Ц.Дашдорж : Шинэ хуулиар сонгуульд ороод манай нам ялагдвал хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ?
Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж УИХ-ын гишүүд гурван жил маргалдаж байж саяхан нэг шийдэлд хүрэх гэж байгаа сураг дуулдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Дашдоржтой ярилцаж, санаа бодлыг нь сонссон юм.
-Хоёр намын бүлэг удаан хэлэлцсэний дүнд сонгуулийн тогтолцоон дээр санал нэгдэж байх шиг байна. Энэ талаар таны саналыг сонирхвол?
-УИХ-аас байгуулсан ажлын хэсэг удаан ажиллалаа. Намын бүлгүүд удаан зөвшилцлөө.
-Танай нам УИХ дахь бүлгийн даргаа хүртэл солио биз дээ?
-Харин тийм. Гэхдээ Лүндээг Энхтүвшингээр солиод зөвшилцөлд хүрч байгаа юм биш. Цаг хугацаа тулчихлаа. Энэ оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж амжихгүй бол дахин өөрчлөлт оруулж амжихгүйгээр сонгуульд орно гэсэн үг. Үнэндээ 2008 оны долдугаар сарын нэгэн давтагдахаас бүгд айлаа шүү дээ.
-48:28 гэж хийснээрээ 7 сарын 1-нийг үгүй хийчихлээ гэж үү?
-Үгүй л дээ. 48:28-даа гол асуудал биш. Хамгийн гол нь санал тоолох процесс юм. Санал тоолох процесс шударга явагдаж байж, сонгууль шударга явагдлаа гэж иргэд үзнэ шүү дээ. Түүнээс биш 48:28 болсноор ямар ч өөрчлөлт орохгүй. 7 сарын 1-нээр халхавч хийж сонгуулийн тогтолцоог өөрчилж байгаа нь утгагүй юм.
-Тэгвэл яах гэж 48:28 гэж дэмий юмаар цаг алдсан юм бэ?
-Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн санал тоолох арга хоёр ондоо зүйл. Товчхондоо УИХ-ын гишүүдийг л яг ямар аргаар яаж сонгох вэ гэдэг дээрээ маргаад байгаа улс л даа бид. Шулуухан хэлэхэд өнөөдрийн байдлаар хоёр намын бүлгийн ажлын хэсгийн тохирчихоод байгаа арга бол их төвөгтэй хэцүү арга. Тэгээд ч Сонгуулийн хууль бол зөвхөн нам, улстөрчдөд зориулагдсан хууль биш, сонгогчдод зориулагдсан сонгогчдын сонгох эрхийг баталгаажуулах зорилготой гэдгийг мартмааргүй байна.
-Ардчилсан намын саналаар сонгууль явуулахаар болж байх шиг байна. Ингэснээр танай нам ялагдах үүдээ нээж байгаа юм биш үү?
-Ялах ялагдахын хувьд хэлэх юм алга. Ажлын хэсгийн тохирч байгаа төсөл батлагдаад шинэ хуулиар дараачийн УИХ-ын гишүүдийг сонговол хүссэн ч хүсээгүй ч УИХ дахь орон нутгийн төлөөллийн тоо багасна. Ерөөсөө орон нутгаас сонгогдож байгаа гишүүдийн тоо эрс цөөрнө.
-Танай Говь-Алтай аймгаар жишээ авбал ямар вэ?
-Говь-Алтай аймгийг УИХ-д нэг л гишүүн төлөөлнө. Зөвхөн Говь-Алтай аймаг ч биш, бусад алслагдсан аймгийн хөгжлийн бодлого хумигдах нь ойлгомжтой шүү дээ. УИХ-ын бүтцийг тэгээд бүрдүүлчихэж байгаа юм чинь төсөв нь тэгж л батлагдана. Энэ дээр их олон зүйл ярьж болох байх. Гэхдээ товчхондоо бол төвийн хөгжлийн бодлого түлхүү шийдэгдэж хязгаар нутгийн хөгжлийн бодлого орхигдоно. Түүний улмаас төвийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн улам эрчимжиж, хязгаар нутаг улам эзгүйрэх нөхцөл бүрдэх нь тодорхой. Тэгээд ер нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Оюу толгой, Таван толгойд амьдардаг хүн амтай, бусад газар нутаг нь хоосон улс болохыг зориод бодлогоо болгоод байгаа биш биз дээ. Энэ нь ганц намуудын ялалт ялагдлын асуудал биш Монгол Улсын ялалт ялагдлын асуудал болж магадгүй болчихоод байна.
-Тэгээд чухам та яагаад Ардчилсан намын саналыг зөвшөөрсөн юм бэ?
-Бүлэг дотроо зарим нэг гишүүн цөөнх болсон. Ийм учраас саналаа хэлж байна.
-Сонгуулийн арга нь ойлгомжгүй гэдэг дээр тантай санал нийлж байна. Их олон нэр дэвшигчтэй жагсаалт байх юм уу гэдэг асуулт байна л даа. Гэхдээ ажлын хэсэг зөвхөн 38 уу, 28 уу гэж маргаж байхын оронд сонгуулийн тогтолцоог бүхэлд нь авч үзэж болоогүй юм болов уу?
