээ. АН-ын бүлгээс хоёр санал тавьсан. Бид эдгээр саналыг нухацтай хэлэлцэж, тооцоо, судалгаа хийсний эцэст хүлээж авахаар боллоо. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг гаргах зайлшгүй шаардлагатай. Ямар нэгэн байдлаар цааргалах, хойшлуулах хугацаа байхгүй. Сонгуулийн шинэчлэл хийхийг ард түмэн хүсэж, хүлээж байна. Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулах үедээ зөвшилцлийн гэрээнд "сонгуулийн тогтолцоог өөрчилнө" гээд тусгачихсан. Тиймээс сонгуулийн хуулийг нэн даруй гаргахын тулд Монгол Ардын Намын бүлэг,

АН-аас тавьсан 48 мандаттай, 26 тойргоор сонгуулиа явуулах саналыг хүлээж авахаар шийдсэн.

Бид АН-д буулт хийж байна гэхээсээ илүү сонгуулийн хуулийг түргэн батлах чин эрмэлзэл байгаа учраас дээрх шийдвэрийг гаргалаа. Нөгөө санал нь Улаанбаатар хотод мандатын тоог нэмэх асуудал байсан. Нийслэл хотын хүн амын тоо нэмэгдэж байгааг харгалзан үзэх нь зүйтэй гэдэг саналыг судалсан. Бүлгээрээ яриад бид газар нутаг хүн амын тоог харгалзан үзэх нь зөв гэж үзлээ. Улаанбаатарт оногдох мандатын тоог нэмэх нь зүйтэй. Тодорхой хэлбэл, Монгол Ардын Намын бүлгийн гишүүдийн олонхын саналаар хөдөөд 34, Улаанбаатарт 14 мандаттай болгох шийдвэр гаргасан.

-АН-ын саналыг хүлээж авснаар хоёр намын хооронд тохироогүй зүйл үлдээгүй гэсэн үг үү?

-Хоёр намын хооронд тохироогүй зүйл үлдээгүй. Нэгэнт АН-ын тавьсан саналыг Монгол Ардын Нам хүлээж авсан учраас АН-аас шинээр асуудал тавихгүй байх гэж бодож байна. Хэрэв шинээр асуудал үүсээд байвал хэцүү. Зарчмын асуудлуудаа тохирчихсон болохоор шууд сонгуулийн хуулиа хэлэлцэж энэ сарын дундуур батлаад, ард түмэндээ зарлахаар шийдлээ. Маргаад суугаад байвал суугаад л байна. Монгол Ардын Намын бүлэг сонгуулийн хуулийг шуурхайлахын тулд өөрсдөөс хамаарах бүх зүйлийг хийх нь зүйтэй гэж үзсэнээр уг шийдвэрийг гаргасан.

-Эмэгтэйчүүдийн квотыг сонгуулийн хуульд хэрхэн тусгах вэ. Энэ тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эмэгтэйчүүдийн квотын тухайд хоёр намын байр суурь нэг байгаа. Ер нь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийн тулд пропорциональ элементтэй холимог тогтолцоог сонгосон. Бид сонгуулийн хуулийн төсөлд байгаа хэлбэрээр нь 15 хувиас доошгүй байвал болох байх гэж бодож байна.
Харин АН-ын бүлэг өчигдөр сонгуулийн хуулийн талаар хэлэлцээгүй бөгөөд Монгол Ардын Намын бүлгээс гаргасан энэхүү шийдвэрийг маргааш болох бүлгийн ээлжит бус хуралдаанаар бусад асуудлуудын хамт хэлэлцэхээр төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.