Ж.Сүхбаатар: Холимог тогтолцоогоор УИХ 100 гишүүнтэй ч байж болно
2010.04.28

Ж.Сүхбаатар: Холимог тогтолцоогоор УИХ 100 гишүүнтэй ч байж болно

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн юм.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай парламентаар хэлэлцэж эхэлсэн. Улс даяар нэг тойрог болж, намын нэрээр сонгодог болно гэхээс илүү олон нийт пропорциональ системийг төдийлөн сайн мэдэхгүй байна. Та энэ тогтолцооны онцлогийг тайлбарлаж өгөөч?

-Мажоритарын гол утга нь нэг мандаттай тойрогт хамгийн олон санал авсан нь ялдаг. Бид олон мандаттай тойргоор хоёр удаа сонгууль явуулсан. Гүйлтийн замаар бодвол барианд хамгийн түрүүнд орсон нь ялагч болдог. Харин хувь тэнцүүлэх тогтолцооны зарчим нь арай өөр.Сонгуульд намууд нэр дэвшүүлдэг зарчим байдаг боловч сонгогч нэр дэвшигчийг, эсвэл намыг сонгосон уу гэхээс үл хамаарч суудлыг хувь тэнцүүлж боддог. Нийт сонгогчийн хэдэн хувийн санал авна, мөн төдий хэмжээний хувиас доошгүй суудал хуваарилна гэсэн үг. Нөгөө нам 30 гаруй хувийн санал авбал, мөн хэмжээний суудал авах жишээтэй. Гэхдээ сонгогч санал өгөхдөө намын нэрийг дугуйлдаг, нам нь нэрсийн жагсаалт гаргадаг нэг хувилбар бий. Нөгөөх нь намыг биш нэр дэвшигчийг дугуйлдаг. Энэ нь тухайн намын гаргасан нэр дэвшигчийн жагсаалтыг өөрчлөх, эрэмбэлэх бололцоо олгодог юм. Үүнийг нээлттэй жагсаалт бүхий пропорциональ тогтолцоо гэдэг. Дээрх гүйлтийн зарчимтай зүйрлэвэл багаар оролцдогоороо ялгаатай. Гараанаас багаараа гарна гэсэн үг. Багийн гаргасан амжилтыг нийтэд нь бодож, багийн дүнгээр амжилтыг үнэлж, хэн илүү хувь нэмэр оруулснаар нь эрэмбэлнэ. Санал хураалтын дүнг гаргахдаа ялгаатай байгаа биз. Мөн нийгэм, улс төрийн амьдралд үзүүлдэг үр дагавраараа дээрх хоёр тогтолцоо ялгаатай. Мажоритар систем улс төрийн хоёр том намыг төлөвшүүлж, олонх, цөөнхийн харилцааг бий болгодог. Харилцан хяналттай болгож өгдөг. Пропорциональ нь асуудлыг хоёр том нам дангаар шийддэг гэхээс илүү бусад улс төрийн хүчнүүдийн дуу хоолойг татдаг. Эрх барьж байгаа хүчинтэй хамтарч ажиллахыг дэмждэг. Гэхдээ сөрөг тал бий. Мажоритар тогтолцооны үед нэг нам Засгийн эрхэнд гардаг, бодлого илүү тогтвортой байдаг. Пропорционалийн үед тогтворгүй, учир нь олон нам гарч ирдэг гэж ярьдаг. Гэвч үүнийг хязгаарлах механизмыг хийж өгч болно.

-Та бүхний боловсруулсан төсөлд зөвхөн нэр дэвшигчийг сонгохоор байгаа. Тэгэхээр намд ногдох суудлын тоог яаж хуваарилах вэ?

-Ажлын хэсгийн боловсруулсан төсөлд намууд 76 нэр дэвшигчийнхээ жагсаалтыг шалгаруулж эрэмбэлээд Сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Саналын хуудаст яг тэр дарааллаараа бичигдэх юм. Үүнээс сонгогч намын нэрийг биш, зөвхөн нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлна. Нэр дэвшигчийн ард нам нь байгаа учраас намын саналд тооцно гэсэн үг. Эндээс намын санал гарч ирнэ. Тэгэхээр намын гаргасан жагсаалтыг сонгогч өөрчлөх боломж гарч байгаа. Тухайлбал, 50 дугаарт бичигдсэн А хэмээх нэр дэвшигчийг сонгогчид илүү дэмжиж олон санал өгвөл 20 дугаарт оруулж болно шүү дээ. Тухайн нам нь УИХ-д 35 суудал авлаа гэхэд А нь нам дотроо нэрсийн жагсаалтын хойгуур бичигдсэн ч 20-д орж сонгогдох боломжтой гэсэн үг. Тухайн сонгогч нэр дэвшигчийг сонгохдоо түүний намд санал өглөө гэж ойлгох хэрэгтэй. Тухайн нэр дэвшигчийгээ намынх нь нэрсийн жагсаалтын эрэмбэд дээгүүрт аваачиж байгаа гэдгээ ойлгосон байх ёстой. Ингэж нэг саналаар хоёр асуудлыг шийднэ гэсэн төслийг манай ажлын хэсэг боловсруулсан юм.

