2011.10.03

Эмэгтэйчүүдийн квот, сонгуулийн шинэчлэлтийг дэмжинэ

  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Жендэрийн Үндэсний хороо, МҮОНРТ хамтран сонгуулийн тогтолцооны шинэтгэл, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн талаарх олон нийтийн уламжлалалт ойлголтыг өөрчлөх зорилгоор “Эмэгтэйчүүд чадна” сэдэвт 45 хоногийн хэвлэлийн аян эхлүүлж буйг өнөөдөр зарлаж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунхорол, Иргэний зориг-Ногоон намын дэд дарга С.Оюун, Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяа, Жендэрийн тэгш байдлын хорооны дэд тэргүүн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг, МҮОНРТ-тийн төслийн зохицуулагч Д.Оюунчимэг нар оролцлоо.

Хэвлэлийн бага хурлыг Жендэрийн тэгш байдлын хорооны дэд тэргүүн Б.Долгор нээсэн юм. Түүний танилцуулснаар УИХ-аас 2005 онд 25 дугаар тогтоол гаргаж Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтыг баталжээ. Зорилтын гурав дахь хэсэгт 2015 он гэхэд Үндэсний парламентын  гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.

Энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр буюу цагаан сарын битүүний өдөр УИХ-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль баталсан. Сонгуулийн хуульд оруулна гэсэн амлалтаар уг хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг тусгалгүй үлдээсэн байна. Иймээс удахгүй батлах Сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг тусгана гэж үзэж байгаа ажээ. Монголын нийт хүн амын 51,7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд 1992 оноос хойших УИХ-ын таван удаагийн сонгуулийн үр дүнгээр парламентын суудлын дөнгөж 4-11 хувийг эзэлж ирсэн, сонгогчдын санал парламентад төлөөлөл болж орж чадахгүй гээгддэг, мөнгөний хүчин зүйл, нийгмийн сэтгэлгээний жендэрийн мэдрэмжгүй байдал зэрэг бэрхшээл эмэгтэйчүүдийг сонгогдоход саад учруулдаг болохыг хэлж байлаа.

“Эмэгтэйчүүд ч чадна” сэдэвт 45 хоногийн аян өрнүүлснээр Сонгуулийн хуулийн шинэчлэлд тогтолцооны шинэчлэлт оруулж эмэгтэйчүүдийн квот тусгах, эмэгтэйчүүдийн төлөөллийн талаар олон нийт, сонгогчдын мэдлэг, боловсролыг  нэмэгдүүлэх үр дүнд хүрэх юм.

Төрийн байгуулалтын байнгын хороны дарга Ж.Сүхбаатар “Манай байнгын хороо энэ асуудалд онцгой анхаарал тавьж байна. УИХ-ын сонгуулийн хуулийг одоо ид ярьж байна.Монголын улс төрийн бодлого тодорхойлох төвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл туйлын хангалтгүй байна. Ардчиллыг гүнзгийрүүлнэ гэдэг ч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бага. Саяхан би Филиппинд олон улсын хуралд оролцоод ирлээ. Түүнд оролцож байхад Ази, Номхон далайн орнуудын төвшинд Монголын эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөлөл Тувалу улс, арлын орнуудын хэмжээнд л байгаа юм байна. Энэ бол хүний үндсэн эрхтэй холбоотой асуудал юм.

Нийгмийн төлөөллийн дээд хэлбэр болсон үндэсний парламентад эмэгтэйчүүдийн оролцоог зохистой хангах ёстой гэж үзэж байна. Хууль өөрчлөх нэг хэрэг, нийгэм дэх хүмүүсийн ойлголтыг өөрчлөх хэрэгтэй юм. Энэ бол амаргүй үйл явц. Байнгын хороо тогтолцоонд шинэчлэлт хийхийн төлөө байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунхорол “ардчиллын үнэ цэнэ бол төллөөллийн ардчиллыг хангах явдал” гээд Монголын эмэгтэйчүүд парламентад нүүрэндээ гивлүүртэй араб эмэгтэйчүүдээс дор төлөөлөлтэй байгааг анхаарууллаа. Иймд мөнгөнөөс хараат, эрчүүд давамгайлсан улс төрийн тогтолцоог шинэчилж, сонгогчдын боловсролыг дээшлүүлж, эмэгтэйчүүдийн үнэлэмжийг  нэмэгдүүлэх учиртай гэсэн юм. Монголд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн давхрага үүсч, 73 мянган эмэгтэй өрх толгойлж байна гэсэн судалгаа гарчээ. УИХ-д 10-15 эмэгтэй гишүүн байхад улс төр хийх нөхцөл бололцоо үүснэ гэлээ.

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяа сүүлийн сонгуулиудаар УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл тогтмол буурч ирснийг хэлж, ардчиллын үнэт зарчим болон төлөөллийн ардчиллыг сэргээхийн төлөө хамтарч ажиллахад уриалсан юм. Нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүд давамгай үйл ажиллагаа явуулж байгаа ч улс төрд шийдвэр гаргах төвшинд төлөөлөлгүй шахам байгаа нь нийт улс үндэстний асуудал болохыг хэллээ. Мөн Ардчилсан нам сонгуульд пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог хэрэгжүүлэхийг дэмжиж буйг илэрхийлэв. Үүнийг хэрэгжүүлэхгүй хуучнаараа орлоо гэхэд эмэгтэйчүүдэд квот зайлшгүй хэрэгтэйг ч сануулав.

УИХ-ын гишүүн, Иргэний зориг-Ногоон намын дэд дарга С.Оюун “Гэр бүлд аав,ээж хамт байж тэнцвэрийг хангадаг. Нийгэм ч ялгаагүй. Нийгэмд ачааны ихэнхийг эмэгтэйчүүд үүрдэг. Гэтэл УИХ-ын гишүүдийн 95 хувь эрчүүд. Эмэгтэйчүүд 3-5 хувьтай явж ирлээ. Дэлхийн олон орон сонгуулийн хуульдаа эмэгтэйчүүдэд квот тавьдаг. Бодлогоор явахгүй бол эмэгтэйчүүд өрсөлдөж гарч ирэхэд хэцүү тул олон орон ийм арга хэмжээ авдаг. Квотгүй бол хэцүү гэдэг нь  манай сүүлийн гурван удаагийн сонгуулиар харагдсан. Хууль батлахад гараа өргөж, кноп дарах эрчүүддээ найдаж байна” гэлээ. Ийнхүү эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих 45 хоногийн аян УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр үйл ажиллагаагаа эхэллээ. Эх сурвалж
Vip76.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.