Ө.Энхтүвшин: Манайх  24:52  хэвээр  АН-ын  саналыг хүлээж  авахгүй
2011.07.06

Ө.Энхтүвшин: Манайх 24:52 хэвээр АН-ын саналыг хүлээж авахгүй

МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд бүлгийнхээ байр суурийг илэрхийллээ. Тэд АН-ын саналыг хүлээж авахгүй гэж мэдэгдэв. Мөн ард нийтийн санал асуулга явуулах байр сууриа өөрчлөөгүй байгаа аж.
-Сонгуулийн хуулийн талаар зөвшилцөлд хүрч байгаа, санал ойртсон гэдгийг өнгөрсөн долоо хоногт хоёр намын бүлгийн дарга хамт мэдэгдсэн. -Ард нийтийн санал асуулгыг сонгуулийн хуультай хамт Үндсэн хуулиар явуулах талаар тохирсон. Энэ долоо хоногийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан хэвийн явна, хурал хаяхгүй гэж Ч.Сайханбилэг дарга бид хоёр хамт зогсож байгаад мэдээлсэн. Гэтэл байдал өнөөдөр өөр  болжээ. АН -ын бүлэг хуралдаад Үндсэн хуулиар санал асуулга явуулж болох юм,  гэхдээ 2012 оны сонгуультай хамт явуулъя, сонгуулийн хуулиар ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй, энэ нь жижиг асуудал гэсэн байна. Үүнээс болоод байнгын хорооны хурал ч болсонгүй. Байдал буцаад төвөгтэй боллоо. Тоондоо тохиръё, хоёр талаас буулт хийе гэсэн санал манайд тавьсан. Бид хуулийн хүрээнд ард нийтийн санал асуулга явуулъя гэсэн юм.

Ард нийтийн санал асуулгын тухай хууль бий. Түүнд том асуудлаар явуулна, жижиг асуудлаар явуулахгүй гэж заагаагүй. Төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар санал асуулга явуулж болно гэж заасан. УИХ-д хэн суух, сонгуулийн ямар хэлбэр байх нь ард түмний анхааралд байх ёстой асуудал гэж үзсэн. Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг нэг удаа ч болов хэрэглэе л дээ. Ард түмний шийдсэн хэлбэрээр сонгууль явуулах нь зүйтэй гэсэн МАН-ын бүлгийн санал хэвээр байгаа.Тогтоолын төслөө бэлдээд Засгийн газраас санал авахаар өгсөн, удахгүй өргөн барина. Иймд чуулганы ажиллагаанд оролцохыг АН-ын бүлгээс хүсэж байна. Тэд хариу өгөх байх. 52:24,38:38,50:26 гэсэн янз бүрийн тоо бий. Манай бүлэг 52:24 гэсэн хувилбарт байр суурь хатуу байгаа. УИХ-ын гишүүдийн олонхыг хүнээр нь сонголт хийнэ. 24 буюу намын нэрээр сонгогдох нь цөөхөн байг гэсэн байр суурь хэвээр. Дахиж тоо ярьж хөдөлгөнө гэдэг амаргүй.

-АН-ын бүлгийн тавьсан 38:38 гэсэн саналыг хүлээж авахгүй гэж үү?

-38:38 гэсэн харьцаатай байх саналыг АН-ын бүлэг тавьсан. Энэ саналыг нэлээд эрт тавьсан. Үүнийг боломжгүй гэж манай бүлэг үзсэн. 52:24 гэсэн санал хэвээр бий.

-Санал асуулга явуулахад хууль эрх зүйн хувьд, цаг хугацааны хувьд ч төвөгтэй гэж АН-ын бүлэг үзсэн. Энэ талаар та бүхэн ямар саналтай байна вэ?

-АН-ын бүлэг Үндсэн хуулиар санал асуулга явуулах нь төвөгтэй гэж үзсэн. Тэр үнэн, үнэхээр амаргүй ажил. Нэлээд хугацаа шаардлагатай. Сонгуулийн хуультай холбоотой бол бэлтгэл хангаад байх зүйлгүй. Хоёр асуулт тавиад л асуучихна шүү дээ. Га хүнийг сонгохыг хүсэж байна уу, эсвэл намын нэрийг сонгох уу гээд асуучихад төвөггүй. Зардал мөнгөний хувьд 10 тэр бум энэ тэр гэх юм. Бид тооцоо хийхэд гурав орчим тэрбум төгрөг болчхоор байна.

-Танай намын бүлэг тогтоолын төслөө бэлджээ. Гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч дэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Ямар боловч төслөө өргөн барина. Ард түмнээс асууя гэхэд татгалзахгүй байлгүй дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.