-Сонгуулийн ямар ч аргыг хэрэглэлээ гэсэн төрийн эрх барих хууль тогтоох байгууллагыг байгуулах зорилготой. Тэгэхээр зөвхөн сонгууль явуулах аргын хувилбар дээр маргаж байхаас гадна асуудлыг углуургаар нь төрийн байгууламж, хүн ам, газар нутаг, зан заншил, УИХ-ын бүтэц гээд олон асуудлыг хамтад нь ярих ёстой гэж бодож байна.
-Тэгээд?
-Гадны улсын туршлагыг ч харгалзах нь чухал. Жишээлбэл, АНУ, Авсрали, Герман зэрэг улс шиг бие даасан муж улсуудын нэгдэл Нэгдсэн улс байдаг. Ийм улсууд ихэвчлэн хоёр танхимтай парламенттай байдаг. АНУ-ыг аваад үзье. Конгресс нь хоёр танхимтай. Сенат нь муж улсуудаа төлөөлдөг. Бүх муж улсаас адил тооны сенатач гарч ирдэг бол, Төлөөлөгчдийн танхим нь ард түмнээ төлөөлж муж улсуудаас, тэнд амьдардаг хүмүүсийн тооноос шалтгаалаад харилцан адилгүй гишүүдийг гаргаж ирдэг. Хоёр ондоо зарчим байгаа биз. Муж улсын өөрийнх нь хараат бус байдлын баталгаа нь сенат, ард түмний төлөөлөл нь Төлөөлөгчдийн танхим болдог.
-Харин манайд?
-Гэтэл манай улс бол нэгдмэл улс. Төрийн байгууламжийн хувьд шал өөр. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гээд заачихсан. Нэг танхимтай парламенттай. Ийм том газар нутагтай, хүн ам цөөтэй улсын хувьд орон нутгийн төлөөллийг хүн амын төлөөлөлтэй зөв хослуулах бодлого барих ёстой. Орон нутгийн төлөөллийн тоог багасгаж болохгүй. Сонгуульд дэвших болохоороо аймагтаа очиж сайхан юм ярьж гарч ирчихээд, одоо танай аймгийг төлөөлдөг гишүүний тоог багасгана гээд сууж байж таарахгүй.
-АН-ын бүлгийнхэн Улаанбаатар хот олон хүн амтай болсон учраас УИХ-ын төлөөлөл нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Та нар АН-ын занганд орчихсон юм биш үү. Уг нь та нар олонх байж яасан ч арчааргүй юм бэ?
-Өнгөц харвал тийм гэж ойлгогдож байгаа. Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудал байгаа нь үнэн. Гэхдээ миний ойлгож байгаагаар Улаанбаатар хотын төлөөлөл УИХ-д хангалттай бий. УИХ-ын гишүүд бүгд Улаанбаатар хотод амьдардаг биз дээ. Хотын ямар ч асуудал орж ирсэн гишүүд бүгд л дуу нэгтэй дэмждэг. Энэ асуудал УИХ дахь хотын төлөөлөл, бидний яриад байгаа сонгуулийн аргатай ямар ч хамаагүй. Шулуухан хэлэхэд Ардчилсан нам хотод арай их суудал авна гээд л тооцоод байгаа байхгүй юу даа. Энд нэг зарчмын асуудал байна. Орон нутгийн төлөөллийг хүн амын тоотой уялдуулж тойргийн оновчтой хуваарилалтыг хийх хэрэгтэй.
-Та нар хотоо хар л даа. Арай өрөвдөлтэй байгаа биз дээ. Хотод дэндүү бага мөнгө баталж өгч байна шүү дээ?
-Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг Засгийн газрын түвшинд яаралтай шийдвэрлүүлж байдаг хуулийн механизмыг бий болгох шаардлагатай. Тухайлбал, Хотын Засаг дарга Засгийн газрын гишүүн байдаг. Зарим төрлийн татварыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоодог байх нь зөв. Цаашдаа ер нь дан ганц хотын асуудал биш засаг захиргааны орон нутгийн хөгжлийн бодлогоо хариуцдаг Засаг захиргааны яам Засгийн газрын түвшинд байгуулах шаардлагатай гэж би боддог.
-Сонгуулийн хууль ирэх долоо хоногийн чуулганд орж чадах уу?
-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон гишүүд хэцүү үүрэг аваад ажиллаж байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ улстөрийн нам хүчин гэдэг утгаараа хариуцлагын асуудал заавал дагаж яригдах ёстой. Нэгэнтээ улстөрийн нам засгийн эрхийг авах гэж сонгуульд ордог юм бол дараагийн сонгууль шинэ хуулийн дагуу явагдаад манай нам ялагдвал хэн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг бүлэг дээр тодорхой болгосны дараа төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх байх гэж харж байна.
-2012 оны сонгуульд ялагдвал танай намын ажлын хэсэг хариуцлагыг нь үүрэх юм биш үү. Тэр дотроо бүлгийн дарга Ө.Энхтүвшингээр туг тахиад намын удирдлагууд нь сугарч үлдэх юм биш үү?
-Харин үүнийг л тодорхой болгох хэрэгтэй.