2020.12.04

Б.Энх-Амгалан: Төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийг вакцин авахад зориулж тусгасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Энэ бол вирусын гаралтай ханиад томуу бол биш юм. Эрдэмт хүний гараар бүтсэн химийн аргаар бүтээгдсэн тахал буюу хөнөөлт хор. Тийм ч учраас дэлхий даяар өдөр бүр 655.000 хүн энэ халдвараар халдаж байна. 20.000 гаруй мянган хүний эрдэмт амь эрсдэж байна. Ийм хүнд үед сэтгэлийн хөөрлөөр улс төржиж, ямар нэг байдлаар иргэдээ үймүүлэх, айлгах, төр засгийнх нь эсрэг турхирах нөхцөл хэнд ч байж болохгүй. Төсвийн буцаах зүйл нь ковидын төсөв байхгүй юм. Мөнгө байхгүй байгаа юм тиймээс тэгээд байгаа юм гэж байна. Мөнгө байна.

Вакцин дээр 2020 онд 31 тэрбум төгрөг, 2021 онд 24 тэрбум, мөн эрсдэлийн санд 30 гаруй тэрбум төгрөг байна. Энэ мөнгөнүүдийг үзэхээр вакциний мөнгө бидэнд байна. Харин бид мөнгөө төлөөд авах уу эсвэл Дэлхийн хөтөлбөрт хамрагдаж байгаад оочер дугаараа урагшлуулах уу гэж ярьж байгаа юм. Энэ бол дараагийн асуудал. Тодотгол хийхгүйгээр ямар нэгэн байдлаар төсөв өөрчлөхгүй бол болохгүй нь ээ гэдэг зүйл бол бас биш юм. Тийм учраас энэ нөхцөл байдлын хүрээнд бид нар 2020 оны 4-р сарын 29-нд цар тахлын тухай хууль баталсан. Энэ хуулийн зорилго бол ийм.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг ЗГ-т онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах шийдвэрийг олгосон. Энэ хуулийн 2 -р бүлгийн 7.1.2-т Батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд хөрөнгийн болон урсгал, төсвийн зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгосон. 2-р бүлгийн 7.1.5-д Цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгж байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлнэ гэжээ. Хуулиараа ийм эрхтэй учраас үүнд зохицуулалт хийж явуулаад байх бололцоотой. Цар тахлын тухай хуулийн асуудлаар үүнийг зохицуулах бололцоотой. Мөнгө байхгүй учраас энэ төсвийг буцаах ёсгүй юм.

НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль гарчихлаа. Ипотек, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, татвар, түрээс, утаагүй түлшний хөнгөлөлтүүд Улсын төсөв дээр том дарамт болно. Ийм байгаа учраас Засгийн газар төсвийн тодотгол хийнэ гэж хэлж байна. Татвар байж төр оршдог учраас татварыг бүрдүүлдэг аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв.

Энэ үед Ерөнхийлөгчөөс орж ирсэн ажил хэрэгч саналуудыг тусгаад явах нь зүйтэй. Ажлын байраа хадгалж үлдэх, иргэдээ ажил орлоготой байлгах, эдийн засгаа царцаахгүй байх, эдийн засаг дах мөнгөний эргэлтийг хэвийн байлгах. Хөнгөлөлттэй зээл олгох, татварын болон бусад хөнгөлөлтийн бодлогоор дэмжих.

Энэ зүйлсийг шат дараатай авч үзэх ёстой. Үүндээ ЗГ, Сангийн яам  бэлтгэлтэй байх ёстой. Тооцоо судалгаатай, аль нь чухал, чухал биш хойшлуулж болох зардал вэ гэдгээ тооцож ирэх шаардлагатай. Энэ зардалуудаа сайхан жагсааж байгаад оруулж ирээд явбал улс орны эдийн засаг царцахгүй, зогсохгүй явах ёстой. Хамгийн гол нь иргэдийн ажлын байрыг хадгалж үлдэх, орлогыг нь таслахгүй байх нь чухал. Энэ бүх зүйлүүдээ харж байх, анхаарч ажиллахыг хүсэе.