С.Эрдэнэ: Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчих ёсгүй гэдэг үүднээс шүүхэд хандсан
2011.06.27

С.Эрдэнэ: Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчих ёсгүй гэдэг үүднээс шүүхэд хандсан

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчсөн хэмээн шүүхэд хандсан. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч эцэст нь та яллаа. Ер нь Сонгуулийн ерөнхий хороог яагаад шүүхэд өгөх болсон юм бэ?


-Би Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчин нэг жил гурван сар 11 хоног УИХ-д суух боломжийг минь алдагдуулсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм. Хамгийн гол нь хариуцлагатай байх ёстой гэдэг үүднээс л асуудалд хандсан. Энэ хугацаанд шүүх хурал нэг удаа хойшилсон.

Хоёр дахь удаагийн хуралдаанаар шүүхийн шийдвэр миний талд гарлаа. УИХ-ын болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15.2, 50.1.2-т Сонгуулийн ерөнхий хороо ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэрсийг нам, эвсэл бүлгээр нь жагсааж, Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлэх үүрэгтэй. Энэ хороонд ямар нэгэн хяналт шалгалтын ажил явуулах, аль нэг нэр дэвшигчийг өргөн барихгүй, нийтэд мэдээлэхгүй байх эрх хуулиар олгогдоогүй. Тиймээс л хууль зөрчсөн байгаа юм.

Тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар бол сонгуулийн дүнтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд 14 хоногийн дотор тойргийн хороо эцэслэн шийдвэрлэнэ гээд бүрэн эрх олгочихсон. Үүний дагуу 25 дугаар тойргийн хороо 16 тоот тогтоолоо гаргаад Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлчихээд байхад тус хороо үл ойшоон 25 дугаар тойргийн хорооноос дэвшсэн дөрвөн нэр дэвшигчийн нэрийг өргөн бариагүй.

-Тантай цуг хэн, хэн байсан юм?

-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин, Д.Энхбат бид дөрвийн нэрийг өргөн бариагүй шүү дээ. Сонгуулийн ерөнхий хорооны өмнөх дарга Д.Баттулга тухайн үед удаа дараа хууль бус тайлбар хийж байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа асуудлыг шийдсэний дараа өргөн барина, тойргийн хороон дээр маргаан үүссэн, тойргийн хорооны тогтоол нь хүчин төгөлдөр биш гэх мэт хууль бус үндэслэлээр хойшлуулж байлаа.

Долоодугаар сарын 3-нд гаргасан тойргийн хорооны тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороо гурван сарын дараа 70 дугаар тогтоол гаргаж, хүчингүй болгосон байдаг юм. Гэтэл наймдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчид айлтган УИХ-д өргөн мэдүүлсэн 55 дугаар тогтоолоор 66 хүний нэрийг өргөн барьсан. Энэ үед тойргийн хорооны тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байсан. Үүнээс хойш бараг хоёр сарын дараа 70 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Харин уг тогтоолыг зөвшөөрөөгүй учир өмнөх тогтоолоо баталгаажуулан 17, үүний дараа 18, тэгээд 19 дүгээр тогтоолыг гаргасан. Ямартай ч тойргийн хороо хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу тогтоолоо дөрвөн удаа гаргалаа. Уг нь Сонгуулийн ерөнхий хороо хамтын удирдлагатай байгууллага. Хамтын шийдвэрээ тогтоолын хэлбэрээр гаргадаг учиртай. Түүнээс биш албан тоотоор аль нэг тойрог, хэсгийн хороонд үүрэг даалгавар өгөх эрхгүй. Хэт улстөржсөн ийм хандлага явсаар байгаад 2009 оны нэгдүгээр сарын 13-нд 25 дугаар тойргийн хорооны нэр дэвшигчдийг өргөн барихдаа зөвхөн миний нэрийг үлдээсэн.

-Чухам яагаад таны нэрийг үлдээсэн юм бэ. Тухайн үед бол янз бүрээр ярьж байсан?

-Сонгуулийн ерөнхий хороо “Нэг сонгогдогчийн нэрийг эрүүгийн хэрэгт шалгаж байгаа асуудал шийдэгдсэний дараа өргөн барих нь зүйтэй гэж үзлээ” гэсэн. Энэ нь хуулийг дээд зэргээр, ноцтойгоор зөрчсөн үйлдэл. Тойргийн хорооны тогтоол, шийдвэр хүчин төгөлдөр байсаар байтал дур мэдэн өөрчилж, дөрвөн нэр дэвшигчээс нэгийг нь сугалж үлдэнэ гэдэг дэндүү улстөржсөн бүдүүлэг алдаа гэж хэлж болно.

