ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.01) хуралдаан 10 цаг 14 минутад 57.8 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцлээ.
Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” хэмээн заагаад хуулийн 7 дугаар зүйлд “Цахим хуралдаан” гэсэн шинэ зохицуулалтыг тусгай бүлэг болгож оруулсан.
Энэ үндсэн дээр байнгын хорооны хуралдааныг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байхаар зохицуулсан.
Энэ үндсэн дээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан цахимаар болж, гишүүд “Сүхбаатар” танхим болон байгаа газраасаа интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютер, iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан ZOOM-ээр нэгдсэн хуралдаанд оролцож байгаа юм.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэл нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.
Тэрбээр, “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн.
Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна.
Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна. Иймд Монгол Улсын 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна:
- Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
- Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
- Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
- Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.
Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.” хэмээн танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэллээ.