УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
МАН-ын эрх баригчидаа. Эрдэнийн сан субшид дээр нэг үг байна. Муу эзэнд учирсан албат иргэд, сайн эзэнтэй улсын нохой шувуунд үл хүрмой. Бусад улсууд цар тахлын энэ хүнд үед ард иргэддээ санхүүжилт, мөнгөжүүлэлтийн ажлыг хийж байна. Засгийн газар, эрх баригчдаас бид мөнгө гуйгаад байгаа юм биш. Ард түмнээс хурааж авсан, ард түмний мөнгийг, ард иргэдэд нь энэ хүнд үед зарцуулаад өгөхийг л хүсэж байгаа. Үүнд: айл бүрт нэг сая төгрөг, түрээсийг тэглэх, дулаан цахилгааныг тэглэх, ажилгүйдлийн даатгалыг өгөх. Үүнд мөнгө хэрэгтэй. Бид бас гарц гаргалгаа ярьж байгаа. Далд уурхайн музей гэдэг шиг 300 төсөл хөтөлбөрүүд дээрээ нэн шаардлагатай биш 300 барилга байшингаа хойшлуулаад өгөөч гэж ярьж байна. Тэгэхгүй бол ноён нуруу нь хугарах гээд байгаа, хөдөлмөрийн капиталаа алдчих гээд байна.
Хоёрдугаар гаргалгаа бол эзэнтэй, төртэй, байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан нь үнэ юм бол. Одоо зэсийн үнэ 4500-аас 7200 болсон өсөлттэй байна. Алтны үнэ өнгөрсөн үеэс 30 хувиар өссөн. Оюу-Толгой дээр давагдашгүй хүчин зүйлийг учирлаад гэрээнд өөрчлөлт оруулаачээ. Валютын зохицуулалтын хуулийг нэн яаралтай хэлэлцье.
Дараа нь НД-ын асуудлаар ярьж байна. Одоо санал хураалт явагдана. Өрх болгондоо нэг сая төгрөг өгөхгүй гэсэн гишүүдийн нэрсийг ард түмэн хараад аваарай. Түрээс, хувийн хэвшилд байгаа 770.000 хүмүүсийн хувьд хамаатай. Төрд ажиллаж байгаа 200.000 хүмүүсийн асуудлыг бид шийдэж байгаа. Харин хувийн хэвшилийн ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн асуудал дээр бид үгүй гэж хэлнэ гэж байгаа хүмүүсийн нэрсийг хараарай. Бид гарц гаргалгаагүй ярьж байгаа биш. Төсөвт таналт хийе. Нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтыг таная. Оюу-Толгойгоо яръя. Эрдэнэт, Тавантолгой гэсэн авилгалчдын баян бүрдийг номонд нь оруулж, ард түмэнд нь үйлчилдэг болгоё.
Эцэст нь хэлэхэд Оюу-Толгойд бараа бүтээгдэхүүн шахдаг УИХ-ын гишүүд байдаг энэ асуудлыг босгож тавина. Эрдэнэтэд 400 гаруй тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүний үйлчилгээ дандаа гишүүдийн оролцоотой нэр бүхий компаниуд явж байгаа. Энэ асуудлыг босгож тавина. Бид эв зүйгээр асуудлаа ярьж, цар тахлын асуудлыг шийдэх гэж оролдлоо. Харин бид улстөржихгүй байгаа. Гарц гаргалгаатай ард иргэдийн зовлонг ярихаар өөдөөс хууль ашиглаж үгүй гэж хэлнэ гэдэг бол харин жинхэнэ улстөржилт юм. Энэ зааланд бүх амьдрал гоё байна. Асуулаа маш гоё хариулна. Бүх юм гоё байгаа мэт яриад байна. Асуудлыг ийм хүнд байдалд ортол байна гэдэг бол Оюу-Толгой, Эрдэнэт, Тавантолгой болон бусад хөрөнгө оруулалтын барилгуудаас хараат, ашиг сонирхолын зөрчилтэй болсон байна.