ТБХ: Малын тоо толгойн албан татвараас төвлөрөх орлогын зарлагыг тодорхой болгох шаардлагатай
2020.11.10

ТБХ: Малын тоо толгойн албан татвараас төвлөрөх орлогын зарлагыг тодорхой болгох шаардлагатай

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.10) хуралдаан 11 цаг 27 минутад гишүүдийн 72.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийх үеэр нэр бүхий гишүүдээс Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөл дээр гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгүй, уг асуудлыг гүйцээн боловсруулах хуулийн төслийн холбогдох зүйл, заалттай уялдуулах чиглэлийг Байнгын хороонд өгсөн.

Иймд хуулийн төслийн талаарх УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад оруулах зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ заалтад “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах” гэсэн үг нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан “Үндэсний хэмжээнд бэлчээр, ургамалжилтын төрөл зүйл, бэлчээрийн доройтлын  талаар тооцоо судалгаа хийх, эдийн засгийн үр нөлөөг тооцох” гэсэн агуулгыг оруулах шаардлагатай гэсэн саналууд хэлж байлаа. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Малын тоо толгойн албан татвараас төвлөрөх орлогын зарлагыг тодорхой болгох шаардлагатай гэж олон гишүүд үзсэн. Иймд зарлагын тухай заалтыг Төсвийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2.8 -д Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтыг тусгасан учир үүнтэй уялдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан” гэж байлаа.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн, Ц.Анандбазар нар хуулийн  төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “60.2.8.малын тоо толгойн албан татварын орлого. Энэ орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах зардал болон гамшгаас хамгаалах,  малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, хортон мэрэгчтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна.”  гэсэн нэмэлт заалт оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. 

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.