ТБХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг хэлэлцлээ
Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, хариулт авсны дараа энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,540.7 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 гэж, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1.363.8 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 байхаар өөрчилснийг нэмж тусгасан байв.
Хуралдааны төгсгөлд "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Уг тогтоолын төсөлд бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн үр ашиг, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж, бүх салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын жилийн төсвийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой шийдвэр гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах, нийгмийн халамжийн хамрах хүрээг оновчтой болгож, төрийн зүгээс тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг нэгтгэх, зарим үйлчилгээг бусад салбарт шилжүүлэх замаар давхардлыг арилган халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр Нийгмийн халамжийн багц хуулийн төслийг 2020 оны Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн төслөөс хасагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцон эрэмбэлж, төсвийн тухай хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн дараа оны төсвийн төсөлд тусгах асуудлыг шийдвэрлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох ажлын санхүүжилтийг ТӨҮГ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн, энэ ажлыг 2020-2022 онд багтаан хэрэгжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хагас бие даасан удирдлагын тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан төрийн өмчийн эруул мэндийн байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад шаардагдах багаж, тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах зардлыг 2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тус тус тусгасан байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Чинзориг нарын зүгээс “Коронавирус халдвар Ковид -19 цар тахлын үед 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн зарим хуулийн хэрэгжилт удаашралтай байгааг харгалзан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжих хугацааг сунгах эсэх асуудлыг судлан үзэж, саналаа 2020 оны 4 дүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулах гэсэн” заалтыг уг тогтоолд тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ингээд тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.