Энэ хугацаанд би эрүүгийн хэрэгт шалгагдаж дуусаад 2009 оны дөрөвдүгээр сард хэрэгсэхгүй болсон. Харин наймдугаар сард цагаатгах тогтоол гарсан. Ингээд аравдугаар сард УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж ажлаа эхлүүлсэн юм.

-Жил гаруй парламентын гишүүнээр ажиллаагүйн цалин гэж 10.3 сая төгрөг нэхэмжилсэн юм уу?

-Би мөнгөний төлөө яваагүй. Төрийн маш чухал байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. Энэ байгууллага нь Монгол төрийг тогтвортой, хуулийн дагуу байгуулах үүрэгтэй. Гэвч хэтэрхий улстөржиж, олонхийн санал авсан УИХ-ын гишүүнийг санаатайгаар бүрэн эрхийг нь эдлүүлэхгүй байх үйлдэл дахин битгий гаргаасай гэсэндээ шүүхэд хандсан юм. Хэрэв дахин ийм зүйл гарвал хуулийн хариуцлага хүлээдэг юм гэдгийг ойлгуулахыг хүссэн.

-Өмнө нь ийм асуудал гарч байсан уу?

-З.Энхболд гишүүн 2004 онд жил таван сарын дараа УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж байсан. Сонгууль болгонд нэг гишүүн хууль бусаар хугацаанаасаа хоцорч ороод байгаа нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа хэрэг. Үндсэн хуульд “Монгол Улсын их хурал 76 гишүүнтэй, нэг танхимтай парламенттай байна” гээд заачихсан. Гэвч үнэн хэрэгтээ 76 гишүүнтэй байна гэсэн заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа биз дээ.

-Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн тохиолдолд ийм, ийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн зүйл, заалт бий юү?

-Тэгэхээр одоо Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн этгээдүүдэд хүлээлгэх Эрүүгийн хуулийн хариуцлагыг чангатгах ёстой юм. Аливаа сонгуулийн үр дүнг будилаантуулах нь төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах оролдлого гэж үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнгээр Монголын төрийг байгуулж байгаа шүү дээ. Тиймээс илүү хариуцлагажуулж, чангатгах нь зөв.

-Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг таныг тагнаж, чагнасан хэмээн Тусгай хяналтын дэд хороонд хандсан. Уг хорооны хурал хойшилсоор байгаа. Хэзээ хуралдах талаар танд мэдээлэл байна уу?

-Үүнийг Тусгай хяналтын дэд хорооныхон л мэдэх байх. Миний хувьд асуудлыг тогтоож, шалгаж өгөөч ээ хэмээн өргөдлөө өгчихсөн. Тус хороо миний мэдэхийн гурав, дөрвөн удаа хуралдаж чадсангүй. Чухам ямар үндэслэлээр, яагаад хуралдахгүй байгааг мэдэхгүй юм. Энэ талаар асууж, сонирхсонгүй.

-Та намынхаа даргатай нэг бус удаа нэлээд ширүүхэн муудалцсан. Юунаас болж та хоёр хоорондоо таагүй харилцаатай болчихсон юм бэ?

-Бид хоёрт хувь хүний хувьд таагүй харилцаа байхгүй. Ямар нэгэн зүйл булаацалдаагүй болохоор муудалцах шалтгаангүй. Харин намын үйл ажиллагаа, улс төр, эдийн засаг, өнөөгийн нийгмийн нөхцөл байдлаас болоод л муудалцдаг. Тэр хүний үзэл бодол өөр. Минийх бас өөр. Жишээ нь би хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам байх ёсгүй гэж үздэг.

Харин тэр хүн Тэргүүн шадар сайдын албыг хашиж байна. Би өөрт нь “Та энэ Засгийн газарт байвал намын даргаа өг. Эсвэл Тэргүүн шадар сайдынхаа суудлыг өг. Учир нь хамтарсан Засгийн газрын гадна Ардчилсан намын дарга байх ёстой. Ингэж байж гүйцэтгэх засаглалыг ташуурдаж, үгээ хэлж, Ардчилсан нам амьд байгаагаа харуулах боломж бүрдэнэ” гэж хэлдэг. Намын дарга нь хамтарсан Засгийн газарт байгаа юм чинь нам хөдөлье гээд яаж ч чадахгүй. Ийм шаардлага тавьсны төлөө бид муудалцсан.

Над руу “Чамайг Н.Энхбаяртай есөн удаа уулзсаныг чинь мэднэ шүү” гэж л байсан. Үүнийх нь хариуд “Та Тагнуулын төв газрыг удирддаг юм уу. Таны мэдэлд байдаг юм уу” гэхэд “Тагнуулын төв газарт манай хүн байдаг юм шүү дээ С.Эрдэнээ” гэсэн. Тэгээд л би тагнаж, чагнасан гэдгээр өргөдлөө гаргасан юм. Ер нь хэн нэгнийг хадны мангаа болгоод л өөрт дургүй хүмүүсээ түүнтэйгээ холбож, нэр хүндийг нь унагаах гэсэн оролдлого их гарах болж.

