2020.10.28

Г. Амартүвшин: Харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж ачааллаа дийлэх үү?

Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин асуулт асуулаа:

Аудитийн дүгнэлтийг сонсож байхад цахим шилжилт, инновацитай холбоотой 30 тэрбумын төсөв суусан гэж байна үүний задаргааг танилцуулж өгнө үү?

Үндэсний дата төв гэдэг газар нь И-mongolia-ийн гол салбар байдаг.  Харин тоног төхөөрөмжүүд нь хуучирсан байна. Үүнд ямар нэгэн төсөв суусан уу? Технологийн шинэчлэлийг  яаж шинэчлэх гэж байна вэ? 

Төсвийн зардлын задаргааг харахад тоног төхөөрөмж их орсон байна. Яам, агентлагууд өөрсдөө тоног төхөөрөмж худалдан авдаг хэвээрээ юу? Нэгдсэн байдлаар хөрөнгө оруулалтын худалдан авалт хийж болохгүй юу? Энд өөрчилж арга хэмжээ авах боломж байна уу? 

Гарааны бизнесийнхэнд төрөөс дэмжлэг хэрэгтэй байна гэж ярьж байна.  Үүнийг хэрхэн яаж төрөөс дэмжих вэ? 

Түүний асуутанд Харилцаа холбооны мэдээлэл технологийн дарга Б.Болор-Эрдэнэ хариуллаа.