Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ
2021.07.01

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. 

Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс зэрэг яам, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яам, Үндэсний аудитын газрын удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.