-Зөвхөн таныг бус Ардчилсан хүчний холбоог Н.Энхбаяртай холбон ярьдаг. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Ингэж ярих хэрэггүй л байхгүй юу. Бүгдийг Н.Энхбаяртай холбож байгаа энэ үед манай нам ийм зүйлд оролцох нь дэмий юм. Манайх чинь Ардчилсан нам. Харин МАХН-тай адил нэр, зүсээ өөрчлөөд явж байгаа биш. Н.Энхбаярыг өнөөдөр Монгол Улсын иргэн биш гэж хэн ч зарлаагүй. Ардчилсан нийгэмд хэн хэнтэй ч уулзаж болно.

Намайг есөн удаа уулзсан гээд гүтгээд байх шаардлагагүй. Миний хувьд Н.Энхбаяртай уулзсан уу гэвэл уулзаагүй. Харин урьд нь уулзаж байсан. Гэтэл есөн удаа уулзсан гэх нарийвчилсан тоо гаргаад ирсэн нь сонин байгаа юм. Хүнийг дийлэх гэж амаараа гүтгэж, зохиож ярьж болно. Гэхдээ барим тавин тоо хэлж, гүтгэнэ гэдэг учиртай. Үүнд л эмзэглээд байгаа хэрэг.

-Н.Энхбаяр МАХН нэрийг авч чадлаа. Улстөрчийнхөө хувьд нөгөө намд болж байгаа улстөржилтийг юу гэж харж байна вэ?

-Хэсэг хүмүүс эвлэлдэн нэгдэх, ямар нэгэн нам, төрийн бус байгууллага байгуулахыг үгүйсгэхгүй. Ардчилсан шударга ёсонд хүн бүр эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүнд гайхаад байх зүйл огт алга. Нам байгуулж гарч ирээд өрсөлдөнө л биз. Эцсийн эцэст хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн л сонгоно. Түүнээс биш байж болохгүй юм гэж бодохгүй байна.

-Ардчилсан нам хэд, хэдэн хуулийн төсөлд завсарлага авч хуулийг гацаанд оруулж байна гэх шүүмжлэл бий. Халамжийн тухай хуульд гэхэд зургаа дахь удаагаа завсарлага авсан. Үүний цаана танай нам хэтэрхий улстөржөөд байгаа юм биш үү гэх хардлагыг төрүүлж байна?

-Үнэндээ Халамжийн хуулийн цаад зорилго нь юу юм. Монголд өнөөдөр халамж ихэдсэн үү гэхээс багадаагүй. Хүн бүрт 21 мянган төгрөг өгч байна. Энэ нь эцэстээ үндэсний цөөн хэдэн архины үйлдвэр, Хөх хот, Эрээнд хөрөнгө оруулалт л болж байгаа юм. Үүний төлөө л гэхэд жилд 705 тэрбум төгрөг төсөвлөж байна.

Энэ их мөнгийг ингэж үргүй зарах хэрэг байсан юм уу. Уг хуульд бидний зөрчилдөөд байгаа гол асуудал бол зорилтот бүлэг буюу халамж авах хүмүүсийг өрхөөр бус иргэнээр нь тодорхойлох явдал. Ардын намынхан өрхөөр нь гэж байгаа. Бидний хувьд нийгмийн халамж хүртэх ёстой иргэнд нь хүртээх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Бид хууль батлах дургүйдээ завсарлага авч байгаа юм биш.

-Сонгуулийг холимог тогтолцоо дотроо ямар хувилбараар явуулах вэ гэдгийг хоёр намын зөвшилцөх ажлын хэсэг хэлэлцэж байгаа. Зөвшилцөлд хүрч чадна гэж бодож байна уу?

-Бидний завсарлага авсан асуудал бол манай намын хийж байгаа асуудал биш. Ардын намынхан биднийг ийм байдалд аргагүй оруулж буй хэрэг. Тэдний сонгосон сонгуулийн тогтолцоо улс орны эрх ашигт хортой хувилбар. Нэг үгээр хэлбэл тэднийхээр баталвал 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн давтагдах магадлалтай гэсэн үг.

-Зөвшилцөх ажлын хэсгийнхэн үр дүнд хүрээгүйгээс болж Ардын намын бүлгийн дарга, дэд дарга нар солигдлоо. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг шиг Ардын намынхан хэнийг даргаар тавих нь бидэнд хамаагүй. Эцсийн эцэст уг хууль Монгол Улсад хэрэгтэй, төрөө байгуулдаг сонгуулийн эрх зүйн орчин бүрдсэн хууль батлагдаасай гэж бодож байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.