2020.10.22

Л.Энх-Эмгалан: Тусгай зориулалтын татвар байна гэдгийг малчдад ойлгомжтой болгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Малын хөлийн татварыг малын хөлийн татвар гэж нэрлэх. Тусгай зориулалтын татвар байна гэдгийг малчдад ойлгомжтой болгох хэрэгтэй. Энэ татвар нь малын үйлдвэр угсаа, бэлчээр сэргээх,  худаг ус гаргах, ногоон тэжээл, малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад зориулна гэж зааж өгвөл зүйтэй юм. Тэгэхгүй бол малчид татвар төлдөг гэтэл энэ мөнгө нь сумын татварын цоорхойг бөглөдөг татвар болчихвий гэсэн болгоомжлол байна. 

Энэ жил малын орлого муу байсныг бид мэдэж байгаа. Малчид орлогогүй болсон учраас ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хэрэгжилтийг нэг жилээр сунгах ёстой юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх гэхээр 42.000 төгрөг, нэг жилийн 504.000 төгрөг худалдаж авч байна. Дунджаар 3-4 жилээр худалдаж авах тухай нөхцөл байдал үүсч байна. Тэгэхээр малчдын санал бол бид нийгмийн даатгалыг худалдан, нөхөж авах гэж байгаа жилээ тухайн жилийнхээ хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй тэнцэх хэмжээтэй байвал яасын бэ гэсэн санал тавьж байна.