2021.06.30

Ц.Туваан: Эмч нарыг битгий тангарагаар нь далимдуулж дарамтлаад бай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.30/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Манай эрх баригчид Коронаг гурван удаа ашиглаад, нилээн зүйл явуулсан. Одоо энэ тодотгол дээрээ Коронаг устгаж алга болгон, эрлэгт нь явуулах төсвийн тодотгол хиймээр байна. Төсвийн тодотголыг гишүүд нилээн бодлогын шинж чанартай реформ оруулаад, гал унтраах байдлаар асуудлуудыг шийдэх биш, урьдчилж харсан, тактик боловсруулсан байдлаар төсөв дээр хандах хэрэгтэй байна. Нөхцөл байдал бол амаргүй байна.  Тодотголыг дэмжиж байгаа харин ч бүр оройтож байна. Би сая Төв аймгийн бүх сумдаар ороод эрүүл мэндийн ажилчидтай уулзаад ирлээ. Ер нь бол маш хүнд, цөхөрч, ядарсан, туйлдсан байдалтай байна. Их эмчгүй сум байна. Эрүүл мэндийн ажилчдынх нь 50 хувь өвчлөөд, корона туссан сумдууд байна. Тэгэхээр иргэд хаана, хэнд хандаж эмчилгээ авах вэ? Жолооч нар шинжилгээ зөөвөрлөх, өвчтөн зөөвөрлөх, дуудлаганд явах гээд 20-иод хоног нойр дутуу явж байгаа жолооч таарч байна. Ковидын үед  УОК, түр хороо хамтарч боловсруулсан төлөвлөгөөтэй орж ирэхгүй бол Эрүүл мэндийн байгууллагын ажилчид сөхөрч уналаа. Тэгэхээр энэ тал дээр шинэчилсэн байдлаар ажиллах хэрэгтэй байна. 

Эрүүл мэндээс бусад салбаруудаас төсвийн тодотгол дээр таналт хийж орж ирж байгаа зүйл байна уу? Тоо баримтыг Сангийн яамныхан хэлж өгнө үү?

Хөдөө орон нутагт нэг дутагдалтай зүйл бол боловсон хүчний асуудал маш хүнд болсон байна. Үүн дээр нэмэлт сайн дурынхан, тэтгэвэртээ гарсан хүмүүсийг ажиллуулах төсвийг улсын төсвийн тодотгол байршуулах боломж байна уу?

Өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын ҮЭХ-оод дуугарч эхэлж байна. Манай эмч, эрүүл мэндийнхнийг тангарагаар дарангуйлахаа болих хэрэгтэй. Тангарагийн дарангуйлал арай дэндлээ. Та нар тангараг өргөсөн юм чинь юм ярих эрхгүй гээд байна. Сангийн сайд эрүүл мэндийн салбарынханд цалингийн нэмэгдэл өгнө гэж хэлсэн яг тодорхой хэдэн төгрөг, яаж тусгаж өгснөө хэлж өгнө үү? 

Өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн гэсэн асуудлаа С.Энхболд сайд тодорхой хэлж өгнө үү? Ингэхгүй бол тодорхойгүй зүйл яваад, анхан, дунд шатан дээрээ бүх мөнгө, төгрөг чинь гацчихаад анхан шатны эмч, эмнэлэгийн байгууллага дээр юу ч очихгүй асуудал нилээн хүнд болсон байна. Үүнийг маш сайн анхаарч өгөхийг хүсч байна.

Түүний асуултанд Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан нэмэлт тодруулга хийлээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn