2020.10.27

С.Чинзориг: Хэдэн төрлийн халамжийг болиулж, хэдэн хүнийг ажилтай болгох вэ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан хэлэлцлээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:

259.9 тэрбум төгрөгөөр халамжийн зардлыг бууруулах боллоо гэсэн байна. Хэчнээн нэр төрлийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн тусламж үйлчилгээг байхгүй болгож байна вэ? Үүнийг хөдөлмөрлөлтийг дэмжих санд шилжүүлнэ юм байна. Тэгвэл үүнд хэчнээн төгрөг нэмэгдэж байна вэ? Хэчнээн хүнийг ажлын байртай болгох гэж байна вэ? 150.000 ажлын байр бий болгоно гэснээс 2021 онд хэд нь ажлын байраар хангагдах гэж байна вэ?

Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгоод 2021 оны 5 сард мөнгөжүүлнэ гээд хууль гарсан. Үүнийг хэрхэн яаж мөнгөжүүлэх вэ? Үүнд төсөв дээр тусаж байгаа асуудал байна уу?

Халамжаас хөдөлмөрт оруулна гэж юу гэсэн үг вэ? Одоогийн халамжийн тэтгэвэр тэтгэмж нь амьжиргааны хэмжээнээс доогуур тэтгэмж өгчхөөд үүнийг хавтгайрлаа гэж салбарын сайд ярьж буй нь хэр оновчтой вэ? Амьжиргааны түвшингээс дээгүүр хэмжээний тэтгэвэр тэтгэмж өгөх хэрэгтэй. 

Ирэх оны төсөв дээр Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдлээс хэчнээн тэрбум төгрөгийг нэмж тооцож байна вэ? Энэ жилийн Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого давах уу эсвэл тасрах уу? Эрүүл мэндийн даатгалын сан энэ жил хэчнээн тэрбум төгрөгөөр тасрах вэ? Энэ оны үлдэгдэлээс хэчнээн тэрбум төгрөгийг ирэх оны даатгалын санхүүд оруулна гэж тооцож байна вэ?

Түүний асуултанд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа хариуллаа.