2010.04.30

Су.Батболд: Холимог хувилбар Монголын онцлогт тохиромжтой

-Засаг, захиргааны шинэчлэлийн талаар Засгийн газар ажиллахгүй байна-


УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.

-Та УИХ-ын сонгуулийн хууль боловсруулах Ажлын хэсэгт ажилласан. МАХН төслийг дэмжиж  байгаа ч хэлэлцүүлгийн явцад унаж мэдэх болгоомжлол бий. Төслөө дэмжүүлэх талаар хэр итгэл үнэмшилтэй байна вэ.


-Намын Бага хурлаас  пропорциональ хувилбарыг дэмжих чиглэл өгсний дагуу бүлэг дэмжсэн. Нийгэм, улс төр, намын төлөвшилд энэ тогтолцоо хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэдэн зуун хүнээс нэг хүнийг сонгож санал өгөх зэрэг зохицуулах зүйл бий. Монгол Улс нэг тойрог болсноор нутаг дэвсгэрийн төлөөлөл харгалзахгүй байх, лидер улстөрчид  сонгогдох магадлал өндөр гэх мэтчлэн дутагдалтай тал байна.

-Миний мэдэж буйгаар залуу гишүүдээс Сүхбаатар та хоёр пропорцианоль хувилбарыг дэмжиж байгаа. Улс төрд шинээр орж ирсэн зарим хүнд  дэвшүүлсэн хувилбар таалагдахгүй байгаа юм билээ...


-Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн өмнө намууд үйл ажиллагаандаа шинэчлэл хийх ёстой. Нам нэр дэвшигчээ санал болгохдоо нас, хүйс, нийгмийн бүлэг, мэргэжлийн төлөөллийг хэрхэн хангах талаар тодорхой бодлоготой байх нь зөв болов уу. Энэ нь тодорхойгүй болохоор зарим улстөрч болгоомжлоод байгаа хэрэг. Төслийг хэлэлцэх явцад өөрт нь хэр ашигтай  байх вэ гэх мэтээр хувь улстөрч бүр дүгнэлтээ хийх байх. Ажлын хэсгийн гишүүний хувьд би төслөө дэмжинэ. Л.Болд нарын өргөн барьсан төсөл бий. Түүнтэй бидний төслийг нэгтгээд хэлэлцэнэ. Миний хувьд холимог хувилбар Монголын онцлогт тохиромжтой гэж үздэг.

Одоо байгаа гишүүдийн хувьд санаа зовох зүйлгүй. УИХ-ын гишүүд намдаа цөм нь болдог учраас олон түмэнд өөрийгөө таниулах бололцоо нь нээлттэй. Төслийг хэлэлцээд эхлэхээр  нэр дэвших сонирхолтой бүх улстөрч өөрсдийгөө олон түмэндээ таниулах хэрэгтэй болно. Энэ утгаараа улстөрчдийн өрсөлдөөн нэмэгдэж, телевиз, сониноос салахаа болино гэдэг шүүмжлэл ортой.

-Сонгуулийн хууль суурь хуулийн нэг. Тогтолцоогоо өөрчлөх нь улсын хөгжил, эдийн засгийн чадамжид эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. Энэ давуу талыг улстөрч, олон түмэн маань ойлгоосой гэж хүсдэг. Ялангуяа улстөрчид маань том эрх ашгийн төлөө нэгдээсэй гэж бодож байна.


-Би 2004 оноос хойш сонгуулийн хоёр хуулийн төслийн Ажлын хэсэгт ажилласан. Уншсан, судалсан зүйл ч багагүй бий. Тэгээд Монголд холимог хувилбар нь тохирно гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Тодорхой тооны гишүүн тойргоос, нэг хэсэг нь намын нэрээр сонгогддог тогтолцоог зохимжтой гэж үздэг. Тэгснээр орон нутгийн төлөөлөл хангагдана. Нөгөө талаас тухайн нам Парламентад суулгах шарадлагатай хүнээ томилж оруулна. Намын лидер сонгуульд өрсөлдөөд явах биш сонгуулийг удирдах бололцоотой болно.

