Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригыг хэлэлцэж Ерөнхийлөнчийн хоригийг хүлээн авсангүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригыг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцууллаа.
ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Ардчилсан намын байр суурийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.
Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна.
Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн байна.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөж, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигт дурджээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны улсын төсөвт нэгд, төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, хоёрт, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох, гуравт, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дөрөвт, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан юм.
Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан нар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Мөн хоригийн талаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, намын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан юм.
Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Л.Энх-Амгалан, Т.Доржханд, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, М.Оюунчимэг, Б.Жавхлан, “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, “Эзэн Чингис хаан” танхимаас Ш.Адьшаа, С.Чинзориг, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, “Үндсэн хууль” танхимаас Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл нарын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин худалдаж авахын тулд манай улс Дэлхийн банкны төсөлд хамрагдаж, олон улсын сүлжээнд нэгдэж байгаа. ДЭМБ, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөлд хамрагдсанаар манай улс тэргүүн ээлжинд вакцин авахын зэрэгцээ худалдаж авах вакцины 20 хувийг үнэгүй, үлдсэн хэсгийг нь хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломж нээгдэж байгаа. Энэ талаар Засгийн газар удаа дараа яриа хэлцэл хийж, идэвхтэй ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаагаа дурдав. Түүнчлэн Ерөнхийлөгч төсвийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьсан бол хүлээн авч засаж залруулах боломж байсан, гэтэл 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь хориг тавьсан учраас цаг хугацааны хувьд ч хоригийг хүлээн авах боломжгүй байна гэдгийг хэллээ. Зарим гишүүд ч ийм саналтай буйгаа илэрхийлж байв.
Мөн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар вакцин худалдаж авахад төсөвт огт мөнгө суулгаагүй биш, 2020 оны төсөвт 30 тэрбум, 2021 оны төсөвт 20 тэрбум төгрөг суулгасан. Бас Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг ашиглах боломж байгаа. Вакцин авах асуудлаар Дэлхийн банканд хүсэлтээ тавьсан, үүний гол учир нь олон улсын энэ хөтөлбөрөөр дамжуулж вакцин авбал хурдан ирэх боломжтой, мөнгөтэй улс орнуудаас хоцрохгүйгээр худалдан авалт хийх боломж бүрдэх юм. Энэ боломжийг ашиглах гэж л Дэлхийн банкны хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд вакцин авахыг боломжтой бүх аргаар ярьж хөөцөлдөж байгаа. Ийм үед асуудлыг улстөржүүлэхгүйгээр бодитой хандах ёстой гэлээ.
Гишүүдийн зарим асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир болон ажлын хэсэгт багтсан Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, С.Ламбаа нар хариулт, тайлбар өгсөн юм.
Төсвийн хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, Б.Энх-Амгалан, Н..Алтанхуяг, Ж.Чинбүрэн, Ш.Адьшаа, Д.Ганбат нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүд таван танхимд хуваагдан хуралдаанд оролцож байгаа учраас санал хураалтыг гар өргөж явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь дэмжив.
Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн Байнгын хорооны саналаар гар өргөж санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82.0 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцож, эцсийн найруулгыг сонсов.