ҮББХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2020.10.29/-ны хуралдаан 13 цаг 23 минутад 64.3 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв. Тэрбээр, ирэх онд үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр, хөнгөн ба хүнд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлогын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод, эзнээ олсон сонгон шалгаруулалтыг зохион байгуулах замаар сангийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах болно.
Уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэн, экспортыг дэмжих төсөл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацаатай батлан даалттай санхүүжилт олгох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зээлийн батлан даалтын системийг дэмжих төсөл, түүнчлэн, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариалан хөгжүүлэх зэрэг төслүүдийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Төслүүдийг хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэрлэгчдэд урт хугацаатай зээл авах боломж бүрдэн, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, өрсөлдөх чадвар, ажлын байр бий болж, гадаад болон дотоод зах зээлд нийлүүлж буй бараа бүтэгдэхүүн нэмэгдэж, экспортын зах зээл тэлэх боломж нэмэгдэнэ.
Нефть химийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор БНЭУ-ын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр жилд 1.5 сая дотоодын түүхий газрын тос боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн барилгын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт эрчимжүүлэхээр тус тус төлөвлөөд байна гэж онцлов.
Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагддаг Барилга, хот байгуулалт, Зам, тээврийн хөгжил, Уул уурхай, хүнд үйлдвэр, Эрчим хүч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.
Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 204.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 4.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 406.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 168 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 179.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 300.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 91 барилга, байгууламжийг 136.5 тэрбум, шинээр 106.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 77 төсөл, арга хэмжээг 42.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 56.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 19.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 20 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 79.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 300.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна.
Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 580.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 76 барилга, байгууламжийг 212.7 тэрбум, шинээр 69.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 30 төсөл, арга хэмжээг 24.0 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 21.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд олон улсын болон улсын чанартай авто замын засвар, арчлалтын үйл ажиллагааг Улсын авто замын сангийн хөрөнгөөс 52.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 40.1 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 4.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөгдсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны төсвийн төсөлд хөрөнгийн зардал 4.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 1 дүгээр үе шатны ажлыг эхлүүлэх зардал байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Хөрөнгийн зардлын дүнд геологи хайгуулын 27.4 тэрбум төгрөгийн зардал нэмж тусгагдсан байна.
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 85.8 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 23.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн байна.
Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 173.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 56.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд: Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 124.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээг 32.8 тэрбум, шинээр 49.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 23.3 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 40.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 17.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 7 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 186.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсөвтэй харьцуулбал 176.1 тэрбум төгрөгөөр буюу 48.5 хувиар бууруулж тооцжээ. Төсвийн төсөлд урсгал зарлагыг 171.0 тэрбум, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 36 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 20.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд: Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 11.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 6.2 тэрбум, шинээр 29.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 24 төсөл, арга хэмжээг 13.8 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Хөрөнгийн зардлын дүнд 7.4 тэрбум төгрөгийн стратегийн хөрөнгийг баталсан байна. Шинээр хэрэгжих 15.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна гэж танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Т.Энхтүвшин, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон төсвийн ерөнхийлөн захирагчид хариулт өгөв.
Улсын Их Хурлын гишүүд Дарханы зам баригдаж дуусах хугацаа тодорхойгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, бүрэн ашиглалтад орох хугацааг болон замын засвар, арчлалт, тохижилтод зарцуулах санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан эсэх, мөн Дархан-Уул аймагт баригдаж буй арьс шир боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох талаар болон газрын тос боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл яаж боловсруулагдсан тухай, гэрээ хэрхэн байгуулагдсан талаар асуулт асууж, хариулт авлаа. Мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар болон Засгийн газрын дэвшүүлсэн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн төсвөө төвлөрүүлэх, хүнс, шатахуунаа дотоодоосоо хангадаг болох чиглэлээр ямар ажил хийхийг тодруулж, хариулт авсан юм.
Гишүүдийн асуултад Дарханы замын гүйцэтгэл хүндрэлтэй байгаа. 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч БНХАУ-ын компани гэрээгээ цуцлах хүсэлт ирүүлсэн учир дахин сонгон шалгаруулалт зарлаж, хоёр талаасаа гэрээ байгуулж ажиллана. Ирэх сарын 15 гэхэд зарим багцын хөдөлгөөнийг нээнэ, Дарханы аж үйлдвэрийн паркийг ойрын хоёр жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулна. Төр дэд бүтцийг хариуцаж, хувийн хэвшил үйлдвэрээ барина. Ирэх онд 5 тэрбум төгрөг энэ ажилд туссан гэсэн хариулт өгч байв.
Асуулт, хариулт дууссанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Н.Наранбаатар нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналаа тайлбарлан үг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн гаргасан Үндэсний урлагийн их театрын барилга барина гэснийг хасаж, логистик төв аймагт бүрт байгуулах саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 20 хувийн саналаар дэмжигдсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувийн саналаар дэмжсэн юм.
Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ийнхүү явуулснаар санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.