Холимог тогтолцоо Үндсэн хуулийн зарчимтай таарахгүй гэж манай зарим улстөрч үздэг. Энэ хувилбар дэмжигдэхгүй тохиолдолд пропорционалийг сонгож таарах гээд байгаа. Бидний боловсруулсан төсөл сонгодог пропорциональ биш. Боломжийн хувилбар хэдий ч хэлэлцүүлгийг явцад сайн ярилцах хэрэгтэй. Тэгэхгүй бол мажоритар муу гэж нэг савлаад, пропорциональ нь сайн гэж бас нэг тйиш туйлшрах хандлага гарч болзошгүй.

-Өргөн барьсан төслийг пропорциональ гэхэд хэцүү л дээ. Улс нэг тойрог болоод намын төлөө биш хүний төлөө санал өгөхөөр бүр том мажоритар болж ойлгогдоод байдаг. Олон улсад  байдаг тогтолцоо юу. Манайхны гаргаж ирсэн хувилбар  уу?


-Нам, хүнд санал өгч хоёуланг нь тоолдог түгээмэл хувилбар байдаг.  Ажлын хэсгийн хувилбарыг "монголчилсон" гэж хэлж болно.  Үндсэн хуультайгаа нийцүүлж, төлөөллийн зарчмыг хадгалахыг хичээсэн. Ерөнхийдөө пропорциональ  хувилбар.

-Өмнөх хоёр УИХ тогтолцоо өөрчлөх асуудлаар тохиролцож байсан ч амалсандаа хүрээгүй. Харин ч одоо байгаа тогтолцоог өөрсдөд ашигтайгаар өөрчилсөөр ирсэн.  Энэ удаа сонгуулийн шинэчлэл хийх боломж бий юү. Танд итгэл үнэмшилтэй байна уу?


-Төсөл хэзээ батлагдах нь тодорхой биш.  Хоёр төсөл байна. Гишүүд маань  бас санал зөрөлдөөнтэй байгаа учраас хугацаа шаардах байх. Хэлэлцүүлэг сунжрах болов уу. Миний ажигласнаар манай бүлгийн гишүүдийн 50 хувь  төслийг дэмжиж байхад мөн тал нь хуучин тогтолцоогоо авч үлдэхийн төлөө байх шиг байна билээ.  Энэ "хайнаа" хагалах хэрэгтэй. Хэлэлцээд эхэлсэн дээрээ  боломжит хувилбарыг сонгочих хэрэгтэй. Миний хувьд холимог хувилбарыг санал болгоно. Гэхдээ дэмжигдэх магадлал харагдахгүй байна. Таван удаагийн сонгуулийг мажоритараар явуулж, туршсан учраас одоо пропорциональ элементээс аль давуу хийгээд тохиромжтойг сонгож таарах болно. Нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн тогтолцоонд энэ хувилбар нь тохиромжтой.

-Улстөрчид хувь эрх ашгаа том эрх ашгийн ард тавьж чадах болов уу?


-Том эрх ашгаа нэгдүгээрт тавина гэдэгт эргэлзэхгүй байна. Ухаан бодлоо уралдуулж зөв шийдвэрт хүрэх байх аа.

-МАХН, АН долоон хувийн босгын төлөө байгаа. Жижиг намуудад энэ нь дэндүү ахдаад байгаа бололтой юм билээ. Олон улсад ч гэсэн өндөрт ордог босго гэсэн.


-5-7 хувь гэж ярьж байсан. Цөөн хүн амтай Монголын хувьд долоон хувь боломжийн босго. Хүн ам олонтой байх тусмаа босго бага байдаг. Долоон хувьд дунджаар 85 мянган сонгогч ногдохоор байгаа. Энэ хэмжээний дэмжлэг авч чадахгүй бол юуных нь нам байх юм. Хэтэрхий баг тогтоохоор хүн бүр шахуу нам байгуулах гэнэ шүү дээ.

-Орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлэх талаар Та байнга ярьдаг хүн. Энэ Парламентын үед засаг, захиргааны шинэчлэлийн том зорилтуудаа хэрэгжүүлэх боломж бий юү?


-Энэ талаар Засгийн газар юу ч хийхгүй байна. Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэчилж, боловсронгуй болгох ажлыг манай Засгийн газрын үед эхлүүлсэн. Гэтэл сүүлийн хоёр Засгийн газар энэ талаар огт ажилласангүй.

