Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаанаараа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороодод шилжүүлсэн юм.
Төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг дурдсан. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр бууруулснаар нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,7 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,7 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна.
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авч, хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.