2020.10.22

М.Оюунчимэг: Төсвийн хөрөнгө оруулалтын хувиарлалт тал дээр бид нухацтай хандах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Улаанбаатар хотын дүүргүүдэд орж ирсэн төсвийн хувиарлалт харилцан адилгүй байна. Хан-Уул дүүргийнх гэхэд нэг хүнд ноогдох төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь Баянгол, Чингэлтэй дүүргийнхээс долоо дахин их байгаа юм. Магадгүй Хан-Уул дүүрэг газар ихтэй юм чинь байшин барилга барих хэрэгтэй гээд хөрөнгө оруулалт илүү орж байна гэж тооцож болно. Нөгөө талаасаа Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх гээд гэр хороолол ихтэй, агаар бохирдолтой бидний өмнөө тавиад байгаа агаар, хөрсний бохирдол, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтэцжүүлэх энэ хүрээндээ эдгээр дүүргүүддээ илүү их хөрөнгө оруулах шаардлага байгаад байна. Хүн амын хувьд ч аваад үзэхэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг адил байх жишээтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын хувиарлалт тал дээр бид нухацтай хандах хэрэгтэй байна.