УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Хатуу хөл хорионы энэ үед өөрөө өөртөө ажил олгоод бизнес эрхэлдэг, ЖДҮ бизнес, өрхийн бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд хориог сунгаад байхаар нөхцөл байдал хүндэрч эхэлж байна. Бид нар 2020 оны 4-р сарын 23-аас эхлээд хэд хэдэн чухал хөнгөлөлттэй зээлүүд авсан.
Үүнд: Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр онцгой байдлын үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд нийт 20 сая, Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын 2020 оны 9-р сарын 8-нд УИХ-аар баталсан 100 сая ам.доллар Нийгмийн хамгааллын хөтөлбөрөөр тэр дундаа бичил дунд үйлдвэрлэлийг хямралаас хамгаалах гэсэн зориулалттай. Хамгийн сүүлд 12-р сарын 3 нд баталсан Японы Засгийн газрын 233 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл цар тахлын үед яаралтай арга хэмжээ авах, эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах гээд яг өнөөдөр тусламж хүсч үлдээд байгаа энэ хэсэгт гадаадын бидэнтэй хамтарч ажилладаг Олон улсын санхүүгийн байгууллагууд нэн хөнгөлөлттэй зээлийг өгөх.
Улсын төсөв дээр ч бас хөнгөлөлтүүд өгөх ажлууд байгаад байгаа. Тэгэхээр эд нар хэрэгжиж эхэлж байна уу? Яг тэр зорилтот бүлэг бидний хэлээд байгаа Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол хамрагдах боломжтой гэж өмнө нь ярьсан. Гэвч Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагддаггүй өөрөө өөртөө ажил олгоод байдаг, хуваариа хөдөлмөр эрхэлдэг 240.000 иргэний асуудал байгаад байгаа учраас бид цар тахлын үед эдгээр иргэдийг төрийн бодлогын гадна үлдээж болохгүй юм. Үүн дээр ямархуу ажлууд хийгдэж байгаа вэ? Хөнгөлөлттэй зээл тусламжийн эхний хэсэг нь орж ирсэн үү? Судалгаа, бодит хүмүүс рүүгээ чиглэх ажил хийгдэж байна уу?
Засгийн газар, УОК, УИХ-ын хувьд Хүүхдийн 100.000, сая сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулсан нь бодит дэмжлэг боллоо. Жишээлбэл: Чингэлтэй дүүрэгт гэр хороололын иргэд ихэнх нь байдаг. Өчигдөр тойргоороо явж байхад иргэдийн хувьд 50 хувийн үнэ хөнгөлсөн нь үнэхээр бодит гар дээрх дэмжлэг боллоо гэж байна. Тэгэхээр бид хүүхдүүдээ, гэр хорооллын иргэддээ тодорхой хэмжээний дэм болсон арга хэмжээ авлаа. Одоо аж ахуй нэгжүүд, өөрсдөө хуваариа бизнес эрхэлдэг хүмүүс рүү чиглэсэн арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй байна. Энэ бол Засгийн газрын дараагийн шатны ажил байх гэж бодож байна. УИХ ч гэсэн ковидтой холбоотой тогтоолоо маш хурдан сунгаад, Ерөнхийлөгчийн хориг дотроо орсон чухал саналуудаа тусган, хэрэгжүүлээд явах бололцоотой гэж би харж байна.
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.