Ө.Энхтүвшин:Сонгуулийн хууль төвөгтэй болчихлоо, гэхдээ ярилцана
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2011.11.08

Ө.Энхтүвшин:Сонгуулийн хууль төвөгтэй болчихлоо, гэхдээ ярилцана

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа. Сонгуулийн хуулийн төсөл дахин гацаанд оров. Холимог тогтолцоон дотроо мажоритар, пропорционалийн харьцааг 48:28 байлгах МАН-ын санал ийнхүү мухардаад байна. 48 хүнийг мажоритар хувилбараар сонгох юм бол одоогийн олон мандаттай, тогтносон 26 тойргийн хэвээр байлга хэмээн АН шаардсан. Мөн нийслэлд ногдох тойргийг нэт гэсэн юм. 48:28 хувилбараар бол нийслэлд ногдох тойрог эрс буурна. Уг саналыг нь МАН хүлээж аваагүй, харин АН байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн. МАН-ын бүлгийн уржигдрын хуралдаан орой болтол үргэлжилсэн ч 2012 оны улсын төсвөөс өөр зүйл яриагүй гэнэ. Энэ талаар тус булгийн ахлагч Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэл хийлээ.

-АН-ын байр суурийг та бүхэн хүлээж байсан. Тэд саналаа өөрчлөхгүй гэдгээ мэдэгдлээ. Одоо ямар гарц байна вэ?

-АН-аас тавьсан хоёр саналыг яагаад хүлээж авах боломжгүй тухай тайлбарыг бид бичгээр хүргүүлсэн. Юуны өмнө олон мандаттай 26 тойргоор сонгууль явуулахаар нэг болон олон мандаттай гишүүн гэсэн статусын ялгаа гарна. Энэ асуудлыг мандатын тооноос хамаарч саналын хуудас дээр 34 нэр дэвшигчийг дугуйлах замаар шийдэх саналыг зарим гишүүн гаргасан. Гэвч Үндсэн хуулиар ингэх боломжгүй юм. Мөн 2008 оны алдааг давтахгүй байхаар хуулийг өөрчлөх учиртай. Гэтэл дээрх хувилбараар бол АН, МАН гэсэн өрсөлдөөн хэвээр байна.

Нийслэлийн мандатыг нэмэх саналд нь бид "Пропорциональ тогтолцоогоор 28 хүн сонгоход нийслэлийн гишүүдийн оролцоо илүү байгаа" гэсэн хариулт өгсөн.

Үүнийг харж үзээч гэсэн. Өчигдөр (уржигдар) орой АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг надад "Томсгосон тойргийг өөрчлөхгүй гэдэг байр сууриа хадгална" гэсэн хариу өгсөн. Асуудал төвөгтэй байдалд орлоо. Гэхдээ өнөөдрөөс зөвшилцөх Ажлын хэсэг хуралдана, гацаанаас гаргах байх. Хэрэв болохгүй бод нам харгалзахгүйгээр гишүүд, шууд санал,,хурааж шийдэх ч арга бий.

-Танай намын Удирдах зөвлөл хуралдаж, Сонгуулийн хууль ярина гэсэн мэдээлэл байна.

-Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Сонгуулийн хууль ярихгүй. Энэ талаар манай нам байр сууриа тодорхойлчихсон шүү дээ.

-Улсын 2012 оны төсвийн төсөлд нийт 600 мянган хүнд эрдэнийн хувь болох үлдсэн нэг сая төгрөгийг олгохоор тусгасан. Үлдэж байгаа хүмүүсийг яах юм бэ?

-Улсын 2012 төсвийн төслийг манай бүлэг хоёр зүйлээр сайшаасан. Юуны өмнө эдийн засгийн үзүүлэлт сайтай төсөл болсон. Орлого 6.4 их наяд, зарлага 7.1 их наяд төгрөг байж, алдагдал 740 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.1 хувьтай тэнцэнэ гэж Засгийн газар тооцсон. Энэ оны төсвийн алдагдал 9.9 хувь гэж байсныг бодоход сайжирсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтыг 2.4 дахин нэмж, 1.5 их наяд төгрөг болгосон байна.

Мөн 2008 онд МАН-ын сонгуулийн амлалтуудаас нэлээдийг нь оруулжээ.


Тухайлбал, цалинг 50 хувь нэмэхэд 1.2 их наяд, тэтгэврийг эхний ээлжид 80.000 төгрөгөөр нэмээд, цаашид 1.8-2.3 хувийн шатлалтайгаар өсгөхөд 700 тэрбум төгрөг хуваарилсан. ХХС-гаас иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгөөс 500 мянгыг бэлнээр олгоод дуусаж байгаа. Үлдсэн нэг сая төгрөгийг 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, нийгмийн халамж авдаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор тусгасан байна. Одоогоор 204 мянган ахмад, 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Оюутны сургалтын төлбөрт 83 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн "100 мянган орон сууц" хөтөлбөрт хамрагдсан иргэд авна. Тэгэхээр нийт 600 мянган хүн ХХС-гийн үлдэгдэл нэг сая төгрөгөө авах боломж бүрджээ. Гэхдээ дутуу зүйл байгаа. Үлдсэн хүмүүсийг, яах, талаар ярилцаад оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн. Хэсэг гишүүн энэ асуудлаар тогтоолын төсөл өргөн барьсан.

-Өөр тодруулах шаардлагатай ямар асуудал байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлэх төсвийг БНХАУ-ын Засгийн газраас авах 500 сая төгрөгийн зээлээр шийднэ гэсэн. Хэзээ гэдгийг нь тодруулах хэрэгтэй байна. Мөн бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох, "Алдарт эх"-ийн одонтой ээжүүдэд 500 мянга, нэг сая төгрөг олгох асуудлыг орхисон байна. Үүнийг хэрхэн шийдэх талаар ярилцана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.