-Нийт сонгогчийн долоон хувийн саналыг авч чадсан нам парламентад төлөөлөлтэй болно. Долоон хувийн босго оноог хэт өндөр байна гэж жижиг намууд шүүмжилж, энэ тухай байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр нэлээн маргасан. Босго оноог бууруулах боломж байгаа юу?

-Ажлын хэсэгт энэ тухай олон талаас нь ярилцсан. Улс төрийн нэгдсэн бодлого, олон нийтийн эрх ашиг талаасаа олон нам парламентад орж ирэх нь сөрөг гэж үзээд босго оноог тооцож тавьсан. Долоон хувь чанга босго мөн үү гэвэл мөн. Зургаагаас дээш болчихоор өндөр босгод тооцдог. Хэлэлцүүлгийн явцад сайтар ярилцах нь зөв гэж миний хувьд бодож байна. Ер нь доошлууллаа гэхэд таваас доош бууруулах нь зохимжгүй. Долоон хувийг өндөр гэж гишүүдийн олонх нь үзвэл 5-6 хувь болгож яагаад болохгүй гэж. Монголын нөхцөлд зургаа байх нь чанга эсвэл хэт зөөлөн ч биш хамгийн тохиромжтой гэж боддог.

-Та Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн байсан. Сонгууль зохион байгуулдаг бүтцэд ажиллаж байхад Монголын нөхцөлд аль тогтолцоо нь илүү тохиромжтой санагдсан бэ?

-Ажлын хэсгийнхэн ч энэ тухай надаас сонирхож асуудаг. Хосолмол байвал зүгээр юм шиг санагддаг.-Тодруулбал?-Мажоритар, пропорционалийн аль алиных нь шинжийг агуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад, одоогийн УИХ-ын гишүүдийн тоог 99-100 орчим байхаар болгох юм. Нэг танхимтай, пропорциональ тогтолцоотой улсад 100 орчим гишүүнтэй байх нь хяналт тэнцвэртэй болно. Манай улстай ойролцоо хүн амтай орнуудын парламент 100 гаруй гишүүнтэй байдаг. Төлөөлөгчийн тоог оновчтой тогтоох цаад санаа байгаа юм. Би гаднаас ч харж байсан, өөрөө УИХ-д суугаад дотроос нь ч ажиглахад гишүүдийн тоо арай цөөдөж байгаа. Хүмүүс татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрнэ гэдэг. Гэхдээ тийм биш. Тоог нэмснээр аль нэг бүлэг, хэсэг хүмүүс, олон янзын үзэл бодолтой хувь хүмүүс орж ирэх бололцоотой. 100 гишүүний тал нь пропорционалиар, таль хувийг нь мажоритараар сонгочихвол тэнцвэртэй парламент бүрдэх талтай. Шүүмжлэлтэй зүйл нь хоёр статустай гишүүд бий болно гэдэг. Нэг хэсэг нь тойргоос шууд сонгогдсон, нөгөөх нь намаас гэсэн ялгаа гарна гэж ярьдаг. Үүнийг төрөлжүүлж хувааж болдог.

-Пропорционалийн нэг эерэг тал нь сонгогч бүрийн санал парламентад төлөөлөл болж чаддаг, хэний ч санал гээгддэггүй гэдэг. Гэвч хамгийн бага хувь авсан хүнд өгсөн сонгогчийн санал хогийн саванд хаягдана биз дээ. Энэ мэт сайн болоод саар талыг дурдвал?

-Одоогийн мажоритар системийн дутагдалтай тал нь энэ. Гэхдээ би пропорционалийг 100 хувь сайхан гэж хэлж чадахгүй. Улс төрийн намуудын дотоод ардчиллыг шаарддаг тогтолцоо. Дагадаг сөрөг үзэгдэл нь нам дотор авлигын асуудал их гардаг. Нам доторх хэдэн хүнд бодлого тодорхойлох ажил хүссэн, хүсээгүй төвлөрч эхэлдэг. Эдгээр нь муу тал. Үүнийг засахын тулд багаар ажиллах шаардлагатай болдог. Хөл бөмбөгөөр бол ахлагчтай, довтлогчтой, хамгаалагчтай баг байна гэсэн үг. Багийн ахлагч, довтлогч ёс зүйгүй, багийн эрх ашгийг хохироох шийдвэр гаргах байдал үүсдэг. Үүнээс болоод нам дотор авлига бугшаад ирвэл улс орны эрх ашигт хортой нөлөө үзүүлдэг. Сайн тал нь хувь хүмүүсийн дангаар хийдэг тоглолтууд алга болно. Улс төрийн намууд үзэл баримтлалаараа өрсөлдөж эхэлнэ. Бодлогоо тодорхойлдог хүмүүсийг ялзруулахгүй байх дотоод ардчилсан тогтолцоо байх ёстой. Улстөрчдөд ёс зүйн манлайлал, шалгуурыг тавьж өгдөг тогтолцоо юм.

-Бас нэг сул тал нь гишүүдэд хариуцлага тооцож болохгүй юм биш үү. Нам гэхээс сонгогчийн өмнө хариуцлага хүлээж ажиллахаа болино биз дээ?

-Пропорциональ системд хувьчилсан хариуцлага тооцоход хэцүү болно. Харин улс төрийн намд хариуцлага тооцож болно шүү дээ. Жишээл76 хүний хувьдаа дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр үү, тухайн намынх нь мөрийн хөтөлбөрийг үү гэж сонгогчид дунд нь займчсаар нам ч, нэр дэвшигч ч хариуцлага хүлээхгүй алга болчихдог байсан. Харин 2008 онд зөвхөн улс төрийн нам мөрийн хөтөлбөртэй байхаар заасан болохоор одоо намуудыг л “барьж унаж" байгаа биз дээ. Тэгэхээр пропорционалийн үед намууд олон нийтийн өмнө улаан нүүрээрээ хариуцлага хүлээнэ. Намын удирдлагуудын хүлээх хариуцлага ч өндөр болно.-Үндэсний цөөнх парламентад орох илүү боломж нээгддэг гэдэг ч ажлын хэсгийн боловсруулсан төсөлд тухайн намын нийт нэр дэвшигчдийн хоёроос доошгүй нь казах хүн байна гэж заасан байсан?-Тухайн намаас дэвшсэн нийт нэр дэшигчдийн ; хоёроос доошгүй нь казах иргэн байна гэж бид шууд зааж нэрлэсэн. Үндэсний цөөнх гэвэл өөр яриа үүсч магадгүй. Одоогийн парламентад байгаа казах иргэдийн төлөөлөл болох гурван мандатыг хадгалах зохицуулалтыг оруулсан. Хэлэлцүүлгийн явцад засч болох юм. Миний хувьд үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн хувийн байр суурьтай байдаг.

-Нэр дэвшигчид өгсөн санал намын санал болж тооцогдоно гэлээ. Тэгэхээр тухайн нам улсын бүхий л хэсгээс хангалттай санал авч чадахуйц өндөр рейтингтэй байх ёстой байх. Танай нам ийм байж чадна гэж бодож байна уу?

-Мажоритарын үед ч намын рейтинг чухал байдаг шиг энэ тогтолцоогоор сонгууль явуулахад бүр илүү чухал. Тэр тусмаа намын удирдлагын манлайлал, хошуучлал маш чухал дүр болж олон нийтийн санаа бодолд нөлөөлдөг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Бидний өргөн барьсан төсөлд ч гэсэн намуудын олон нийтээс хүлээж буй иттэл дэмжлэг, нэр хүнд, рейтинг чухал болох нь тусгагдсан. Үндэсний хэмжээнд тогтсон, төлөвшсөн нам нь МАХН, АН хоёр. Олон нийтийн санаа бодолд нийцсэн зөв үзэл баримтлал дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх чадалтай шинэ дүр төрх, ёс зүйтэй, манлайлдаг улстөрчдийг оруулж чадсан нам гарч ирэх боломж нээлттэй. Бусад орны туршлагаас харахад олон шинэ нам пропорциональ системийн үед гарч ирсэн байдаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.