Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд сумдад төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлнэ
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) хуралдаан 10 цаг 17 минутад эхлэн, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан. Ирэх 2021 онд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрөл олгох процесс, нийгмийн халамж, төрийн албаны хүний нөөц, цалин хөлсний удирдлагыг цахимжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцоллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд сумдад төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор нийт 23 тэрбум төгрөгийн өртөгтэй Хур системийг нэвтрүүлэх, дижитал Эрдэнэт, хөдөөгийн алслагдсан багуудыг холбоожуулах, зарим сумдыг шилэн кабелиар холбоход нийт 13.4 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 6 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус төсөвлөөд байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
Төсвийн хуулийн төслүүдийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Мэдээллийн технологи, цахим шилжилттэй холбоотой зардалд 2021 оны нэгдсэн төсвийн төсөлд 30.1 тэрбум төгрөгийн зардал төсөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 50.3 хувь буюу 10.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, Үндэсний дата төв нь төрөөс хэрэгжүүлж буй цахим системүүдийн, төсөл хөтөлбөрийг дэмжин тус системүүдийн дэд бүтцийг хариуцан ажиллахаас гадна ДАН, ХУР, Тоон гарын үсэг, Үндэсний цахим шуудан зэрэг суурь системүүдийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байна. Иймд систем тоног төхөөрөмжийн лиценц support-ийг сунгах, хамгаалалтын систем сайжруулах зайлшгүй шаардлагатай тул мэдээлэл технологи, үйлчилгээний зардалд 2.9 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. ТЕГ Глобал форум болон BEPS-ээс тавьсан олон улсын ISO27000 цуврал стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангасан орчин бүрдүүлэх шаардлагатай системийн зардалд 1.7 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж цахимаар гүйцэтгэлийг хянаж санхүүжилтийг олгох болсонтой холбогдуулан Uptodate цахим системийг нэвтрүүлэхэд 6.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Системийг нэвтрүүлснээр эрүүл мэндийн байгууллагууд эмнэл зүйн зааврын дагуу хийсэн гүйцэтгэлд санхүүжилт олгох, иргэд аль ч эмнэлэгт очсон хамгийн оновчтой эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж үзсэнийг онцлов.
Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн төсөлд хийсэн дүгнэлтэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй гэж дурджээ. Мөн төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, цахимжуулан татварын орлогыг нэмэгдүүлэх, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ж.Чинбүрэн, Г.Дамдинням, Т.Доржханд, Г.Амартүвшин, Б.Саранчимэг, Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн зүгээс шинжлэх ухааны суурь судалгаандаа хөрөнгө төсөвлөсөн хэвээр байгаа юу эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулах инноваци технологийн агуулга шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглүүлж өөрчилсөн эсэх, салбарын яам энэ асуудалд ямар бодлого баримталж байгааг сонирхож байлаа. Мөн сүүлийн 10 гаруй жил ярьсан цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах ажил ямар шатандаа явааг тодруулсан.
Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Г.Ганбаяр хариултдаа, Өнгөрсөн долоо хоногт Сайдын зөвлөл хуралдаад инноваци технологио дэмжихэд төсөв, хөрөнгө оруулалтаа чиглүүлэхээр шийдвэрлэсэн. Яаман дээр Инноваци технологийн газартай болоод үйл ажиллагааг нь өргөжүүлээд байна. Төсөвт 12 тэрбум төгрөг суулгасан. Цаашдаа төсөвлөсөн хөрөнгийг инновацид чиглэсэн, гарааны бизнес, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаанд чиглүүлнэ гэж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс, Ерөнхий сайдын захирамжаар цахим хөгжлийн багц хуулийн гурван төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар хамтран боловсруулж байгааг тодотгоод УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг “Харилцаа холбоо мэдээлэл, технологийн бүтцийн өөрчлөлт, орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой урсгал зардлыг 1 тэрбум 1,5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, төсвийн төслөөс ТЭЗҮ хийгдээгүй төсөл, арга хэмжээг хасах замаар эх үүсвэр гаргах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Ингээд уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.