Ц.Мөнх-Оргил: Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг яаж ил тод болгох вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
- 11 сарын 1 ээс үйлчилж эхэлж байгаа хөнгөлөлттэй эмийн төслийн бэлтгэл ажил хэр байна вэ? Дараа жилийн 1 сарын эхнээс эмийн агентлаг ажиллаж эхэлнэ. Эмийн агентлагийг байгуулах бэлтгэл ажил хэр хийгдэж байна. Боловсон хүчнээ цуглуулж чадаж байна уу? Нэгдсэн журмаар чанартай сайн эмийг хямд өртгөөр, нэг үнээр бүх эмийн сангаар борлуулах ажил хэр хангагдаж байна вэ?
- Сангийн яам, Эрүүл мэндийн яам хоёр эрүүл мэндийн санхүүжилтийг шинэчлэх хүнээ дагасан санхүүжилт оруулах том өөрчлөлт хийсэн. 1 сарын 1-ээс хууль нь хэрэгжээд эхэлнэ. Энэ бэлтгэл ажил хэр хийгдэж байна вэ?
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал хаана явж байна вэ? Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн төлөөлөл нь байхгүй байна. Хэзээ орж ирэх вэ?
- Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулна. Ил тод болгоё гээд байгаа ч ил тод болохгүй байна.
- Газрын бүртгэлийг хэрхэн хийх вэ?
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
- Хөгжлийн банкийг ашиглаж томоохон төслүүдийг явуулах бүрэн боломж бий.
- Бүх газар олгогдсон газруудыг нэгдсэн бүртгэлд оруулна. Энэ нь татвар болон бусад зүйлстэйгээ холбоотой байна. Нийт газрын 40 гаруй хувь нь бүртгэгдсэн. Тусгай хамгаалалттай газруудын 2 хувь нь цахим бүртгэлд орсон байгаа. Ингэхээр хэн хэн газар эзэмшдэг нь ил тод болно. Хэдэн төгрөг төлөх ёстой тэрийгээ төлнө. Энэ ажлыг 2021 оны төсөлд оруулж байна. Газар эзэмшдэг бол нэртэйгээ, төлж байгаа татвартайгаа ордог. Татвараа төлөхгүй бол тэрийг нь хүчингүй болгоод явдаг тогтолцоотой болгох хэрэгтэй.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
"Хөнгөлөлттэй эмийг олгохдоо хяналтаа тавьж, очих ёстой хүн дээр нь хүргэх тал дээр бэлтгэл ажлуудыг сайтар хангасан. Хурууны хээтэй уншигчтай болох зэрэг асуудлуудыг шийдвэрлээд 10 сарын 20-оос туршилтын маягаар ажиллаад явж байна. 11 сарын 1-ээс шинэ зохицуулалтаар явахаар хангагдсан байна.
Эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах үүн дээр хуулийн өөрчлөлтүүд орсон. Агентлагийг байгуулах ажил хийгдээд явагдаж байна. Бүтэц болон орон тооны хязгаарыг Засгийн газрын хурлаар орж батлуулах хэмжээнд бэлтгэл ажлаа хангаад явж байна.
2021 оны 1 сарын 1-нээс стратегийн худалдан авагч руу шилжихийн тулд өртгийн жинг тооцоолох ажил нэлээн ажиллагаатай байна. Энэ нь хийгдээд 80 орчим хувьтай явж байгаа. Хяналтыг яаж сайн тавих вэ, олон улсын стандартын програмыг хэрэглэж, програмыг эмч нартаа хангах ажил хийгдээд явж байна. 2021 оны 1 сарын 1 нээс бид нэг худалдан авагчийн тогтолцоо уруугаа шилжих болно".