2020.10.16

С.Ганбаатар: Сайд нараа! та нар мөнгө тараах эрхийн бичиг авчихсан гэж баярлаж болохгүй шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчдаас асуулт асууж, санал хэллээ.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар

"Нэгдүгээрт, яаж танах вэ гэхээс илүү хэрхэн шударга, үр дүнтэй зарцуулах вэ гэдгийг анхаараарай гэдгийг хэлэх гэсэн юм. Сайд нар аа та нар мөнгө тараах эрхийн бичиг авчихсан гэж баярлаж болохгүй шүү. Би та нарыг мөнгө идэж ууна гэсэндээ бус мөнгө идэж уух хамгийн боломжтой байр суурьд байгаа учраас хэлж байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч, иргэд, ААН-үүдтэй зөвшилцөж ажиллах ёстой шүү.. Нийгмийн түншлэлд суурилсан хамтын ажиллагаа өрнүүлэх хуулийн заалтаа мөрдөж ажиллаарай. Төсвөө бүгдээрээ ярилцаж шийддэг соёлыг бий болгоё оо. 

Хоёрдугаарт, Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн олон компаниуд төрийн харалган шийдвэрээр болж шаналж зовж байна. Дарханы замаас болж маш олон ААН, иргэн хохирч байна. Төрийн буруу шийдвэрээс болж иргэд хохирсон бол төр хариуцлага хүлээнээ гэсэн байгаа. Энэ талаар иргэдээс гомдол маш их ирсэн. Би энэ асуудал анхаарлаа хандуулж ажиллана, Танд удахгүй Салбарын сайдад бичиг хүргүүлнэ.