Төсвийн тогтвортой байдлын тухай болон Төсвийн хуулийн шинэчлэлийн талаар ярьж буй. Түүгээр жаахан ахиц гарах байх. Энэ талаар орон нутгаас сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч ажиллах бодол бий. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг дээшлүүлэх талаар дээрх хуулиудаар өөрчлөлт орох байх. Эрх мэдлийг нь өгөөд хариуцлагыг чангаруулах хэрэгтэй байгаа юм.

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхтэй зэрэгцүүлээд засаг, захиргааны шинэчлэл хийх хэрэгтэй.   Эдийн засгийн хувьд бие даасан засаг, захиргааны нэгжид эрх мэдэл өгөхгүй байх талаар зоригтой алхам хийх цаг нь болсон. Захиргааны шинэчлэл хийх хэрэгтэй. Конторт суудаг захиргааны албан хаагчид цалин өгснөөр цааш ахихгүй. Эдгээр шинэчлэлийг хамтад нь хийх ёстой.

-Монголд  өөрийгөө хангах зах зээлгүй, 1-2 мянган хүн амтай 300 гаруй сум байна. Үүнийг цөөлж, эдийн засгийн бие даасан нэгж байгуулахын төлөө  бодлого дутаад байна уу гэж санагддаг. Уг нь хангалттай суурь судалгаа, эдийн засгийн тооцоо хийгдсэн байх учиртай. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд, улс төрийн ийм таатай орчноо ашиглах хэрэгтэй биш үү?


-Нэгжийг өөрчлөхдөө судалгаа сайн хийх хэрэгтэй. Иргэдийн оролцоотойгоор дээрээс нь эхэлж шинэчлэлийг хийх нь зөв хувилбар. Санхүүгийн дэмжлэг хэрэгтэй.  Иргэддээ үүнийгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Манай захиргааны ихэнх албан хаагч иргэдтэйгээ тулж ажилладаггүй. Ойлгуулж чадвал иргэд  зөвшөөрнө. Нэгжийг томруулах талаар тодорхой ойлголт өгч, харилцан ярилцах хэрэгтэй.

Амьдралгүй, бизнес эрхлэх боломжгүй  сумын төвд суух сонирхол ямар ч хүнд байдаггүй. Төр энэ талаар ажиллахгүй байна. Таван аймгийн 10 сумыг нэгтгэх асуудлаар би санал оруулж байсан ч улс төрийн дэмжлэг аваагүй. Хангалттай судалгаанууд хийгдсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь   өөр салбарын ажил хийгээд яваад байхаар засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл яаж урагшлах юм. Энэ чинь Хэрэг эрхлэх газрын даргын үндсэн ажлын нэг. Засгийн газар зоригтой ажиллах ёстой. Асуудлаа УИХ-д оруулж ирэхгүй байна. Хамтарсан үедээ том зорилтуудаа хэрэгжүүлмээр байна. Ажлаа хийхгүй байгаа сайд нарыг огцруулах л хэрэгтэй шүү дээ.

-Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын асуудлаар Та судалгаа хийсэн. Энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалах гэж байгаа тухай сонссон.


-Бүх судалгааны баримтууд надад бий. Энэ талаар докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж байгаа нь үнэн. 
Зургаан аймгийг нэгтгээд Дархан, Эрдэнэт, Чойрыг улсын статустай том хот болгож, аймгийн эрх мэдэл өгье. Аймгуудын төвийг улсын болон аймгийн  зэрэглэлтэй хот болгох санаачилга байсан юм.  Хот, хөдөөг хольчихоор аймгууд хөгжихгүй байна. Иймэрхүү өөрчлөлтүүдийг хамтарсан үедээ хийчих боломжтой. Зоригтой өөрчлөлт хийх л хэрэгтэй. Засгийн газар энэ асуудал руу зориглож орохгүй байна.  Олон жижиг сум байхаар эдийн засаг, нийгэм, зах зээлийнхээ тогтолцоог эвдээд байгаа юм. Социалист байсан бүх улс засаг, захиргааны шинэчлэлийг хийж дууссан. Энэ талаар Засгийн газарт мэддэг хүн байж таарахгүй.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.