Ж.Сүхбаатар: Асуудал мухардсан гэж үзэхгүй байгаа
2011.06.30

Ж.Сүхбаатар: Асуудал мухардсан гэж үзэхгүй байгаа

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зөвшилцөх ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас зөвшилцлийн явц ямар байгаа талаар тодрууллаа.

-Зөвлөлдөх ажлын хэсгийн ажил хэр урагштай байнавэ?

-Ажлын хэсгийн ахлагчид энэ талаар мэдээлэх учиртай. Миний зүгээс ажлын хэсгийн гишүүний хувьд зөвлөлдөх уулзалтад оролцоод явж байгаа. Ажлын хэсэг удаа дараа уулзаж, тодорхой саналууд тавьж байгаа. Аль болох болж бүтэх талаас нь сөрөг үр дагавраас зайлсхийх талаар санал бодлоо хэлцгээж байна.

-Уулзалтаар ахиц гарч байна уу?

-Харилцан санал тавьж байгаа. Миний хувьд асуудал мухардсан гэж үзэхгүй байгаа. Аливаа зөвшилцөл үр дүнд хүрсэн эсэхээр шийдэгддэг. Түүнээс үйл явцын дунд ахиц дэвшил гарч байна, гарахгүй байна гэдэг нь нийгэмд буруу мэдээлэл өгдөг. Гаргасан саналуудаар бүрэн тохиролцоонд хүрсний дараа үр дүнд хүрлээ гэж хэлнэ. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна.

-Чуулган завсарлахаас өмнө зөвшилцөж амжих боловуу?

-Зөвшилцөл хугацаа шаардана. Хууль ёсоор УИХ-ын хаврын чуулган долдугаар сарын гэхэд завсарлах учиртай. Хугацааг сунгах шаардлагатай бол УИХ-ын дарга 14 хүртэлх хоногоор сунгаж болдог. Ямар ч байсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд чуулган хуулийн хугацаандаа завсарлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ улстөрийн хүчин зүйл буюу зөвшилцлийн ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

-Зөвшилцлийн явц хаалттай байгаа нь"Төр барьж байгаахоёрнамулстөрийнтохироохийжбайна"гэсэн хардлага төрүүлж байгааг юу гэж тайлбарлах вэ?

-Хоёр нам нууцаар тохиролцож байгаа бол ингэж хардаж болно. Гэтэл зөвшилцөхөөр яригдаж байгаа зүйл нь тодорхой шүү дээ. Сонгуулийн хуулийг гаргахын тулд гурван жилийн хугацаанд ярилцаж байна. Амаргүй байна. Амаргүй байгаа учраас мэдээллийг дэлгэрэнгүй өгөхгүй байгаа юм. Нөгөө талаас ийм санал тавьсан, манайх ийм санал тавьсан гээд зарлаад байвал харин ч байдлыг хүндрүүлнэ. Бидэнд тодорхой санал зөрөлдөөнтэй асуудал үлдсэн гэдгийг иргэн бүр мэдэж байгаа. Хосолмол тогтолцооны хүрээнд пропорциональ, мажоритар тогтолцооны хувь, хэмжээ ямар байх вэ гэдэг дээр санал зөрөлдөж байгааг олон нийт сайн мэднэ. Гагцхүү яаж харилцан зөв шийдэлд хүрэх нь чухал. Нэгэндээ дарамт шахалт үзүүлэх нь зөвшилцлийн арга биш. Санал зөрөлдөөд байгаа асуудлаараа мэдээлэл солилцох замаар харилцан ойлголцож, зөв шийдлийг эрэлхийлж байгаагаас биш ил тод, хаалттай эсэх нь асуудал гэж бодохгүй байна.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулиас болоод АН-ын бүлэгзавсарлага авч, шийдлээ хүлээж буй олон хууль гацаанд орлоо. Энэ нь ёс зүйд хэр нийцэхвэ?

-АН-ын бүлгийн нөхдүүдийг зөвшилцөж буй асуудлаар завсарлага авч байгааг ойлгож байна. Харин Монгол Ардын Намын бүлгийн хувьд УИХ-д хүлээгдэж байгаа бусад асуудлыг хэлэлцээд явах байр суурьтай байна. Бидэнд хугацаа бага үлдлээ. Тиймээс сонгуулиас өөр шийдэх асуудлыг цэгцлэн, УИХ ажиллах боломжийг олгооч гэсэн хүсэлт тавьж байгаа. Харамсалтай нь АН-ын бүлэг бүх асуудалд завсарлага авсан хэвээр байна. УИХ гацах ёсгүй. Заавал нэг асуудлыг нөгөөтэй холбож байгаад зарим талаар шүүмжлэлтэй хандмаар санагддаг. АН-аас сонгуулийн хуулиас бусад асуудал тийм ч чухал биш гэсэн байр суурь илэрхийлсэн гэж ойлгосон. Харин Монгол Ардын Намын бүлгийн хувьд харилцан зөвшилцье, УИХ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлье гэсэн байр суурьтай байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.